Шууд Chart

Британийн эргийн хамгаалалтынхан хууль бус цагаач суусан завь саатуулжээ

2018-12-27 12:48:44

Мягмар гаригт шилжих шөнө Британийн эргийн хамгаалалтынхан Ла-Маншийн хоолойгоос хэдэн арван хууль бус цагаач суусан завь саатуулсан байна. Зул сарын өмнөх шөнө буюу орон нутгийн цагаар үүрийн 4 цагийн орчимд Кентийн ванлигийн эрэг орчмоос 12 цагаач иргэн, нэг хүүхэд суулгасан завь саатуулжээ. Бас тэр шөнө Фолкстон боомтод ирж зогссон өөр нэг завинд 8 зорчигч явсны дотор бас нэг охин явсан байна.

Британийн дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, тэдгээр цагаачдын дийлэнх нь Иран, Ирак, Афганистаны иргэд байжээ. Ийм маягаар тэр шөнө нийт 4 завь хөлөглөсөн 40 хүнийг Британийн эрэгт хүрэх замд нь амдан саатуулсан байна. Тэдгээр бүх цагаачдыг эмнэлгийн үзлэгээр оруулж, дүрвэгчдийн албанд хүлээлгэж өгсөн бол, хүүхдүүдийг нийгмийн ажилтнуудад хариуцуулжээ. “Ла-Маншийн хоолойгоор хууль бус цагаачдыг жижиг завьтай нэвтрүүлэх бүх оролдлогын ард зохион байгуулалттай гэмт бүлгүүд байгаа нь тодорхой байна.

Хүмүүсийн амь насыг аюулд оруулж байгаа тэдгээр бүлгийг илрүүлж устгахын тулд бид Францын хууль сахиулагчид болон бусад түнштэйгээ нягт хамтран ажиллаж байна” гэж Британийн дотоод яамны төлөөлөгч ярьсан байна. Мөн цагаачдын амь насанд аюул учрахаас сэргийлэхийг гол зорилгоо болгон ажиллаж байгаа гэдгээ Британийн эргийн хамгаалалтын алба мэдэгджээ. Цагаачид жижиг завьтайгаар Британи руу нэвтрэхийг завдах болсоор хэдэн сарын нүүр үзэж байгаа. Өнгөрөгч 11 дүгээр сарын 2-наас хойш Ираны 101 иргэн, түүний дотор 4 хүүхэд Британийн эрэгт завиар хүрч очжээ.

Өнгөрөгч бямба гаригт мөн Францын эргийн хамгаалалтынхан 14 том хүн, 2 хүүхэд суусан завь Британийн чиглэлд явсныг саатуулж байсан байна. Зарим шинжээч, Иранаас цагаачдын урсгал ийнхүү нэмэгдсэнийг Иран болон Сербийн хоорондох визгүй зорчих журам цуцлагдсантай холбон авч үзэж байна. Уг журам үйлчилж байх үед Ираны дүрвэгчид голдуу Белградаар дамжин Европ руу гардаг байжээ. 


Британийн эргийн хамгаалалтынхан хууль бус цагаач суусан завь саатуулжээ  
Үзсэн: 1132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй