Шууд Chart

АНУ-ын засаг захиргааны зарим байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоолоо

2019-01-03 12:08:06

Америкийн засаг захиргааны байгууллагуудын хэсэгчилсэн зогсолт үргэлжилж байна. Лхагва гарагт л гэхэд Смитсоны музей, Вашингтон дахь Үндэсний амьтны хүрээлэн зэрэг байгууллагууд өнгөрөгч 12 дугаар сарын 22 нд хаалгаа барьж эхэлсэн Америкийн засаг захиргааны байгууллагуудын тоонд орж, үйл ажиллагаагаа зогсоосон байна.

Барууны хэвлэлүүдэд энэ талаар Холбооны засгийн газрын 800 мянга орчим ажилтан цалин хөлсгүй ажиллаж, эсвэл түр хугацаагаар ажлаа зогсоох хэрэгтэй болсныг мэдээлж байна. Гэхдээ үндэсний аюулгүй байдлын болоод тусгай үйлчилгээний үүрэг хүлээсэн хүмүүс үүргээ гүйцэтгэсэн хэвээр байгаа юм. Ингэснээр Америкийн засаг захиргааны зарим байгууллагууд 12 дахь өдрөө үйл ажиллагаагаа зогсоож байна. Төрийн байгууллагуудын 25 хувь нь төсөв мөнгөгүй байна гэсэн мэдээ байна.

Конгресс дахь Бүгд найрамдах намынхан болоод Ардчилсан намын хууль тогтоогчдын аль аль нь Америкийн ерөнхийлөгч Доналд Трампын шаардаж буй Мексикийн хил дагуу босгох хилийн ханын санхүүжилтийг гаргахаас татгалзаж байгаа бөгөөд энэ нь Америкийн засаг захиргааны байгууллагуудын төсөв санхүүжилтийг батлахад гацаа үүсгээд байгаа юм. Лхагва гарагт Трамп энэ талаар 2 намын гол төлөөлөгчидтэй уулзахдаа, хилийн хана босгоход санхүүжилт гаргуулахын тулд байж болох хугацаагаар нь засгийн газрын байгууллагуудын үйл ажиллагааг зогсонги байлгана гэж мэдэгджээ.

Харин хууль тогтоогчдын зүгээс энэ баасан гарагт дахин Цагаан ордны тэргүүнтэй хэлэлцэнэ гэж хэлсэн байна. Ингэснээр АНУ-ын төрийн байгууллагуудын үйл ажиллагаа удахгүй гацаанаас гарч магадгүй гэсэн өнгө цухалзаж байна хэмээн зарим хэвлэлд бичжээ. 


АНУ-ын засаг захиргааны зарим байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоолоо  
Үзсэн: 1443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй