
Сэтгүүлч Виктория Мариноваг хөнөөсөн хэргийг аль болох түргэн сайтар мөрдөн шалгаж, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг Европын комисс Болгар улсад уриаллаа.
Европын холбооны гүйцэтгэх байгууллага “Твиттер” хуудсандаа ийнхүү уриалаад “Хэвлэлийн эрх чөлөөгүйгээр ардчилал оршин тогтнох боломжгүй” гэдгийг онцолжээ.
“Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын гаргадаг “Хэвлэлийн эрх чөлөөний индекс” жагсаалтад Болгар улс 111 дүгээр байрт явна. Энэ нь Европын холбооны гишүүн орнууд дундаа хамгийн доогуур байр гэдгийг “Ройтерс” мэдээлсэн байна. Тус жагсаалтад нийт 180 улсыг багтаадаг юм.
Болгарын хойд бүсийн “Ти-Ви-Эн” телевизийн сувгийн захирал бөгөөд хөтлөгч, 30 настай Виктория Мариноваг балмадаар хөнөөсөн хэрэг саяхан гарсан юм. Энэ сэтгүүлч хамгийн сүүлд Европын холбооны сангийн хөрөнгийг идэж шамшигдуулсан асуудлыг тойрсон дуулиант хэрэг дээр ажиллаж байжээ.
Талийгаачийн ажилладаг байсан “Ти-Ви-Эн” орон нутгийн телевизийн суваг дангаараа дээрх гэмт хэргийн талаар эрэн сурвалжилсан нэвтрүүлэг бэлдэж үзүүлдэг байсан байна. Нэг жилийн дотор Европын холбооны хэмжээнд гурав дахь эрэн сурвалжлах-сэтгүүлч амиа алдаж байгаа нь энэ болж байна.
Өнгөрсөн оны 10 дугаар сард Мальта улсад сэтгүүлч Дафне Каруана Галисия алагдсан бол энэ оны хоёрдугаар сард Словакт 27 настай сэтгүүлч Ян Куциакийг сүйт бүсгүйн хамт хөнөөсөн хэрэг гарсан байна.
Сэтгүүлчийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг уриалав | ||
Үзсэн: 563 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.