Шууд Chart

Л.Дүгэржав: Монгол Улс Антарктид тивд өөрийн гэсэн судалгааны объект, баазтай болж байгаа

2019-01-18 12:05:05

МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" сувгийн “Явлаа, ирлээ” нэвтрүүлгийн зочноор ШУТИС-ийн Антарктид судлалын төвийн захирал, доктор, профессор Л.Дүгэржав оролцлоо. Тэрбээр Антарктид тивээс эх орондоо ирээд удаагүй байгаа юм.

Нэг удаагийн явалтаар 50-54 мянга км зам туулдаг. Нийтдээ сар руу хүрэх зайнаас ч хол зам туулсан

-Маш урт хол замыг туулж, эх орондоо ирсэн байх. Замдаа ядрав уу?

-Миний сурсан ажил болохоор гайгүй ээ.

-Та хэд дэх удаагаа Антарктидыг зорив?

-Зургаа дахь удаагаа яваад ирлээ. Энэ удаагийн судалгааны ажлын зорилго нэлээд онцлогтой. Яагаад гэвэл бид 10 жилийн судалгааныхаа үр дүнг үзэх байсан. Анхны экспедицэд залуу судлаачид явж байсан. Харин 10 дахь удаагийн экспедицэд миний бие оролцлоо. Энэ удаагийнх арван жилийн ажлаа дүгнэсэн, нэлээд үр дүнтэй, онцлогтой  судалгааны аялал боллоо.

-Антарктид судлалын шинжлэх ухаанд монгол хүн, Монголын эрдэмтэн өөрийн гэсэн зам мөрөө үлдээгээд иржээ. Хийж хэрэгжүүлсэн ажлаасаа дурдаач?

-Антарктид хүн төрөлхтний болон дэлхийн өнгөрсөн түүхийг судлахаас гадна ирээдүйд хүн төрөлхтөн хаана, яаж амьдрах вэ гэдгийг судалдаг том судалгааны ажлын объект. Яагаад гэвэл Антарктид тивд манай дэлхийн хуурай газрын 10 хувь, цэвэр усны нөөцийн 70 хувь нь мөс хэлбэрээр “хадгалагдаж” байгаа. Асар том өмнөд далайгаар хязгаарлагдсан энэ байгаль онгон дагшин хэвээр байгаа. Энэ бүс судлаачдын сонирхлыг хамгийн ихээр татдаг. Улс орон бүр, ялангуяа өндөр хөгжилтэй орнууд тэнд судалгааны ажил явуулж байна. Би нэг удаагийн экспедицээр явахдаа Ирэхдээ Стамбулаас шууд Улаанбаатарт газардах ёстой байсан ч зам хазайгаад Бангкок орчхоод ирсэн. Зургаан удаагийн явдлыг маань манай нэг найз “Нийтдээ 360 орчим мянган км гэдэг чинь сар руу хүрэх зайнаас ч арай хол зайд явжээ” гэж хэлсэн.

Монгол Улс Антарктид тивд өөрийн гэсэн судалгааны объект, баазтай болж байгаа. Энэ удаа бид өөрсдийн баазаа нээх бэлтгэл ажлуудаа бүгдийг шийдээд ирсэн. Судалгааны ажил хийхэд реклам сурталчилгаа, харилцаа холбоо чухал. Бид Болгарын экспедицийн бүрэлдэхүүнтэй 10 дахь удаагаа нийлж явсан. Найз нөхдийн хүрээнд ийн зарим асуудлаа шийдсэн. Тэрнээс бид хов хоосон очоод тэнд байж чадахгүй. Үүнээс гадна Монгол, Болгар улсын харилцааны соёлын үүднээс “Монголын түүх” номыг болгар, Болгарын түүхийг монгол хэлээр орчуулсан номын нээлтээ Антарктид тивд хийж, номын санд нь бэлэглэсэн. Мөн Монгол-Болгарын найрамдлын бэлгэ тэмдэг болсон Кирилл үсгийн хөшөөний нээлтийг хийсэн. Хамгийн чухал нь өнгөрсөн жил Д.Чинзоригийн авч очсон шинжлэх ухааны ажлын гол объект болсон Цаг уурын автомат станцаа суурилуулж, албан ёсоор нээсэн. Анхны бичлэгүүд хийгдээд тэндхийн интернетийн санд орж байгаа. Монголчууд интернет холболтоор Антарктидын цаг уурын өөрчлөлтийг өдөр тутамдаа харах бололцоотой болж байгаа. Антарктидын цаг уурын өөрчлөлтийг яагаад бид мэдэх хэрэгтэй вэ гэвэл  Монгол Улсын газар нутгаар хойд талын цэвдгийн хамгийн урд хил өнгөрдөг. Энэ хил улам бүр хойшилж байгаа нь Монголын цаг уурын өөрчлөлт, дулаарал, цэвдгийн хайлалт, цөлжилттэй холбоотой. Бид Монголын газар нутгаар дайрсан энэ хилийн өөрчлөлтийг дэлхийн цаг уурын өөрчлөлттэй уялдуулж чадсанаар дэлхийн хэмжээний глобал загварын өөрчлөлтөд Монгол Улс өөрийн судалгааны ажлаа оролцуулах бүрэн бололцоотой. Манай автомат загварын станц нээлтээ хийснээр дэлхийн бүхий л загварын станцад мэдээллээ хуваалцах боломж нээгдэж байна.

Үүнээс гадна Антарктид тивийн Ливингстоны аралд Болгар, Испанийн баазын ойролцоо өөрийн баазаа барьж байгаа. Энэ жилдээ багтаад 4-6 хүн байрлаж ажиллаж болохуйц баазын барилга босгочих бодолтой байна. Энэ бол нэг экспедицийн бүрэлдэхүүн очоод 40 хоногт хийчих ажил биш. 250 мянган орчим долларын өртгөөр босох ажил байгаа юм. Гэхдээ бид Испанийн судлаачдын өмнө нь орон сууцны зориулалтаар ашиглаж байсан контейнеруудыг үнэ өртөггүй шахуу авсан. Бидний гол хийх ажил бол тээвэр, монтажийн ажил. Үүнийг би ганцаараа хийж чадахгүй. Учир нь усан онгоц, нисдэг тэрэг хэрэгтэй. Манай испани, болгар найзууд маань туслаад намайг байхгүйд ч ажлыг маань амжуулж байгаа. Судалгаа шинжилгээний ажил бол нэг өдөрт, ганцаараа хийчих зүйл биш. Тэр тусмаа алс холын тэр онгон дагшин газарт судалгааг олуулаа хийдэг.

Антарктидын дундаж температур зун -34, өвөл -74 градус

-Антарктид тивд хийж буй гол судалгааны ажлууд цаг уурын өөрчлөлтийг судалдаг. Судалгааны шинжилгээний хүрээнд дэлхийн дулаарал, мөс хайлж буйг хэрхэн хэмждэг вэ?

-Хүний нүдэнд үзэгдэхүйц хэмжээний өөрчлөлт гарахгүй. Нэг жилд болж буй градусыг мянга юм уу зуу хуваасны нэгтэй тэнцэх өөрчлөлт хүний амьдралын зуу, жаран жилийн мөчлөгт тэр болгон ажиглагдахгүй. Глобал загварын өөрчлөлт явагдаж байгаа нь судалгаа шинжилгээний ажлын үр дүнд харагдаж байна. Агаарын бохирдол, агаарт цацагдаж буй нүүрс төрөгчийн хагас ислийн хэмжээ байнга нэмэгдэж байгаа. Озоны давхаргын цооролтын хэмжээ ихэсч, озоны давхарга багасаж байгаа нь илэрхий мэдрэгддэг. Антарктидад зун асар том хэмжээтэй мөс хайлж, алга болоход өвөл нөхөөд үүсчихдэг. Харин хойд мөсөн далайн мөс их хэмжээгээр хайлж байна. Сүүлийн жилүүдэд зуны улиралд мөс бүрэн хайлж байгаа. Энэ нь далай тэнгисийн усны түвшин нэмэгдэх гол үндэслэл болж байна. Ер нь сүүлийн 140 орчим жилийн цаг уурын өөрчлөлтөөс авч үзвэл дэлхийн дулаарал илэрхий явагдаж байгаа. Ялангуяа сүүлийн 50 жилийн судалгааны үр дүнг харахад зарим газарт шууд мэдрэгдэх хэмжээнд очсон.

-Монгол Улс аль нэг тивд судалгааны баазтай болохын тулд газрын зөвшөөрөл авч, төлбөр мөнгө төлдөг үү?

-Олон улсын Антарктидын гэрээнд Монгол Улс 2015 онд  гишүүнээр элсэж орсон. Ингэснээр тус гэрээний бүрэн эрхт 53 дахь гишүүн болсон. Үүнээс өмнө бид таван экспедицэд оролцохдоо зочин судлаач гэсэн статустай байсан. Мөн бусад багийн бүрэлдэхүүнд багтаж, Антарктид явдаг байлаа. Харин 2015 оноос өөрсийн бааз байгуулах, судалгааны төслөө хэрэгжүүлэх эрхтэй болсон. Антарктид тив одоо аль ч улсын газар нутаг биш. “Малгай тавибал манайх, маргааш болвол хүний газар” учраас өөрийн баазаа байгуулаад, судалгааны ажлаа хийх эрх нээгдсэн. Газрын зөвшөөрлийн төлбөр хураамж гэж байхгүй. Монгол Улс Антарктидын конвенцын гишүүн улс болсны хувьд жилд 25 мянган доллар төлөх ёстой. Энэ асуудлыг Засгийн газар, парламентад өргөн барихад УИХ-аас нэгдэн орохыг соёрхож,  АНУ-ын төрийн департаментын гишүүн, Антарктидын гэрээний гишүүн орнуудын дарга хүлээн зөвшөөрч зарласан. Ийн гишүүн болсон учир 25 мянган доллар улсын төсөвт суусан.

Харин судалгааны ажлын, экспедиц байрлах сууц барих, холбоо харилцаа, тээвэр, хоол хүнс, багаж зэвсэг, судлаачдын эрүүл мэнд, хангамж зэрэг зардлын асуудал бий.

-Танай хүү Д.Чинзориг өнгөрсөн жил мөн Болгарын эрдэмтэдтэй судалгааны ажлаар Антарктид явсан. Та дэд бүтцийн асуудлаа өнгөрсөн хугацаанд шийдчихсэн байна. Тэнд ажиллах Монголын эрдэмтдийн багийг бүрдүүлэх, судалгааны ажлыг эрчимжүүлэх асуудал аль шатанд явж байна?

-ШУТИС-ийн дэргэдэх Антарктид судлалын төв буюу эрдэм шинжилгээний төв 2012 онд байгуулагдсан. Манай төвийн цаг уурын инженер доктор Батболд, Пүрэвдагва, далайн инженер Ганбаатар, усны инженер, доктор Батмөнх мөн доктор Түвшинбаяр, инженер Баяраа, манай хүү докторант Чинзориг нар Антарктидад судалгааны ажлууд хийсэн. Мөн гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа, аялагч Г.Ганхүү нар амьдрах орчны судалгааны хүрээнд Антарктидад ажилласан.

Би Антарктидын өмнөд туйлд хүрсэн анхны монгол хүн

-Хүйтний эрсдэлээс хамаараад ашиглаж буй зардал тоног төхөөрөмжийн өртөг нэмэгддэг үү. Тэнд өмсдөг хувцас хэрэглэлд ашиглалтын хугацаа заасан нарийн горим байдаг уу?

-Антарктид цаг уурын эрс тэс нөхцөлтэй. Тэндхийн зуны дундаж температур -34 градус. . Бидний амьдардаг сууц 180 км/цагийн хурдтай салхинд тэсвэртэй байх ёстой. Тийм ажлын нөхцөлтэй учир зуны улиралд ажиллахдаа ч дулаан хадгалдаг зориулалтын тусгай хувцас өмсдөг. Мөн тусгай хоол хүнс хэрэглэдэг.

Бидний хувьд тэнд нэг сарын хугацаанд байрлаж ажилладаг. Тэнд бүтэн жилийн хугацаатай ажилладаг хүмүүсийн нөхцөл хангамж тэс ондоо. Антарктидад жилийн тэн хагас нь өдөр үлдсэн зургаан сар нь тас харанхуй туйлын шөнө байдаг. Хасах 30-70 градус . Ийм хүйтэн салхи шуургатай нөхцөлд элэгдэж, хорогдохгүй зүйл гэж байдаггүй. Төмөр хүртэл хөлддөг. Тэнд зургийн аппарат хэрэгсэл ажиллуулах маш хэцүү. Бидний судалгааны шинжилгээний гол ажил нь ажиглалт. Ажиглалтын гол багаж хэрэгсэл зургийн аппарат, камер байдаг. Би . 2013 оны нэгдүгээр сард тэнд Монгол Улсын Төрийн далбаагаа мандуулсан. Би өмнөд туйлын тэг цэгийг зөв 108, буруу 108 тойрсон. Тэгтэл миний камерын зай хөлдөөд эхний арван гаруй тойролтыг бичсэн байсан..

-Тэнд эрдэмтэд өндөр байшинд амьдрах, үнэтэй машин унах хэрэг байхгүй. Зөвхөн өмнөө тавьсан зорилгынхоо төлөө л ажилладаг “өөр” ертөнц байх?

-Антарктид тивд, өмнөд туйлд очсон хүмүүс “бид хаана ирчих вэ” гэж хэлдэг. Өмнөд далайн эргээс ялимгүй цаашлахад тэр хэсэгт вирус, микроб гэдэг зүйл байхгүй. Тэнд мөнгө, бичиг баримт шаардлагагүй. Хүн төрөлхтөн нэг цул болж ажилладаг бүс. Чамд Антарктидын гэрээ ёсоор хүн бүр туслах ёстой. Мөн чи бусдадаа туслах ёстой.

Тэр бүс Монгол Улсын газар нутгаас арав дахин том. Тэнд жилийн турш 5000 мянган хүн л ажилладаг. Би Испанийн бааз руу очлоо гэхэд Монгол Улсын төрийн далбааг мандуулаад, тавтай морил хэмээн угтаж авдаг. Танай моторт завь, усан онгоцыг хэрэглэх шаардлага гарлаа гэхэд завиараа, онгоцоороо очих гэсэн газарт минь хүргээд өгдөг. 1959 онд хэрэгжиж эхэлсэн Антарктидын гэрээнд одоог хүртэл өөрчлөлт ороогүй. Хүн төрөлхтөн дайн байлдаангүй, хэрүүлгүй хоорондоо эвтэй найртай хамтарч ажиллаж болдог, мэдээллээ бүрэн дүүрэн харилцан солилцдог бүс.

Миний амьдрал Антарктидад л дуусах байх даа

-Яг өөрийн мөн чанараар байдаг газраас томилолтын хугацаа дуусаад ирэхэд танд гуниг төрдөг үү эсвэл эх орондоо очно гэсэн баяр жаргалтай байдаг уу?

-Өмнө нь яардаг байсан. Өөрийн гэсэн бааз, унаа байхгүй бусдын орон зайд байрладаг учир заасан хугацаандаа ажиллаад буцахгүй бол дараагийн хүн ирэх ёстой. Гэтэл тэнд байх хугацаагаа сунгавал өчнөөн ажил амжуулах боломж бий. Тиймээс энэ удаагийн хувьд буцна гэхээр жаахан харамсалтай байсан. Хүмүүс надаас тоглоомоор хэдий хүртэл Антарктид явах гэж асуудаг юм. Би миний амьдрал тэнд л дуусах байх даа гэж хэлж байгаа.

-Та Антарктид хүрэх зам мөрийг тод гаргажээ. Эхлүүлсэн ажлынхаа эцсийн дүнг үзэж, судалгаа нь амжилттай сайхан үргэлжлэхийг хүсэн ерөөе. Таны араас Монголын олон эрдэмтэн тийшээ зорих болтугай.

-Баярлалаа.

 

 

Нийтэлсэн: Ц.Цэнд

Л.Дүгэржав: Монгол Улс Антарктид тивд өөрийн гэсэн судалгааны объект, баазтай болж байгаа  
Үзсэн: 2679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ахмад Геологич Т. Ганбаатар [127.0.0.xxx] 2023-10-02 13:43
Тэсийн голын Унага зоригт геологич, өрөмдөгч Та Хэзээ ч үл мартагдах үйлсийг эх орондоо, эх дэлхий, хүн арддаа бүтээгээд , нартаас арай хэтэрхий эрт буцжээ. Таны хүсэл, мөрөөдлийг чинь хойчийн залуус чинь бүтээх болноо. Ум сайн амгалан болтугай.

Бидэнтэй нэгдээрэй