УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2019.02.02/ өндөрлөж, УИХ-ын дарга Г.Занданшатар намрын ээлжит чуулганы үйл ажиллагааг хааж үг хэллээ. УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган ажлын 88 өдөр чуулж, өнөөдөр өндөрлөж байна. Намрын чуулганы хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулган 31, Байнгын болон Дэд, Түр хороод 92 удаа хуралдсан байна. Намрын ээлжит чуулганы хугацаанд бие даасан 5, хуульд өөрчлөлт оруулах тухай 25, зээлийн болон гэрээ хэлэлцээр соёрхон батлах тухай 25, хууль хүчингүй болсонд тооцох тухай 3, нийт 46 хууль, УИХ-ын 41 тогтоол хэлэлцэн баталсан болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.
Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай зэрэг хуулийн хугацаатай, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдол бүхий асуудлаа шийдэж чадсан гэв. УИХ-аас нийгэмд хүлээлт үүсгэсэн, зайлшгүй шийдвэл зохих хөрөнгө оруулалтын болон бусад зардлыг төсөв санхүүгийн боломжтой уялдуулан шийдвэрлэх чиглэлийг тууштай баримталаж ажилласныг тэрбээр тэмдэглэн хэллээ.
УИХ-ын хууль тогтоох бүрэн эрхээс гадна хянан шалгах бүрэн эрхээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд анхаарч хийж хэрэгжүүлсэн ажлуудыг танилцуулав. Нийгэм, эдийн засгийн амин чухал зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор ээлжит бус чуулган зарлан хуралдуулах болно гэдгийг УИХ-ын дарга онцолсон юм. Төгсгөлд нь удахгүй болох монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын мэндчилгээг ард түмэндээ дэвшүүлж, төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан, төр улсаараа элбэг дэлбэг, төрөл садан хотлоороо сайхан шинэлэхийг хүсэн ерөөлөө.
| УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө | ||
| Үзсэн: 866 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.