
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын Баянгол дүүргийн ахмад настнуудтай хийсэн уулзалтад урилгаар оролцож үг хэллээ. Уулзалтад 2000 гаруй ахмад ирэв. Ерөнхий сайд Улс орны эдийн засгийг хөгжүүлэх, эрхзүйн орчныг сайжруулах, иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэх, төрийн албаны тогтвортой, чанартай үйлчилгээг бий болгох, эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, 2019 оны үйл ажиллагааны зорилтоо танилцуулж статистик тоон мэдээллийг дэлгэрэнгүй тайлбарлан хүргэсэн юм.
Монгол Улсын Засгийн газар үүсээд байсан эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулж, тогтворжуулж, сүүлийн 4 жилд өөрчлөөгүй цалин тэтгэвэр, халамжийг тодорхой хувиар нэмэгдүүлж, Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр түүхий нүүрсний хэрэглээг халж, орчин үеийн технологиор өндөр хүчин чадал бүхий шинэ цэвэрлэх байгууламж барих шийдвэр гаргаж, хөрөнгө оруулалт хийж байгаа талаар танилцуулав. Ерөнхий сайдын хувьд нийгэмд тэгш, шудрага ёсыг тогтоохын төлөө бүх боломжоо дайчлан ажиллана. Үүнд иргэд олон нийт, ахмад настнууд, хүн бүрийн оролцоо дэмжлэг чухал. Шударга ёсны төлөөх тэмцэлд дэмжээрэй хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдээс хүслээ. Уулзалтад хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Баянгол дүүргийн иргэд Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Монгол Улсын Засгийн газрын тэргүүний нэр хүндтэй, нэн хариуцлагатай албыг хүлээж аваад 2 жил гаруй хугацаанд ажиллаж байна.
Нохой жилийн өвөл өнтэй сайхан өнгөрч, гахай жилтэйгээ золгох гэж байна. Манай монголчууд тэнгэр хангайгаа шүтэж, өглөөний нараар өөдлөх амьдралаа шинжиж ирсэн ард түмэн билээ.
Улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд нааштай сайхан өөрчлөлтүүд гарч байгааг Та бүхэндээ дуулгахад таатай байна.
Манай улсын эдийн засгийн өсөлт 6.4 хувьд хүрч, улсын төсөв анх удаа алдагдалгүй гарч, төсвийн орлого 12 тэрбум төгрөгөөр давлаа. Энэ бол богино хугацаанд гарсан том амжилт юм. Улс орны эдийн засаг хямралтай, гадаад өр зээлийг төлөх хугацаанд шахагдсан, алдагдалтай төсөвтэй, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан хүндхэн үед Ерөнхий сайдын ажлыг хүлээж авч байсныг Та бүхэн мэдэж байгаа. Ийм хүнд нөхцөлөөс яаж гарах вэ?, ард иргэдийн амжиргааг яаж өөд татах вэ?, эдийн засгийн уналтыг яаж зогсоох вэ?, гадаад зах зээлээс авсан бондын өрийг яаж төлөх вэ? гээд олон тулгамдсан шийдэх асуудлуудтай манай Засгийн газар тулгарсан. Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй гэж монголчуудын онч мэргэн үг байдаг. Тийм учраас хамгийн эн тэргүүнд өрнөөс гарахын тулд Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах замаар “сэхээнд орсон эдийн засаг”-аа сэргээх арга хэмжээ авсан. Тэгвэл бид эдийн засгийн уналтыг зогсоогоод, улмаар сэргээх зам руу хөтөлж байна.
Гэхдээ бид эдийн засаг сэргэж байна гээд тайвширч болохгүй. Яагаад энэ их баялагтай улсын ард иргэдийн амьдралыг сайжруулж, сэтгэл тайван, амар амгалан амгалан амьдруулж чадахгүй байгаа шалтгааныг олох ёстой гэж манай Засгийн газар үзсэн. Хамгийн гол шалтгаан бол сахилга, хариуцлага, дэг журамгүй байдал ямар ч сайхан нөхцөл боломжийг үгүй хийдэг юм байна. Тиймээс 2018 оныг “Сахилга хариуцлагын жил” болгон зарлаж, төрийн албаны бүх түвшинд сахилга хариуцлагыг чангатгах арга хэмжээг авч ажиллалаа. Улсын төсөв гэхэд л 5 данстай, байгаа мөнгөө банкинд өгчөөд, эргээд банкнаас зээл авдаг, төсвийн тодотголыг жилд 2-3 удаа хийдэг зэргээр төсвийн хариуцлага, дэг журам алдагдсан байлаа.
Тэгвэл өнөөдөр төсвийн сахилга бат сайжран өрийн дарамт буурч 2021 он хүртэл гадаад бондын эргэн төлөлтгүй боллоо. Засгийн газар байгуулагдсанаас хойш зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт 6.5 их наяд төгрөг төлснөөс 2018 онд 3.7 их наяд төгрөгийн өрийг барагдууллаа. Гадаад валютын нөөц нэмэгдэж 3.4 тэрбум ам.доллар боллоо. Эдийн засаг бусад ижил түвшний зээлжих зэрэглэлийн үнэлгээтэй улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр өсөлттэй байна. Макро эдийн засгийн бодлогууд амжилттай хэрэгжиж хөрөнгө оруулагчдын итгэл сэргэн, эдийн засаг тогтворжиж, өсөлт нэмэгдснээр манай улсын зээлжих зэрэглэл нэмэгдлээ. Засгийн газраас эдийн засгийн уналтыг зогсоох, гадаад өрийн дарамтаас гарах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд төр засгаас ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.
Улсын Их Хурлаар хэлэлцэн баталсан 2019 оны улсын төсөвт төсвийн байгууллагын ажиллагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд нийт 400.0 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгасан.
Өнгөрсөн 2018 оны байдлаар төсвийн байгууллагын ажиллагчдын цалин хөлс, өндөр насны тэтгэвэр болон тэтгэмжийн хэлбэрээр ард иргэдийн гар дээр нийт 4,0 их наяд гаруй төгрөг очсон бол энэ оны тухайд ард иргэдийн гар дээр очих мөнгө даруй 17,3 хувиар нэмэгдэж нийт 4,7 их наяд төгрөг иргэдэд очих болно.
Үүний зэрэгцээ хувийн хэвшилд ажиллаж байгаа нийт ажиллагчдын цалингийн сангийн өсөлтийн үр дүнд 2019 онд хувийн хэвшлийн ажиллагчдад цалин хэлбэрээр очих мөнгөн хөрөнгө 400,0 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэх төлөвтэй байна.
Мөн хүн амын орлогын албан татварын буцаан олголтоор 42,0 тэрбум төгрөг, НӨАТ-ын буцаан олголтоор 120.0 гаруй тэрбум, нийт 160.0 гаруй тэрбум төгрөг татвар төлөгчдийн гар дээр очино.
Улсын төсөв болон хувийн хэвшлийн нийт дүнгээр авч үзвэл 2019 онд ард иргэдийн гар дээр очих мөнгө 2018 оныхоос 1,2 их наяд төгрөгөөр буюу 15,0 орчим хувиар нэмэгдэж очихоор байна.
Ийнхүү өнгөрсөн 2 жилийн туршид УИХ, Засгийн газраас улс орныхоо эдийн засгийг хүндрэлээс гаргаж, тогтворжуулан, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлсний үр дүн нь ард иргэд, айл өрхүүдэд илүү их хүртээмжтэй хэлбэрээр очиж байна.
Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 онд 2.4 их наяд төгрөг болж, өмнөх оноос 284.1 тэрбум төгрөгөөр, зарлага 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 255.6 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.
Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд 2018 онд 401.6 мянган хүн хамрагдсаны 68.6 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдсан иргэд, 26 хувь нь ахмад настан, 2.9 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 1.3 хувь нь алдар цолтой ахмад настай иргэд, 1.2 хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэд байна.
Ирэх сараас тэтгэврийг 7.6 хувиар нэмнэ. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр болон цэргийн алба хаасны тэтгэврийг 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс нэмэхээр шийдвэрлэлээ.
Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310.0 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 269.0 мянган төгрөг болж байна. 408.0 мянга гаруй иргэний тэтгэвэр 24.0-30.0 мянган төгрөгөөр нэмэгдэж, дундаж тэтгэвэр 372.0 мянган төгрөг боллоо. Мөн нийгмийн халамжийн тэтгэвэр 155.0 мянган төгрөг байсныг 174.0 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг сард 76.0 мянган төгрөг байхаар тогтлоо. Нийгмийн халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, тэжээгч нь нас барсан хагас, бүтэн өнчин хүүхэд гээд халамж зайлшгүй шаардлагатай 60 орчим мянган хүн авдаг юм. 16 хүртэл насны, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж олгож байгаа бөгөөд үүнд 11 мянган хүүхэд хамрагдаж байна. Байнгын асаргаа шаардлагатай иргэн, хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие, харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асарч байгаа 61 мянга гаруй хүн асаргааны тэтгэмж авч байна.
Төрийн албан хаагчдын цалинг 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс инфляцийн түвшинтэй уялдуулан 8 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн. Мөн эмч, багш нарын цалинг 20 хүртэл хувиар, дүүрэг, сум, хороо, багийн Засаг дарга, нийслэл, аймаг, дүүрэг, сумын Засаг даргын орлогч нарын цалинг 8 хувиар нэмлээ. Эмч, багш нарын цалинг өнгөрсөн онд 9.6 хувиар нэмсэн бөгөөд энэ удаагийнхтай нийлээд 30 орчим хувиар нэмэгдэж байна. Төрийн албан хаагчдын дундаж цалин 2018 оны байдлаар 804 мянган төгрөг байсан бол одоо 916 мянган төгрөг болж нэмэгдлээ.
Манай улсын эдийн засаг уул уурхайгаас ихээхэн хамааралтай байгаа нь ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнэ ханш, гадаад зах зээлийн борлуултаас хамаарч эдийн засаг сөрөг нөлөөлөл үүсгэдгийг Та бид мэднэ. Тиймээс цаашид эдийн засгаа тогтвортой хөгжүүлэх, иргэдээ тогтмол ажилтай орлоготой болгох арга зам бол хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх явдал гэж үзэж байна. Хүн амыг эх орны экологийн цэвэр, аюулгүй хүнсээр хангах, өөрсдийн үйлдвэрлэж чадах зүйлээ эх орондоо үйлдвэрлэх асуудал чухал юм. Үүний тулд орон нутагт үйлдвэрлэл эрхлэх нөхцөл боломжийг эдийн засаг, татварын нөхцөлөөр дэмжиж ажиллах болно. Манай нийслэлчүүдийн тулгамдсан асуудал болох замын түгжрэл, утааны асуудлыг олон жил ярилаа. Өмнө авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зарцуулсан хөрөнгө төдийлөн амжилт олсонгүй. Түгжрэлийн асуудлыг шийдэхийн тулд дагуул хот, хаяа хотыг бий болгож хөгжүүлэх, түүний дэд бүтцийн асуудлыг орчин үеийн шинжлэх ухаан технологийн ололт дээр түшиглэн бага зардлаар шийдвэрлэх бодлогыг барьж байна. Гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгажуулах ажил амжилттай хэрэгжиж байна. Утааны асуудлыг утаагүй түлш, цахилгаан халаалт, дулааны алдагдалгүй орон сууц барих замаар шийдвэрлэхээр холбогдох шийдвэрийг гаргаад ажиллаж байна.
Хотын захын хорооллын айл өрхүүдэд төрийн үйлчилгээг ойртуулах, сургууль, цэцэрлэгийн хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэн ажиллаж байна. 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгохоор Засгийн газрын шийдвэрийг саяхан гаргалаа. Төрийн үндсэн үүрэг бол иргэндээ үйлчлэх, ажилтай орлоготой, сэтгэл тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх явдал юм. Тиймээс Засгийн газраас эхлээд яам, агентлаг, нийслэл, дүүргийн захиргааны байгууллагуудын бодлого, үйл ажиллагаа зөвхөн дээрх зорилгод л чиглэх ёстой. Улс орны эдийн засгийн өсөлтийг айл өрх бүрийн амжиргааг дээшлүүлэх, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг илүү сайжруулах зорилгод чиглүүлэх болно.
Төрийн бодлого, үйл ажиллагаа зөв, түмэн олон амгалан байх болтугай.
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй гэв.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баянгол дүүргийн хороо бүрээс ирсэн төр нийгмийн зүтгэлтэн ахмадуудын төлөөлөлд сар шинийн баярын гарын бэлгийг гардуулав.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баянгол дүүргийн ахмадуудтай уулзав | ||
Үзсэн: 1873 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.