
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.22 цагт 63,2 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томилуулах тухай танилцуулгыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хийлээ.
Тэрээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1-д заасныг үндэслэн Бямбасүрэнгийн Энх-Амгаланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томилуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгчтөй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ хэмээсэн.
Бямбасүрэнгийн Энх-Амгалан нь 1989 онд Алтай хотын 10 жилийн 2-р дунд сургууль, 1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи, 1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1996 онд Төрийн захиргаа, удирдлагын институтыг тус тус төгсчээ.
Тэрбээр 1995-1999 онд Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газар, 1999-2006 онд “World Trans”, “Улаан бутан” ХХК, “Мишээл групп” ХХК-д ажиллаж байсан бөгөөд 2008-2016 онд НИТХ төлөөлөгч, тэргүүлэгч, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж буй юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан асуулт асуусан. Тэрбээр нэр дэвшигчээс Тавантолгойн төмөр замыг барьж байгуулах ажлыг эрчимжүүлэхийн тулд хэрхэн ажиллахыг тодруулахад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан төмөр замын асуудлаар ОХУ болон БНХАУ-ын талтай хамтран ажиллах асуудалд анхаарал тавих болно гэсэн хариултыг өгсөн.
Ингээд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Б.Энх-Амгаланг ЗТХ-ийн сайдаар томилохыг 100 хувь дэмжлээ | ||
Үзсэн: 949 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.