Шууд Chart

Э.Анхбаяр: Хоёр төрөлд түрүүлж, Н.А.Римский-Корсаковын нэрэмжит тусгай шагналтай эх орондоо ирлээ

2018-12-27 10:22:02

МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн “Зочны цаг” хөтөлбөрт Оросын суут хөгжмийн зохиолчдын нэг Н.А.Римский-Корсаковын нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын XI уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцож, дуурь, романс гэсэн хоёр төрөлд тэргүүн байрт шалгарсан, “Опера бург гарс” театрын гоцлол дуучин Э.Анхбаяр оролцлоо.

-Юун түрүүнд энэ том нэр хүндтэй уралдаанд эх орноо төлөөлөн оролцож, хоёр ч шагналын эзэн болсонд үзэгчдийнхээ өмнөөс баяр хүргэе.

-Баярлалаа. Энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Энэ уралдаанд эх орноо төлөөлөн оролцож, энэ хүндтэй шагналыг авчирсандаа маш их баяртай байна.

-Н.А.Римский-Корсаковын нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын уралдааны талаарх мэдээллийг уншигчдад танилцуулаач. Олон улсын хэмжээнд хэр нэр хүндтэй уралдаан бэ. Өмнө нь Монголоос дуулаачид оролцож байсан уу?

-ОХУ-д зохион байгуулагддаг томоохон уралдааны нэг. Манай иргэдийн мэддэг Чайковскийн уралдаантай нэг чансааных. Хойд хөршид толгой дөрвөн хөгжмийн зохиолч байдаг. Тэдний нэг нь Н.А.Римский-Корсаков учир түүний нэрэмжит уралдаан олон улсын хэмжээнд зохион байгуулдаг уламжлал тогтсон. Өмнөх уралдаануудад түрүүлсэн дуучид бүгд дэлхийн хэмжээний од болсон. Энэ сайхан уралдаанд нэгдүгээр байрын шагнал авсандаа билэгшээж байна. Энэ тэмцээнд өмнө нь Монголоос бид бүхний бахархал болсон гавьяат жүжигчин, дуурийн дуулаач П.Ганбат агсан оролцож, дэд байрт шалгарч байсан. Өмнөх уралдаанд манай найз, дуурийн дуучин Ч.Бадрал оролцож дэд байрт, дуурийн дуучин Т.Энхбат гуравдугаар байрт шалгарсан. Нэгдүгээр байрын шагналыг хараахан Монгол хүн аваагүй байсан. Миний бие авах хувьтай байжээ.

-Энэ жил хэдэн орны хэчнээн уран бүтээлч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын уралдаанд ямар төрөлд өрсөлдсөн бэ?

-Дуурийн дуулаачдын уралдаан ари болон романс гэсэн хоёр төрлөөр зохион байгуулагддаг. Зарим уралдаан аригаар голчилдог бол бусад уралдаан хоёр төрөлтэй болдог. Энэ уралдаанд 20 гаруй орны 140 дуучин дуурийн төрөлд, романс төрөлд 70 гаруй дуучин өрсөлдсөн. Би хоёр төрөлд тэргүүлснээс гадна Н.А.Римский-Корсаковын бүтээлийг сайн дуулсан хэмээн үнэлүүлж, хөгжмийн зохиолчийн нэрэмжит тусгай шагнал хүртэж гурван шагналтай эх орондоо ирлээ.

-Та ямар бүтээл дуулж өрсөлдөв?

-Эл уралдаанд хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын бүтээлээс дуулдаг. Мөн барууны сонгодог бүтээл болон орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүтээл зэрэг маш олон төрлөөс сонгодог.  Миний хувьд Н.А.Римский-Корсаковын дэлхий дахины бүх дуучны дуулахыг хүсдэг гайхалтай романсыг дуулж, тусгай шагнал хүртсэн. Мөн Италийн Верди болон Жордано хөгжмийн зохиолчийн ариг дуулж эл уралдаанд оролцсон.

-Уралдаан хэдэн үе шаттай зохион байгуулагддаг вэ?

-Оролцогчид эхний шатанд хоёр бүтээл дуулж өрсөлддөг. Шалгарсан дуучид хоёрдугаар шатанд оролцох эрхээ авч, гурван бүтээл дуулна. Энэ шатнаас финал руу 10 орчим оролцогч шалгарч, хоёр бүтээлээр өрсөлдсөний ард эцсийн дүнг гаргадаг. Дуурь болон романс төрөл хоёулаа ийм дүрмээр зохион байгуулагдаж өндөрлөсөн.

.А.Римский-Корсаковын нэрэмжит олон улсын уралдааныг дуурийн дуулаачдын “дэлхийн аварга” гэж нэрлэдэг юм билээ. Ер нь дуурийн дуулаачдын хэчнээн тооны уралдаан тэмцээн байна. Ямар уралдааныг нь “олимп” хэмээн нэрийддэг вэ?

- Н.А.Римский-Корсаковын уралдаан B ангилал буюу дэлхийн аваргын ангилалд байдаг. Чайковскийн болон Вердийн дуу хоолой Италд зохион байгууллагддаг уралдаан А зэрэглэл буюу Монголчуудын хэлж заншсанаар “олимп” ангилалд багтдаг. Гэтэл Монгол Улс ангилалд оруулаагүй үүнээс олон том тэмцээн бий. Манайд сонгодог урлаг их хойно хөгжсөн. Тэрний улмаас  өмнө нь мэдээлэл бага байдаг байсан. Одоо бол цахим орчин сайн хөгжсөн учир уралдааны мэдээллийг цаг тухайд нь авч чаддаг болсон. Өмнө нь мэдээлэл хомсоос болоод зөвхөн П.Ганбат агсны оролцож байсан уралдааныг Монголд бүртгээд А, В ангилалд оруулсан. Үүнээс болж бага зэрэг учир дутагдал гарч байгаа. Хэтэрхий том зэрэглэлтэй тэмцээнд нь зарим дуучин очиж чадахгүй байх эсвэл чансаа багатай уралдааныг А зэрэглэл рүү оруулсан байх жишээтэй. Одоо энэ ангилалдаа шинэчлэл хийх цаг болсон гэж санагдаж байгаа. Нэрлээд байвал Франц, Данийн хатан хааны нэрэмжит зэрэг дэлхийд илүү алдартай уралдаан олон бий. Европчууд энэ урлагаа 500 жилийн турш хөгжүүлээд ирсэн учир маш их ач холбогдол өгч, анхаарал хандуулдаг. Улсаас нь бодлогоор дэмждэг. Бүх зүйл хараа хяналттай байдаг учир уралдаан, дуурь, сонгодог урлаг маш  сайн хөгжсөн. Бүр тултлаа хөгжөөд гурав дахь шат руугаа орж байна.

-Том уралдаанд түрүүлсэн дуурийн дуулаачид ажлын болон хамтран ажиллах санал хэр их ирдэг вэ. Таныг энэ шагналыг авсны дараа ирэв үү?

-Ер нь олон улсын уралдаанд оролцож байхад ажлын болон тоглолтын гэрээ байгуулах тохиолдол олон гардаг. Энэ удаагийн уралдааны хувьд би Испанид очиж “Богема” дуурьд дуулах тохироо хийсэн. Гэрээгээ бол албан ёсоор үзэглээгүй. Өмнөх удаагийн уралдаануудаас Унгар, Австрийн театрт дуулах гэрээ хийж байсан. Дуучдын хувьд 32 хүртэлх нас бол уралдааны нас. Дуурийн залуу дуучид энэ нас хүртлээ уралдаж байж, өөрийн өмнө байгаа хаалгаа нээдэг. Тэрнээс Монголдоо дуулж байснаа шууд дэлхий рүү гараад явчихна гэсэн ойлголт тун ховор. Бараг байхгүйтэй адил. Явсны хүчинд л дээшээ гарна. Манай улсаас Э.Амартүвшин, Г.Ариунбаатар, Ч.Бадрал маш их хүч хөдөлмөрийн үр дүнд дэлхийн театрт дуулж байна. Тэрнээс Монголдоо сургуулиа төгсөөд ч юм уу, дуурийн театртаа дуулж байгаад шууд дэлхийн театрт дуулсан “түүх” биш. Өөрийнх нь хөлс хүч урсаж байж, багш нарынхаа үгийг дагаж байж тэнд очсон байгаа. Үүнийг үзэгч түмэн минь, төр засаг минь ойлгоосой. Манайхан чадаж байгаа зүйлийг тоохоо больчихдог. Угаасаа очоод л шагналыг нь аваад ирдэг юм гэсэн сэтгэхүйтэй. Битгий тийм байгаасай. Өнөөдөр Монголоос олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд оролцож буй цөөхөн хэдэн хүн л бий. Тиймээс дэмжээсэй. Дараа дараагийн үеийн залууст сайхан үлгэр дууриалал болно. Тухайн уран бүтээлчдэд урам зориг болно. Зөвхөн бид нар өөрсдийгөө гэж байгаа юм биш. Бид нар заавал хүнээс гуйгаад байхааргүй өөрсдөө болгохоор болчихсон. Тиймээс дараа дараагийн залууст сайхан дэмжлэг үзүүлээсэй гэж миний хувьд хүсмээр байдаг юм.

-Монгол Улсын уран бүтээлчид олон улсын дуурийн дуулаачдын томоохон уралдаанд өндөр амжилт үзүүлж байгаа тухай мэдээлэл байнга иргэдэд хүрдэг. Манай дуурийн дуучид дэлхийн чансаанд маш ойрхон бүр мөр зэрэгцэн алхаж байна. Дуурийн дуулаачдын оргил цэг нь юу вэ. Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас шагнал хүртэж, нэр хүнд нь өссөний үр дүнд хаана хүрэх ёстой вэ?

-Хүн ямар нэг зүйлийн оройд гарна гэж байдаггүй. Оргил руу тэмүүлсээр байгаад энэ насыг дуусгадаг. Сонгодог урлаг, дуурийн дуулаачдын хувьд оргил гэвэл бүр ханашгүй оргил нь том театруудад очиж дуулах, улирал бүр тоглолтод орох. Энэ бол дуучин хүний хамгийн том хүсэл мөрөөдөл. Зөвхөн миний хувьд ч гэлтгүй бүх дуурийн дуулаачийн эрхэм зорилго. Манай дуурийн дуулаачид эхнээсээ дэлхийн том театруудад дуулаад эхэлсэн. Дараа дараагийн уран бүтээлчид энэ амжилтыг давтах, ахиулах байх.

-Та Австрийн “Опера бург гарс” театр хэзээнээс ажиллаж эхлэв?

-Би энэ оны долоодугаар сараас тус театрын дуурьт дуулж эхэлсэн. Дараагийн дуурь, тоглолтод орох гэрээ хийгдээд явж байгаа.

-Таны дараагийн нүүдэл буюу оролцох тэмцээн зорилго, зорилт юу вэ?

-Хоёр жил тутамд олон улсын уралдаан, зарим томоохон тэмцээн дөрвөн жил болгонд нэг удаа зохион байгуулагддаг. Жишээ нь, Чайковскийн уралдаан гэхэд олимп шиг дөрвөн жилд нэг удаа болдог. Өндөр шагналтай ийм уралдаан санхүү талаас шалтгаалж , цаг хугацаа нь хол байдаг байх. Европын өндөр хөгжилтэй оронд том уралдаан жил болгон дараалж болдог. Тэмцээн зохион байгуулагддаг хугацаа өөр хоорондоо ялгаатай. Үнэхээр тухайн дуучны хүч чансаа хүрээд, би оролцоно гэсэн сэтгэлтэй байвал дэлхий даяар 100, мянган уралдаан байгаа. Гагцхүү хувь хүний чанар чансаа боломж бололцоо мэднэ.

-Олимпийн хэмжээнд үнэлэгддэг тэмцээнд оролцоход олон улсын уралдаанаас шагнал авсан байх ёстой эсвэл дор хаяж төчнөөн жил дуулсан байх ёстой гэдэг шалгуур бий юу. Оролцохыг хүссэн дуучин болгон очиж өөрийгөө сорих боломж байдаг уу?

-Оролцохыг хүссэн дуурийн дуулаач болгон бичлэгээ явуулж болно. Бичлэгээ явуулсан дуулаачдаас шалгаад 15-20 оролцогчийг бүртгэдэг. Дэлхийн олон орноос 5-10 мянган дуулаач бичлэгээ явууллаа гэхэд тэднээс шалгаад зөвхөн 20 оролцогчийг л бүртгэж авна.

-Сонгодог урлаг өндөр хэмжээнд хөгжсөн орны уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн ажиллаж, уралдахад дутагддаг зүйл бий юу?

-Хувь хүний мэдлэг, боловсрол талаасаа монголын дуурийн дуулаачид давж гарна уу гэхээс дутагдах зүйл байхгүй. Манай дуучдын ганц дутагдал гэвэл хөгжмөөр дагнасан сургалттай ерөнхий боловсролын сургууль төгсөөгүй дуучид байдаг. Тэрнээс хоолой, дуулах чадварын хувьд дутах юм байхгүй. Гаднын улсад очиход тухайн орны уран бүтээлчдийн ажилладаг, дуулдаг театр, концертын танхим,  төгөлдөр хуур зэрэг эдлэл хэрэглэл бүх л зүйл нь гайхширмаар байдаг. Жишээ нь, Казахстаны төрөөс Астана хотын театрын архитектураа Италийн мэргэжилтнүүдээр гаргуулж, бариулсан. Мөн менежментийг нь Италийн мэргэжилтнүүд хийсэн. Улсаас бодлогоор ийм том дэмжлэг үзүүлж байна. Мөн БНСУ л гэхэд бүх ирээдүйтэй дуурийн дуулаачаа Итали, Германд сургаж, боловсрол эзэмшүүлж байна. Өмнөд Солонгост бүх эрчүүд цэргийн алба хаах ёстой тийм хатуу хуультай. Гэхдээ дуурийн дуулаачид олон улсын тэмцээнээс том шагнал хүртвэл цэргийн албанаас чөлөөлдөг. Тиймээс уралдаанд оролцдог солонгос дуулаач их. Сүүлийн үед БНСУ-ын залуу дуулаачид дээгүүрт явж байна. Араас нь Монголын дуурийн дуулаачид орно.

-Таны хувьд Австрийн “Опера бург гарс” театрт ажиллаж байгаа. Тухайн орны театрт ажиллах эх орондоо ажиллахаас ямар ялгаатай вэ?

-Мэдээж орчин нөхцөл, цалин хөлс маш их ялгаатай. Монголд бүтэн жил ажиллаад авах цалинг Австрийн театрт нэг дуурийн тоглолтод ороод авах жишээтэй. Хувь хүн эх орондоо хийж бүтээмээр байна. Монголын театр зарим талаараа хэцүү. Төр засагтаа, уран бүтээлчиддээ ч асуудал бий. Эрс шинэчлэлт хийх цаг нь болсон байх. Одоо чинь XXI зуун. Социализмын үеийн бодлогоор яваад байхгүй пи-ар, маркетинг, сурталчилгаа тал дээрээ анхаарвал манай Монголын театр улам хөгжих байх.

-Австрийн театртай хэдэн жилийн гэрээ байгуулсан бэ. Өөр улсын театр давхар ажиллах боломжтой юу. Монголдоо ирж ажиллах уу?

-Нэг дуурь, тоглолтоор гэрээ сунгадаг. Давхар өөр театрт ажиллаж болно. Олон улсад дуурийн дуулаачид хэд хэдэн театрт тойрч дуулж, ажиллаж байгаа.

-Дэлхийн хэмжээнд аль орны дуурийн дуулаачид толгой цохиж байгаа вэ?

-Мэдээж Италийн дуулаачид. Хойд хөршийн уран бүтээлчид мөн мундаг. Ингээд харахад АНУ зэрэг хөгжингүй орны дуурийн дуучид илүү байна. Залуу дуулаачдын хувьд манай Э.Амартүвшин бараг нэгдүгээрт явж байгаа. Дэлхийн чансаанд Э.Амартүвшинг давж гарах баритон хоолойтой дуучин байхгүй гэж бодож байна. Угаасаа ч тийм. Э.Амартүвшин Итали, Франц Европыг байлдан дагуулж байна.

-Та өөрийн уран бүтээлийн тоглолтоо эх орондоо хийхээр төлөвлөсөн үү. Тийм боломж бий юу?

-Монголд тоглолт зохион байгуулах их хэцүү. Би өмнө нь хоёр удаа тоглолт зохион байгуулсан ч жаахан хаширсан. Төгөлдөр хуурчтай тоглолт хийхэд асуудалгүй, болно. Тэрнээс оркестртай тоглолт зохион байгуулвал тэр олон хүнийг нэг дор байлгана. Гаднаас удирдаачаа авчирна. Бэлтгэл сургуулилт хийх, байрлах газар гээд л маш хүндрэлтэй байдаг. Гэхдээ ийм олон асуудал бий гээд хаширлаад байвал хэн хийх вэ. Тиймээс тоглолт зохион байгуулна. Ирэх оны нэгдүгээр сард Испани руу явах ажилтай тул ойрын хугацаанд тоглолтоо төлөвлөөгүй байгаа. Ирэх хавар мөн гадны орнуудаар явах шаардлагатай. Тиймээс чадвал хавар, чадахгүй бол намар сонгодог урлагийн тоглолт хийх бодолтой байна.





Нийтэлсэн: Moнголын мэдээ

Э.Анхбаяр: Хоёр төрөлд түрүүлж, Н.А.Римский-Корсаковын нэрэмжит тусгай шагналтай эх орондоо ирлээ  
Үзсэн: 1543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй