Шууд Chart

Хаврын ээлжит чуулганаар 29 хууль тогтоомжийн төсөл хэлэлцэнэ

2019-02-01 13:12:38

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.02.01) хуралдаанаар “УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай“ УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцуулга хийлээ.

Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар төсөл санаачлагчдаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 5, Улсын Их Хурал дахь намын бүлэг, Байнгын хороодоос 65, Засгийн газраас 49, нийтдээ 119 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлжээ. Тогтоолын төслийг боловсруулахдаа хуулиар хэлэлцэхийг нь тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүдийг нэр зааж тусгах, харин хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байх зарчим баримталсан. Түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчдаас өргөн мэдүүлбэл намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг УИХ-ын даргад зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэнээ Байнгын хорооны дарга хэллээ.

Тогтоолын төсөлд УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганаар:

  1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,
  2. “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан,
  3. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт,
  4.  “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл,
  5. “Засгийн газрын өрийн удирдлагын стратеги шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл,
  6. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,
  7. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,
  8. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл,
  9. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,
  10. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  11. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  12. Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  13. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл,
  14. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  15. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  16. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  17. Өрсөлдөөний тухай хуулийн төсөл,
  18. Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл,
  19. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  20. Өмгөөллийн тухай хуулийн төсөл,
  21. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  22. Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  23. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  24. Зөрчлийн тухай болон Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,
  25. Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,
  26. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  27. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,
  28. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл,
  29. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  30. Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр тусгаж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

Байнгын хорооны даргын танилцуулга, тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан зарчмын зөрүүтэй зарим санал гаргасан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт тогтоолын төсөлд Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг нэмж тусгах санал гаргасныг Байнгын хорооны гишүүд дэмжсэн юм. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр “УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай“ УИХ-ын тогтоолын төслийгчуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо


Хаврын ээлжит чуулганаар 29 хууль тогтоомжийн төсөл хэлэлцэнэ  
Үзсэн: 843 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-02-01 16:39
УИХ өөрсөдөө МАНАН бүлэг. Үүнийгээ ард иргэдээс нууж өөрсдөөс нь илүү нэгнээ дарж хэрэггүй хогын ургамалаар солих нь өөрсдөд нь ашигтай. УИХ гэх нөхдүүд байхгүй болж байж МАНАН гэх зүйл арилна. Монгол улс Ерөнхийлөгч засаглалд тусгаар тогносон ардчилсан улс болох ёстой!!!

Бидэнтэй нэгдээрэй