Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгч онц байдал зарласангүй

2019-01-09 15:36:31

Даваа гарагт твиттер хуудсаараа зарлаж байсанчлан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордон дахь ажлын өрөөнөөсөө ард иргэддээ хандан ТВ-ээр мэдэгдэл хийлээ. Найман минут үргэлжилсэн энэ мэдэгдлээрээ тэрээр онц байдал зарлаагүй байна. Харин “Мескикээр дамжиж хууль бус цагаач дүрвэгчид ирж байгаа нь Америкийн өмнөд хилд хүмүүнлэнгийн хямрал дагуулж байна” гээд хилийн хана босгохыг нь дэмжиж санхүүжүүлэхийг Ардчилсан намынхнаас шаардлаа.

Ингэхдээ Трамп “хууль бус дүрвэгчид хар тамхины хяналтгүй урсгал Америкчуудыг хохироож, цалин хөлс, ажлын байр, нийгмийн нөөц баялгийг шавхаж ачаалал үүсгэж байна” хэмээн хилийн хана босгоход 5,7 тэрбум долларын санхүүжилт хэрэгтэй гэдгээ дахин хэлжээ. Түүний хэлснээр Америкт худалдаж байгаа хар тамхины 90 хувь Мексикээс орж ирдэг байна. Тэрээр мөн 3 дахь 7 хоногтоо үргэлжилж байгаа Америкийн засаг захиргааны байгууллагуудын хэсэгчилсэн зогсолтод Ардчилсан намынхныг буруутгаж, “төрийн байгууллагуудын зогсолт гагцхүү Ардчилсан намынхан хилийн аюулгүй байдлыг бүрдүүлэхэд санхүүжилт шийдэж өгөхгүй байгаагаас шалтгаалж байна.” гэсэн байна. Үүнтэй холбоотойгоор Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп “Канад Мексиктэй байгуулсан Хойд Америкийн чөлөөт худалдааны шинэ гэрээ ханын санхүүжилтийг шийдвэрлэнэ” гэжээ.

Харин түүний дараа Ардчилсан намын төлөөлөгчид ТВ-ээр хариу мэдэгдэл хийн Америкийн ард түмнээр барьцаалж байна хэмээн ерөнхийлөгчөө буруутгасан байна. Төлөөлөгчдийн танхимын дарга Ненси Пелоси, Сенатын танхим дахь цөөнхийн бүлэг буюу Ардчилсан намын бүлгийн дарга Чак Шумер нар Америкийн засаг захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг сэргээж гацаанаас гаргахыг ерөнхийлөгчөөсөө шаарджээ.

Хэрэв Доналд Трамп орон даяар хийсэн шууд мэдэгдлээрээ онц байдал зарласан бол хилийн хана барих асуудлаар сенатаас зөвшөөрөл авах шаардлагагүйгээр санхүүжилтийг Пентагоноос гаргуулах боломжтой болох байсан гэж хэвлэлүүд бичиж байсан ч, энэ нь Конгрессын төсөв сангийн эрхэнд халдаж, хууль зүйн хувьд гацаанд орох байсан хэмээн BBC тайлбарлажээ.


АНУ-ын Ерөнхийлөгч онц байдал зарласангүй  
Үзсэн: 880 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй