
Япон улс Халим агнуурын олон улсын комиссоос гарахаар болжээ. Энэ тухай Японы засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга өнөөдөр Токиод мэдээлэл хийсэн байна. Япон улс 30 жилийн турш халим агнахаас түдгэлзэж байсан гэх боловч тус улсын их дэлгүүр, зоогийн газруудад халимны мах цөөнгүй таардаг. Японы сайд нарын танхим дээрх шийдвэрийг өчигдрийн хуралдаанаараа баталжээ. Үүний зэрэгцээ тус улс Халим агнуурын олон улсын комисст ажиглагчийн статустайгаар оролцох юм байна.
Мөн Япон өөрийн нутаг дэвсгэрийн усанд халим агнана гэжээ. Токиогийн энэ гэнэтийн шийдвэр халим агнуурыг буруушаагч улс орнуудын эсэргүүцэлтэй тулгарах нь дамжиггүй. Япон улс энэ шийдвэрээ 1 дүгээр сарын 1-д Халим агнуурын олон улсын байгууллагад мэдэгдэж, улмаар ирэх оны 6 дугаар сарын 30-наас албан ёсоор тус комиссоос гарахыг “Киодо” агентлаг уламжилжээ. Түүнээс гадна Япон улс олон улсын байгууллагуудаар дамжуулж далайн нөөцийг хамгаалахад уриалдаг НҮБ-ын далайн эрхийн конвенцид нэгддэг. Түүнд далайн сүүн тэжээлт амьтдын нөөцийг хамгаалах зорилгоор улс орнууд хамтран ажиллахаар заасан байдаг. Харин халим хэлбэртнүүдийн тухайд, тэдгээрийг хамгаалах зорилготой олон улсын байгууллагуудаар дамжуулан нөөцийг зохицуулж, судалгаа шинжилгээ явуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг байна. Халим агнуурын олон улсын комиссоос гарснаар Япон улс 1987 оноос хойш цөөн тооны халим барих замаар үргэлжлүүлж байсан Антартид дахь халим судлалын ажлаа эрхлэх аргагүй болох юм.
Япончууд халимны мах хоол хүнсэндээ хэрэглэхийг өөрсдийн үндэсний уламжлал ёс заншилтай холбон тайлбарладаг. Энэ мэдээлэлтэй холбогдуулан “Киодо” агентлаг, дайны дараах жилүүдэд дунд сургуулийн хоолны цэсэнд хүртэл багтаж байсан халимны мах тус улсын ард иргэдийн амь зогоох гол хүнс болж байсныг сануулсан байна. Өнгөрсөн зууны 60-аад оны үед япончууд өдөр тутмын хүнсэндээ 200 мянга хүртэл тонн халимны мах хэрэглэдэг байсан бол, сүүлийн жилүүдэд энэ хэрэглээ 5 мянган тонн болтлоо буурсныг тус агентлагийн мэдээнд дурджээ.
Япон улс Халим агнуурын олон улсын комиссоос гарахаар болжээ | ||
Үзсэн: 1297 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.