Шууд Chart

Давсны хэрэглээгээ багасгаарай

2018-12-18 08:52:39

Та давс хэтрүүлэн хэрэглэдэг үү. Магадгүй үгүй гэж хариулах байх. Гэвч насанд хүрсэн монгол хүний давсны хоногийн дундаж хэрэглээ 7.3 гр гэсэн статистик үзүүлэлт гарсан нь та давс хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн үг юм. Насанд хүрсэн хүн өдөрт 5 гр-аас бага давс хэрэглэх ёстой гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна. Энэ нь нэг жижиг цайны халбага ч хүрэхгүй хэмжээ юм.

ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭГ БАГАСГАХ ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ

Цусны даралт буурна.
Даралт буурснаар наснаас тань үл хамааран зүрх судасны өвчин үүсэх, цус харвалтаас сэргийлнэ.
Хэрэв та даралт ихтэй бол хоолынхоо давсыг жаахан хасахад л дөрвөн долоо хоногийн дараагаас эхлэн үр дүнг нь мэдрэх болно.
Таны амтлах мэдрэмж сэргэн, хоол хүнсний жинхэнэ амтыг мэдрэх болно.
Бидний идэж буй давсны ихэнх нь худалдан авдаг талх, хиам, дарсан өргөст хэмх, кетчуп, европ бяслаг, лаазалсан бүтээгдэхүүн, чипс, самар зэрэгт агуулагддаг гэдгийг санаарай.

ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ АРГА

Бага насны хүүхдэд эхнээс нь давс, сахаргүй хоол өгч хэвшүүлээрэй.
Давсгүй цай ууж заншихаас гадна хүнс, хоол бэлдэхдээ давсны хэмжээг өдөр өдрөөр, бага багаар бууруулаарай.

Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын шошгыг сонголт хийхээсээ өмнө сайн унших нь зүйтэй. Жишээ нь, 100гр бүтээгдэхүүнд 0,3гр болон түүнээс бага хэмжээтэй давс агуулсан бол хэвийн гэж үздэг.

Импортын зарим бүтээгдэхүүний шошгон дээр давсны хэмжээг биш, натрийн хэмжээг "Na" гээд ард нь бичсэн байдаг. Ийм тохиолдолд 100граммд 0,1гр ба түүнээс бага хэмжээтэй "Na" агуулсан бүтээгдэхүүнийг нь сонгоорой.

"No added salt" гэсэн бичигтэй буюу давс нэмээгүй лаазалсан ногоо, ургамлыг сонгож хэрэглэх нь хамгийн тохиромжтой.
Лаазалсан мах, шууз, давсалсан загас, европ бяслаг, утсан мах, хиам, нөөцөлсөн ногоо, давсалсан амттан (самар) гэх мэт хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг багасгаарай.

Гадуур хооллох үедээ тогооч, зөөгчид давс багатай хоол идэх сонирхолтой байгаагаа хэлээрэй.
Лаазалсан загас, давслаг амтлагч болох жан, цуу, гич, улаан лоолийн сүмс зэргийн хэрэглээг хязгаарлаарай.
Хоол чанах, амтлахдаа нимбэг, сонгино, сармис, цагаан гаа, халиар, жууцай, лаврын навч, гоньд, яншуй, чинжүү, хүнхээл, мангир, таана болон бусад төрлийн ургамлын гаралтай амтлагч хэрэглэж заншаарай.
Хоол идэхдээ эхэлж амталж үзээд, давс нэмэхгүй байх нь зүйтэй.
Хатаасан жимс, ногоо, давсалаагүй самар зэрэг амттанг тогтмол хэрэглэж хэвшээрэй.
Хоногт хэрэглэх давсны нийт хэмжээ нь хүүхдийн наснаас хамааран өөр өөр байдаг.

Үүнд:

1-3 настай хүүхэд – хоногт 2 грамм давс буюу 0,8 грамм натри
4-6 настай хүүхэд – хоногт 3 грамм давс буюу 1,2 грамм натри
7-10 настай хүүхэд – хоногт 5 грамм давс буюу 2,0 грамм натри
11 ба түүнээс дээш настай хүүхэд – хоногт 6 граммаас бага давс буюу 2,4 грамм натри гэх мэт. 


Давсны хэрэглээгээ багасгаарай   
Үзсэн: 4244 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-18 15:32
давс идээд сайн юм ерөөсөө болохгүй
Зочин [127.0.0.xxx] 2018-12-18 14:24
Худлаа юм бичих хэрэггүй байх. Худлаа цэцэрхэх ч бас хэрэггүй. Үйлдвэрлэсэн хүнсний бүх бүтээгдэхүүнүүд давстай байдгийг мэдэж ав! Аль болохоор гэртээ зөв хооллож байх хэрэгтэй биз дээ.Давс байгалд байдаг болохоор хүний биед хэрэгтэй, Бэлчээрийн мал хичнээн тарган байлаа хүний бие хэрэгтэй. Чихэр байгал дээр байдаггүй учир хэрэглэхгүй байх учиртай юм.

Бидэнтэй нэгдээрэй