Шууд Chart

Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгохыг санал нэгтэй дэмжив

2019-02-01 13:04:45

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.02.01) хуралдаан 9 цаг 34 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, УИХ-ын даргыг сонгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Гомбожавын Занданшатарыг Монгол УИХ-ын даргад нэр дэвшүүлснийг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хэлэлцэж дэмжсэн.

Ингээд УИХ-ын даргад нэр дэвшүүлэх тухай саналын танилцуулгыг УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хийсэн юм.

Нэр дэвшигч Гомбожавын Занданшатар 1987 онд нийслэлийн 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын ардын аж ахуйн дээд сургууль, 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль төгссөн. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй, магистр зэрэгтэй, профессор цолтой.

Тэрбээр 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС)-ийн Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш, 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн, 2000-2003 онд ХААН банкны дэд захирлаар ажиллаж байсан.

Улмаар 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, 2004-2008, 2008-2012 онуудад Монгол УИХ-ын гишүүн, 2009-2012 онд Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал хуулийн засаглалын хүрээлэнд судлаачаар ажилласан.

2016 оноос Монгол УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдож, улмаар 2017 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна.

Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат үг хэлж парламентын нэг хүндийг өсгөх, гишүүдийн эв нэгдлийг хангахад анхаарах, мөн олон чуулган дамжин яригдаж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхэд зоригтой, шийдэмгий, тууштай ажилахыг захив.

Ингээд УИХ-ын гишүүн Гомбожавын Занданшатарыг Монгол УИХ-ын даргаар сонгохыг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүн санал нэгтэй дэмжив.


Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгохыг санал нэгтэй дэмжив  
Үзсэн: 770 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй