Шууд Chart

Б.Нямаа: Монгол улс өрийн дээд хязгаараа эвдээгүй

2014-01-21 07:19:38

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд “улсын өр” 2013  онд дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувиас хэтрэх ёсгүй гэж заасан. Гэвч манай улс үүнд хэдийнэ хүрчихсэн байсан учир өнгөрсөн онд “Самурай” бонд гаргах бололцоогүй байсан юм. Тиймдээ ч 30 тэрбум иенийн “Самурай” бондыг энэ оны эхээр гаргаж, арилжаалсан байна. Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга Д.Нямаатай Монгол улсын өр тойрсон асуудлаар ярилцлаа.

-Энэ онд улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэх ёсгүй хуулийн зүйл заалттай. Сая 290 сая ам.доллартай тэнцэх 30 тэрбум иенийн “Самурай” бонд гаргалаа. Энэ нь хуульд заасан өрийн дээд хязгаарыг эвдсэн гэж үзэж болох уу?
-Бид энэ онд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 20.5 их наяд төгрөг хүрнэ гэж тооцсон. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улсын өр үүний 40 хувиас хэтрэх ёсгүй гэсэн үг л дээ. Үүгээр тооцвол өмнөх дээрээ нэмж энэ онд 1.5 их наяд төгрөгийн зээл авах бололцоотой гэсэн судалгаа гарсан. Тиймдээ ч энэ оны төсөвт шинээр үүсгэх өрийг 1.5 их наяд төгрөг байхаар тусгаж өгсөн. Үүнд гадаадын төдийгүй, дотоодын зах зээлд гаргах бонд бүгд багтах ёстой. Хөгжлийн банкны сая арилжаалсан 290 сая ам.доллартай тэнцэх 30 тэрбум иенийн бонд дээрх 1.5 их наяд төгрөгийн хүрээнд гарсан юм. Өөрөөр хэлбэл, энэ онд тодорхой хэмжээний орон зай гарсан учраас “Самурай” бондыг Японы зах зээлд арилжаалсан гэж ойлгож болно.

-Энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүн тооцоолсон хэмжээнд хүрэхгүй бол, нэмж бонд гаргах асуудал нэлээд хүндрэлтэй болох нь ээ?
-Энэ онд манай дотоодын нийт бүтээгдэхүүн төлөвлөсөн, тооцоолсон хэмжээнд хүрэхгүй бол Засгийн газар бонд болон шинээр үүсгэх өрөө багасгах шаардлага гарна. Тэр ч үүднээс холбогдох байгууллагууд эрсдлийг урьдаас тооцож, нийт гаргахаар төлөвлөсөн “Самурай” бондын тал орчим хувийг гаргалаа. Оны дундаас эдийн засгийн байдал тодорхой болохоор хэдий хэмжээний бонд нэмж гаргах вэ гэдгээ тооцоолох боломжтой болно. Нөгөө талаас Засгийн газар бондын мөнгийг нэг дор бүгдийг нь ашиглахгүй. Хэрэв бүгдийг нь урьдчилж босгочихвол бид тэр хэмжээгээр хүүгийн зардал төлнө. Ингэх нь манайд ашиггүй л дээ. Тиймээс ямар төсөлд хэдий хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ гэдгээ тухай бүрт нь тооцоод шаардагдах бондыг гаргаад явна гэсэн үг.

-Хэрэв дотоодын нийт бүтээгдэхүүн хүссэн хэмжээнд хүрч өсөхгүй бол дахиад л өрийн дээд хязгаарт тулчихаж магадгүй. Үүнээс гарах бас нэг гарц нь холбогдох хуульд өөрчлөлт оруулж дараа дараагийн бондыг гаргах боломжтой харагдаад байгаа?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд манай улсын өр 2012 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувь, 2013 онд 50 хувь, 2014 онд 40 хувь байхаар тусгаж өгсөн. Энэ жилээс хойш байнга ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан юм. Яагаад тодорхой онуудад өрийн хязгаарыг өндөр тогтоож өгсөн бэ гэхээр, Засгийн газар 2012-2013 онд ихээхэн санхүүжилт босгож, тодорхой томоохон төслүүдийг санхүүжүүлэхээр зорьж байсан. Гэвч тухайн үед дэлхийн болон дотоодын эдийн засаг, хөрөнгийн зах, улс төрийн нөхцөл байдлаас хамаараад тооцоолж байсан санхүүжилтээ босгож чадаагүй. 2012 оны сүүлчээр 1.5 тэрбум долларын “Чингис” бонд гаргасан байгаа. Үүнийг эс тооцвол, санхүүжилт босгох цаг хугацаагаа бид алдчихсан юм. Тиймээс хуульд заасан “улсын өр”-ийн дээд хязгаарыг хоёр жилээр сунгая гэсэн хуулийн төслийг УИХ-д өргөн барисан ч, дэмжигдээгүй.

-Засгийн газар 1.5 их наядын зээл авч болохоос гадна 2.5 их наяд төгрөгийн баталгаа гаргаж болно гэж тусгасан. Засгийн газрын баталгааг улсын өрд оруулж тооцдог. Тэгэхээр дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэхгүй, мөн холбогдох хуульд өөрчлөлт оруулахгүй бол засгийн газар баталгаа гаргах боломжгүй болох нь. Гаргалаа гэхэд хүссэн хүсээгүй өрийн дээд хязгаар эвдэж магадгүй харагдаж байна?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар Засгийн газрын баталгаа, өрийн бичиг, бусад төрлийн зээлийг бүгдийг нь улсын өрд оруулж тооцдог. Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцээд УИХ-д өргөн барихад бэлэн болсон. Энэ хуулиар цаашид авах зээл, өрийн удирдлагыг хэрэгжүүлээд явах байх. УИХ-аас 2012 онд гаргасан 52-р тогтоолд Засгийн газарт нийтдээ 5 тэрбум долларын бонд гаргах эрх олгосон. Засгийн газар 2012 сүүлчээр 1.5 тэрбум доллартай тэнцэх бондыг гаргасан. Саяхан 30 тэрбум иений бонд нэмж гаргалаа. Үлдэх бондыг яаж ашиглах вэ. 52-р тогтоолоор зааж өгсөн хөгжлийн шинж чанартай төсөл арга хэмжээг яаж санхүүжүүлэх вэ гэхээр Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр тодорхой болох байх. Бонд нэмж гаргавал ямар байдлаар ашиглах юм. Хэдий хэмжээгээр нэмж гаргах юм гэдгийг шинэ хуулийн хүрээнд шийдвэрлэх байх.

-Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлд тусгасан шинэлэг зүйл. Одоо мөрдөгдөж байгаа хуулиас ялгарах давуу тал?
-Ихээхэн хэмжээний өр үүсгэлээ гэж иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Үүнийгээ ямар төсөл арга хэмжээнд зарцуулах гэж байна. Ашигтай юмуу. Эсвэл ашиггүй юмуу гээд шүүмлэл их гарч байгаа. Тэгвэл “Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл”-д эдгээрийг илүү тодорхой болгож өгсөн. Тухайлбал, шинээр авах гадаадын зээлийг ямар төсөлд зарцуулах юм. Үүнд хэрхэн яаж хяналт тавих вэ. Ямар бэлтгэл ажлыг хангасан байх ёстой вэ зэрэг нарийвчилсан шинэлэг зүйлийг “Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл”-д тусгасан. Үүнээс гадна засгийн газрын баталгааны хувьд цоо шинэ зүйл заалт оруулж байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар бол засгийн газрын баталгааг улсын өрд оруулж тооцдог гэж би түрүүн хэлсэн. Тэгвэл шинэ хуулийн төсөлд засгийн газрын баталгааг улсын өрд оруулж тооцдог аргачлалыг өөрчилж оруулсан.

-Тухайлбал?
-Баталгаа гаргуулсан аж ахуйн нэгж, хуулийн этгээд тухайн зээлээ төлж чадахгүй Засгийн газар төлөх нөхцөл үүссэн үед баталгааг улсын өрд оруулж тооцох ийм зүйл заалт хуулийн төсөлд оруулсан. Ийм нөхцөл үүсээгүй тохиолдолд Засгийн газрын баталгааг улсын өрд оруулж тооцохгүй байхаар тусгаж өгсөн юм. Үүнээс гадна төрийн өмчит аж ахуйн нэгжүүд зээлээ төлж чадахгүй нөхцөл үүсвэл үүнийг засгийн газар хариуцахгүй. Өөрөөр хэлбэл, засгийн газар зайлшгүй төлөх нөхцөл үүсвэл үүнийг засгийн газрын өрд оруулж тооцдог. Бусад үед засгийн газрын өр биш байдлаар хуулийн төсөлд суулгаж өгсөн юм.

-Засгийн газрын баталгааны сантай болох зүйл заалтыг хуулийн төсөлд оруулсан гэж сонссон?
-Тийм. Засгийн газрын баталгааны сан байгуулах тухай харилцааг шинэ хуулийн төсөлд тусгасан. Баталгаа гаргуулагч болон баталгаа гаргагч хоёулаа шимтгэл төлдөг. Нийтдээ 6 орчим хувийн шимтгэл төлөх ёстой гэсэн ийм агуулга явж байгаа. Энэ шимтгэлээр бүрдсэн орлогыг баталгаанаас үүдэн гарах эрсдлийг хаах байдлаар ашиглана. Нөгөө талаас баталгаа гаргуулсан хуулийн этгээдийн хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд тавигдах шаардлагыг өндөрсгөж өгсөн. Баталгаа гаргуулагч нь тодорхой хэмжээний санхүүгийн эрсдэл өөрийн хөрөнгөөр үүрэх тогтолцоог оруулж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл төсөл арга хэмжээнийхээ тодорхой хувийг хариуцдаг, санхүүжүүлдэг ийм зохицуулалтыг оруулж өгсөн.

-Улсын өр тооцдог аргачлалаа өөр болгох нь ээ?
-Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл батлагдвал Засгийн газрын баталгааг өрд оруулж тооцохоо болино. Мөн улсын өрийг тооцож байгаа аргачлалыг өөрчлөхөөр “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хувилбарыг давхар оруулахаар төлөвлөж байна. Одоогоор бид улсын өрийг өнөөгийн үнэ цэнэ гэдэг үзүүлэлтээр тооцож байгаа. Өнөөгийн үнэ цэнээр тооцохоор эдийн засгийн агуулгын хувьд нэлээд зөв боловч энгийн иргэдэд ойлгогдох талаасаа ихээхэн төвөгтэй байдаг. Тиймээс ч илүү ойлгомжтой, хяналт тавих бололцоотой болгох үүднээс нэрлэсэн буюу бодит хэмжээгээр нь тооцдог болгоё гэж байгаа юм. Ингэвэл манай өр дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан хэмжээгээрээ өндөр гарах байх.

-Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн онд 17 их наяд төгрөгт хүрсэн. Улсын өр үүний 50 хувьд хүрсэн буюу 8.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа. Үүнийг төрлөөр нь аваад үзвэл?
-Манай улсын өр дөрвөн хэсгээс бүрддэг. Засгийн газрын өөрийнх нь авсан шууд зээл. Засгийн газрын гаргасан баталгаа. Төрийн болон орон нутгийн өмчтэй байгууллагын гаргасан өр төлбөрүүд. Мөн орон нутгийн өр төлбөр гэсэн ийм дөрвөн хэсгээс бүрддэг.  Бүрдэл хэсгээр нь аваад үзвэл 1990 оноос хойш авч ашигласан хөнгөлөлттэй зээл 2 тэрбум орчим ам.доллараар хэмжигдэж байна. Засгийн газар гадаад зах зээлд “Чингис” бонд гаргаснаар арилжааны гадаад зээл 1.5 тэрбум ам.долларт хүрсэн. Засгийн газрын баталгааны хувьд гурван төрлийн баталгаа бий. Нэгдүгээрт хөгжлийн банкны 2012 онд авсан 580 сая долларын евро бондод гаргасан баталгаа. Сая Японы зах зээлд гаргасан 30 тэрбум иенийн “Самурай” бондод гаргасан баталгаа. Дээр нь МИАТ компани агаарын хөлөг худалдаж авахад зориулж 122 сая ам.долларын баталгаа гаргасан. Үүний цаана төрийн өмчит аж ахуйн нэгжийн өр 1.5 их наяд төгрөгт хүрсэн. Эдгээрээс гадна, Засгийн газрын дотоодын зах зээлд гаргасан бондын өрийн үлдэгдэл 2 их наяд төгрөг байна.

-Төрийн өмчит компаниудын гадаад дотоодоос авсан зээлүүд улсын өрд тооцогдож байгаа гэлээ. Төрийн өмчийн компаниуд дотроос хамгийн их өртэй компанийг нэрлэвэл?
-Компани тус бүрээр нь хэлэх боломжгүй. Ер нь “Эрдэнэт”, “МИАТ” зэрэг төрийн өмчтэй компаниудыг бүгдийг нь оролцуулж, дээрх тоог гаргасан. Үүнд бизнесийн зорилгоор богино болон урт хугацаатай авсан санхүүжилт, эргэлтийн хөрөнгийн зээлүүд бүгд орж байгаа. Төрийн өмчит аж ахуйн нэгжийн 1.5 их наяд төгрөгийн зээлээс хугацаа хэтэрсэн, найдваргүй зээл одоогоор байхгүй.

-Эрдэнэт үйлдвэрийнхэн ашигтай ажилласан ч сүүлийн хэдэн жил зээл авч, хоёр орны засгийн газарт ногдол ашиг тараалаа. Үүнд зориулж авсан зээл хүртэл улсын өрд тооцогдож байгаа юу?
-Эрдэнэт үйлдвэр ямар зориулалтаар зээл авсан, тэр нь санхүүгийн тайлан дээрээ тусгагдаад, Засгийн газрын нэгдсэн тайланд тусгагдаад явдаг. Өөрөөр хэлбэл энэ компанийн авсан зээл бүр улсын өрд тусгагдаад явж байгаа.

-Манай улс Оюутолгойд хөрөнгө оруулсан хуулийн этгээдээс 250 сая доллар, харин Тавантолгойгоос нүүрс авдаг “Чалко” компаниас 350 сая долларын урьдчилгаа авсан. Эдгээр нь улсын өрд тооцогдох уу?
-Эдгээр нь бүгдээрээ засгийн газрын өрд тооцогдоод явж байгаа. Гэхдээ, Оюутолгой болон Тавантолгой компанийн хувьд бид өнгөрсөн оноос татварын суутгалууд хийгээд явж байна. Татварын суутгал хийгдсэн дүн улсын өрөөс хасагдаад явна. Өрийн хувьд засгийн газар цаг хугацаанд нь төлөхөд маш их анхаарч ажилладаг. Одоогийн байдлаар монгол улс өр, зээлийн хүүг ямар нэгэн байдлаар хугацаа хоцруулж төлсөн. Эсвэл найдваргүй болгосон ямар ч тохиолдол байхгүй.

А. Энхтуул

Нийтэлсэн: А.Энхтуул

Б.Нямаа: Монгол улс өрийн дээд хязгаараа эвдээгүй   
Үзсэн: 5922 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-01-21 14:26
Яах нь уу хөөрхийг. Үнэн мэдээлэл өгсөн хүн бүрийг л үзэн ядах юм
103.11.192.xxx [103.11.192.xxx] 2014-01-21 09:08
Ene Nyamaa gej neg hoyor uzuiurtei zuu shig nuhur yu gej medemhiireed bga yum be. Sangiin yamand bugshsan bugnuudiin neg shuu dee. Tseverhen tsarailsan hund surtaltan, barag abilgachin baij6 Chi l bolj ediin zasgiin baidliig medej baigaa baih daa. Hunii tolgoi ugaaj garhsan gar.

Бидэнтэй нэгдээрэй