
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.01.29/ хуралдаанаар “УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” тогтоолын төслүүдийг хэлэлцэв.
УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг зарлуулах талаар Сонгуулийн ерөнхий хорооноос 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр холбогдох тогтоолын төслийг зардлын тооцооны хамт тус Байнгын хороонд ирүүлжээ.
Улмаар УИХ-ын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан. Иймээс Сонгуулийн төв байгуулагын тухай хуулийн холбогдох заалтын дагуу УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг товлон зарлах тухай асуудлыг УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтааж хэлэлцүүлж шийдвэрлүүлэх сантай байгааг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, О.Содбилэг нар Сонгуулийн ерөнхий хорооны дарга болон ажлын хэсэгт багтсан Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.
“Монгол УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолын төсөлд Сонгуулийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр товлон зарлах, нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явуулахаар тусгажээ.
Харин “УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” тогтоолын төсөлд УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 287 сая 614 мянга 335 төгрөгөөр батлах, энэ зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дээрх тогтоолын төслүүдийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, тогтоолын төслүүдийг батлуулахаар тогтлоо.
Тус Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудал болон “УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр түр хойшлууллаа.
УИХ-ын нөхөн сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох төслийг дэмжив | ||
Үзсэн: 1343 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.