Шууд Chart

Хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллах боломжийн талаар Францын Элчин сайдтай санал солилцов

2019-02-21 14:40:28

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын харилцаа, хамтын ажиллагааг тогтмол, тасралтгүй үргэлжлүүлэх, өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд талууд саналаа солилцсон юм.

Элчин сайд Филипп Мэрлиний тухайд, Увсын чацарганыг Монгол Улсын газар зүйн заалттай бүтээгдэхүүнд бүртгүүлэхэд хамтарч ажиллах, орон нутгийн хөдөө аж ахуйг хөгжүүлэх зорилготой Францын хүнсний тусламжийн сангийн санхүүжилттэй бичил зээлийн төслийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, төслийн техникийн хороог ойрын хугацаанд яаралтай хуралдуулах зэрэг ажлыг хамтран зохион байгуулах, тус улсаас Монгол Улсад өндөр ашиг шимтэй үхэр экспортлох үеийн хориг саадыг арилгахад дэмжлэг үзүүлэх зэрэг тодорхой саналыг манай талд дэвшүүлсэн.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "Монгол Улсын онцлог бүтээгдэхүүн болох Увсын чацаргана, Булганы айраг, Завханы улаан хальс сармис, Халх голын зөгийн бал зэрэг онцлог бүтээгдэхүүнийг газар зүйн заалттай бүтээгдэхүүнд бүртгүүлэн, олон улсын зах зээлд экспортлох хүрээнд хамтарч ажиллахдаа таатай байх болно" гэлээ.

Тэрбээр Францын хүнсний сангийн санхүүжилттэй хэрэгжиж буй дээр дурдсан төслийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх нь зүйтэй хэмээн түүний саналыг дэмжиж, мөн түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсгийг Франц Улсад ажиллуулан, эрүүл ахуй, хорио цээрийн гэрчилгээнд тавьж буй нэмэлт шаардлагуудыг хангуулах тал дээр тодорхой дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. 


Хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллах боломжийн талаар Францын Элчин сайдтай санал солилцов  
Үзсэн: 871 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй