Шууд Chart

А.Сүхдорж: Буруу байгаа бол миний л буруу

2019-02-22 10:18:54

Өөрийнх нь тодорхойлсноор сайн бизнесмен биш ч банкны программ хангамжийн 85 хувийг үйлдвэрлэгч, зорилго тавьдаггүй ч дэлхийд өрсөлдөх программуудыг бүтээсэн, бүтээж ч буй, өрсөлдөөний талбарт ажилладаг ч  айж зугтах нь олон, 40 гаруй жил “хобби”-оо хөөж, хөгжүүлж буй нэгэнтэй ярилцлаа.  

Бид түүний амжилтын нууц, тэрний бизнесийн түлхүүр гэх зэргээр гадныхны туршлагыг уудалж, унших дуртай. Тэгж  уудлачихмаар  монгол  бүтээгчийн  нэг нь Монголын анхны программистуудын нэг, Грейп Сити Монгол”, “Моst Money” компанийг үүсгэн байгуулагч Авирын Сүхдорж мөн болов уу.

БАНКНЫ ЗЭЭЛИЙН ХҮҮ ЭРС БУУРНА

-Та банк санхүүгийн салбарт бүхэл бүтэн дэд бүтцийг бүтээх зорилго тавьж байгаагаа өмнө нь мэдэгдэж  байсан. Тэгвэл өнөөдөр энэ салбарын   программ хангамжийн 85 хувийг  үйлдвэрлэж байгаа  компаниас  зорилгодоо  хүрч  байна уу гэж асуумаар байна?

-Хоёр янзаар хариулж болно. “Грейп Сити”  талаас хүрсэн.  Амжилттай явж байна. МУ-ын банкны салбар дахь  мэдээллийн технологийн  нүүр царайг  тодорхойлж байгаа  компани нь яах аргагүй  манайх.  Гэхдээ хийх зүйл их бий.  “Мост  финтек”ийн хувьд   төлбөр тооцооны  үндэсний дэд бүтцийг байгуулахаар мөн ажиллаж  байна.  Банк, ББСБ, финтекүүд, бүх мерчант,  төр  бүгд ашиглаж байж үндэснийх болох учраас энэ хэмжээнд хүрч чадахгүй байна. Гэхдээ тууштай явж байгаа.  Өнгөрсөн хугацаанд нэг л зүйлийг ойлголоо. Банкнуудтайгаа  үгсээд, тохироод явах юм байна гэж бодсон  үгүй  юм байна. Дэндүү гэнэн хонгор бодож байсан нь  миний том алдаа.

-Гэнэн хонгор гэдгийн учир?                  

-“Яасан сайхан юм бэ” гээд намайг тэвэрч авсангүй. Бүгдээрээ өөр өөрийн амбицаараа  асуудлуудыг шийддэг чөлөөт өрсөлдөөний нийгэмд амьдарч байгаагаа  би эрт ойлгох ёстой байж л дээ.

-Манайд хиймэл  оюун ухааныг амжилттай нэвтрүүлж яваа салбарыг банк санхүү гэдэг юм билээ. Тэгвэл ОУ-тай харьцуулахад  ямар төвшинд байдаг юм бол?

-Дөнгөж л эхлэлийн, танин мэдэхүйн төвшинд явна. Гэхдээ ахиц бий.  Зээл олгоход ямар ч зээлийн хороо, хэн хүнтэй нүүр тулж  уулзахгүй,  интернетээр зээл авъя гэхэд онлайнаар шууд олгож байна.  Ард нь  нөгөө л хиймэл оюун ухаанаар  энэ нөхөр зээл олгоход тавьж туух уу, найдвартай юу гэдгийг шууд тогтоож байгаа гэсэн үг.  

-Санхүүгийн ертөнц дэх технологийн бас нэг хувьсгалыг  финтек  гэж хэлдэг. Энэ  хувьсгалын  эцсийн үр  дүнг хэлбэл?    

-Энэ бол үзэгдэл. Хамгийн гол нь үйлчилгээг хямд төсөр, түргэн шуурхай  хүргэж байна.   Хэрвээ  финтек амжилттай нэвтэрвэл  зээлийн хүү навс бууна. Миний бодлоор энэ технологи  зээлийн хүүг дорвитой бууруулж, үр ашгаа өгөх шатандаа хүрээгүй  байна.  Бид нэг зүйлийг анхаарах ёстой.  Урд өмнө болдог шиг нэг л  өдөр МУ сайхан болчихно. Тэр үед нь харъя гэж  бодож  болохгүй.   Хурд, хялбар дөхөм байдал дээрээ алдвал хэн нь ч байсан зах зээлээс арчигдана. Тиймээс маш анхааралтай хөрөнгө  оруулалт хийх  хэрэгтэй гэж хэлээд байгаа юм.  

-Та зээлийн хүү эрс буурна гэлээ.  Хэзээнээс ямар  байдлаар? 

-2019-2021 онд зээлийн хүү эрс буурах болов уу гэж бодож байна. Мэдээллийн технологийг амжилттай хэрэглэсэн эсэхээс шалтгаалаад ийм ахиц гарна.  Би үүнийг зүгээр сонсоод ярьж байгаа  юм биш, өөрөө хийж байгаа болохоор  бодитой зүйл дээр  хэлж байна.  Тийм технологи юу юугүй хаалга тогшино.  

 

АЖ ҮЙЛДВЭРИЙН 4 ДЭХ ХУВЬСГАЛЫН СУУРЬ НЬ БЛОКЧЕЙН 

-Google wallet, Apple Wallet-тай ижил технологийн шийдлүүдийн үр дүн ямар байна? 

-Манай 2012 онд ашиглалтад орсон “Mоst money”  валлет цаашид улам ч хүчээ авна. Монголд байтугай дэлхийн олон валлетын дунд толгой цохих маш сайн валлет. Технологи хурдан хөгжиж байгаа учраас ард нь байгаа платформыг солиход л   жаахан цаг авч байна.

Бид гуравхан саяулаа, бас бүтээж чадаж байж  Хятадууд шиг хэрэглээндээ нэвтрүүлэхгүй байна. Технологийн боловсрол мэдлэг дутуудаа биш, нийгэмд инновацийг хүлээж авдаг  хөрс  бий болж чадаагүй байна.  Гэхдээ байгаад нь зохицоод юмаа хийх ёстой.  Монгол  Хятадаас муу байгаагийн буруутан нь би. Би яагаад чадахгүй байна. Үнэхээр л монголын банкны төлбөр тооцооны программ хангамжийн 85 хувийг барьж байгаа юм бол яагаад урд хөршийнхнөөс дутуу байх гэж. Буруу бол миний л буруу байх.  МУ-д  цахим шилжилтийн хууль эрх зүйн орчин бүрдчихсэн. Ер нь маш хурдан хүчээ авч,  огцом өөрчлөлт гарна.  Ийм нөхцөл ч аажим  бүрдэж  байна.

-Таны ярианаас  цахим шилжилт дээр бид хоцрохгүй юм байна гэдэг итгэл төрж байна.

-Би өөрөө түүний төлөө явж байгаа  юм чинь итгэлтэй байлгүй яах вэ. Гол нь бид сахилгатай, зорилготой, хариуцлагатай байж  хамтаараа, багаараа зүтгэхгүй бол болохгүй нь. Ер нь аль ч салбарт. 

-Бид мэдээллийн технологийн хөгжлөөс, цахим шилжилтээс хоцорвол юу алдах вэ?

-Манай дэд ерөнхийлөгч залуу “Үүнийг анзаарахгүй, эсвэл амжина гэж  алгуурлавал бид динозавр шиг болно” гэж хэлж байсан. Үнэн л дээ.

-Цахим мөнгөний үндсэн технологи  блокчейнийг  дэлхий нийт нэвтрүүлээд эхэллээ.  Энэ технологи юугаараа илүү боломж бий болгох юм бэ?

-Ер нь блокчейн технологи юмыг орвонгоор нь эргүүлэх гэж байна. Энэ өөрөө төвлөрсөн журнал.  Аливаа юм  данстай, бүртгэлтэй  явдаг. Тэрийг бүртгэдэг дэлхий дамнасан  интернет шиг хаанаас ч  орж дансаа нээлгэж бүртгүүлж,  үйлчилгээг нь авч болдог  эзэнгүй хэдий ч  найдвартай технологи  бий  болчихлоо. 

Энэ технологийг бид  маш сайн  анхаарч, энэ рүү  бусдаас хоцрохгүй  орох  шаардлага гарч байна.  Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал гэж яриад байгаагийн  цөм нь блокчейн технологи.  Үнэхээр энэ технологи хүн төрөлхтөний өдөр тутмын хэрэглээ  болоход  банкны орон зай замхарч алга болчхоод байгаа юм.  Энэ технологийн өөрийн шийдлийг монголдоо нэвтрүүлэхээр ажиллаж байгаа залуус бий.  Тэднийг дэмжиж хамтарч ажиллах санаа байгаа.

-Ингээд техниктэй харьцаж банкны үйлчилгээ авна гэхээр  хамгаалалт, нууцлал яах вэ?

-Яг наадахыг чинь шийдэж байгаа технологи  нь блокчейн.  Бид бурханд, төрд, хуульд найддаг.  Гэтэл  блокчейн эзэнгүй.  Гэхдээ тэр нь л өөрөө итгэл төрүүлээд  байгаа юм. Нэг ёсондоо хэн нэгэн хүн дураараа мөнгө хэвлэж,   гүйлгээнд нийлүүлж, инфляцийг тэнгэрт хадаадаг байдал  гарахгүй гэсэн үг.  Нотариат, аудитаас эхлээд өртөг өсгөдөг бизнесийн элдэв давхаргууд  тэр чигээрээ  алга  болно. Тэр хэрээр өртөг буурна.  Үүнийг л хүмүүс олж хараад байна.

Бид банкны мөнгөнд итгэдэг. Үнэн хэрэгтээ банкны тооцоолон бодох төвийн сервер эвдэрвэл, шатвал яах вэ? Гэтэл блокчейн түүнээс  илүү найдвартай. Нэг сервер дээр биш дэлхий даяар байгаа  хэдэн зуун мянган сервер дээр зэрэг хөтлөгдөж байна. Хаа нэгэн сервер шатлаа, эвдэрлээ, хакердууллаа гэхэд түүнээс хамаарахгүй болж байна. Тэр л итгэлийг бий болгоод байна.  Хэн нэгэн түүнийг дураараа удирдана гэж байхгүй.  Дансныхаа үлдэгдлийг өөрөө л хардаг, өөрийнхөө  датаг өөрөө л манадаг технологи бий болчихоод байна.  Энэ рүү л дэлхий нийт  яваад байгаа хэрэг.  

-Цахим шилжилтээр монголд банкны салбар тэргүүлж байгаад хэрэглэгчид маргахгүй байх.  Тэгвэл түүн шиг бусад салбар, төрийн үйлчилгээнд яагаад ашиглагдахгүй байна?

-Уг нь бид жижиг улс. Эстони, хойд Ирланд, эсвэл Хятад, Энэтхэгийн хажууд дижитал ертөнц рүү маш  хурдан хөл тавьж тэргүүн эгнээнд явах бүрэн бололцоотой.  Гэвч  хэл амаа олдоггүй этгээд ард түмэн болж таарлаа. Тал тал тийшээ харсан амбицтай юм байна. Энэ л гол саад тотгор. Тиймээс үүнд төрийн ямар нэгэн оролцоо заавал хэрэгтэй гэж хэлэх гээд байгаа хэрэг.  Тоглоомын дүрэм байх хэрэгтэй байна. 

-Мэдээллийн технологийн салбарт бидэнд экспортын ямар боломж байна? Тухайлбал танай компанийн хувьд?

-Бодитой байна. Бидний лабораторийн шийдлүүд тухайн улсын технологийг өөд нь татна уу л  гэхээс гологдохгүй.

2018 онд Сингапурын групптэй  хамтарсан компани байгуулахаар шийдэлд хүрсэн. Индонез, Филиппин, Мьянмар, Малайзад гарах ажил ч эхэллээ.  2020 оноос экспорт хийх байх.  Мөн Киргизстан, Туркестан, Казакстан, Узбекистан зэрэг улсад ч зах зээл байна. Нилээн авилгажсан орчин байгаа  болохоор бас л хэцүү. Зам дардан биш.

БИ САЙН БИЗНЕСМЭН БИШ

-Комьюптерийн мэргэжлээр Украинд 1975 онд сургууль төгснөөс хойш мэргэжлээрээ өнөөдрийг хүртэл ажилласан гэж намтарт тань байна лээ.  Гэхдээ дундуур нь  яагаад электрон барааны наймаа руу орсон юм бэ?  

-90-ээд оны үед программаар амиа тэжээж чадахгүй болсон.  Наймаа хийхээс өөр ямар ч аргагүй болоод электрон барааны “ЭЛБА” дэлгүүр  байгуулж, таван жил мэдээллийн технологийн салбараас хөндийрсөн хэрэг.  Зөв алхам болж хөл дээрээ ч бослоо.  Тэгээд 2000 оноос  “Грейп Сити Монгол” компаниа дахин байгуулж, цуг ажиллаж байсан залуусдаа  “суурь нь тавигдсан компанийг сайхан авч яваарай” гээд “ЭЛБА”аа  шилжүүлсэн.   Одоо ТУЗ-д нь л байдаг.

-Таны хувьд бизнесийн  амжилтын түлхүүр нь юу бол?  

-Ер нь энэ капиталист нийгэм хатуу ширүүн  өрсөлдөөний талбар  юм байна. Үүнийг би одоо ч танин мэдэх гэж  ядаж л явна.  Гэхдээ би сайн бизнесмен ч биш юм байна. Ер нь тууштай, хөдөлмөрч чанар л амжилтад хүргэдэг юм болов уу.  Бид ажиллаж чаддаг, тодорхой шийдэл бүтээгдэхүүн нийлүүлж чаддаг. Гэвч  маркетинг, зар сурталчилгаа  гэдгийг мэдэхгүй.  Энэ тал дээр толгой ч ажилладаггүй.  

-Залуучуудтайгаа та хэр баг болж хамтарч чадаж байна?

-Баг болох тал дээр харин их сайн. Яг одоо нэг хэцүү юм байна. Нас ахисан болохоор доод шатны залуустайгаа холбоо харилцаанд орж чадахаа больсон.  Зарим нь бүр  танихгүй ч байх.

-Та хэр эртэч хүн бэ?

-Би хүүхэд  байхаасаа өглөө таван цаг  өнгөрөөж сэрдэг байсан.  Ер нь зургаан цаг  өнгөрөөж  ажлаа эхлээд орой 19, 20 цаг  хүргэдэг. Хуучин  шөнийн  00 цаг  хүртэл ажилладаг л байсан. Одоо ядардаг болчхоод байгаа.  

-Хэдийд нь  судалгаа хийж, хэзээ нь  ажилладаг  вэ?

-Би өөрөө ажилдаа дуртай л байхгүй юу.  Дуртай юм чинь  таашаал авна. Шинэ юм олж харж, мэдэж, түүнийгээ туршина.  Ажил хийж байна гээд зовоод зүдрээд байдаггүй.   Харин ч  их таашаалтай.  

-Эрүүл мэнддээ  хэрхэн анхаарч байна?

-Би залуучуудад нэг л зүйлийг хэлдэг.    Хүний бие организм өөртөө дасдаг. Би хүүхэд байхаасаа л нэг хэмнэлээр явж ирсэн учраас миний бие өөртөө дассан. Гоё сайхан болох гэж байгаа гээд гэнэт хоолоо сойгоод л,  фитнесээр хичээллээд, эсвэл нэг эрт босоод л, болиод л байвал бие организм чинь чамайг тааж ядна. Дасах гэж ядаад, болохоо байхаар өвддөг байх л даа. Тиймээс биеэ тодорхой горимд дасгах нь чухал.

ДАРГА БОЛ ЗҮГЭЭР Л ҮЗЭГДЭЛ

-Энэ эрч хүчтэй ажил амьдралын ард том нууц бий байх аа л гэж бодсон хэрэг?  

-Би буддист хүн. Буддын шашны номлол дотоод амгаланг их эрхэмлэдэг. Үүний үндэс нь бусдыг хайрлах, бусдад өөрийгөө өгөх, бусдыг бодох, бусдын өмнө хариуцлага хүлээх. Ийм байхад бухимдах сэдэв гарахгүй.  Хүнээс юм горьдохгүй байгаа юм чинь үргэлж  сэтгэл дүүрэн байна гэсэн үг.  Хариу нь ч дандаа талархал.  Хэрүүл  уруул, бухимдлын реакц бие дээрээ амсахгүй явах нь  сэтгэл санаа уужуу тайван, эрүүл саруул  байх гол үндэс юм болов уу.  Би хүнтэй муудалцдаггүй, хэрүүл хэл ам  хийж бүр ч чадахгүй.  Тиймээс надад дайсан гэж байдаггүй.

-Бизнесийн энэ орчинд харин ч тэмцэл ширүүн биш үү?

-Над шиг хулчгар амьтан  ийм нөхцөлд зай л барьдаг. Хулчгар болохоор зугтчихдаг.  

-Буддын шашинд зорилго чухал биш гэж номлодог. Таны тухайд?

-Тийм л дээ. Буддын шашин одоо цагтаа сэтгэл хангалуун амьдрахыг номлодог. Өнөөдөр гоё юм хийж байна уу, түүнийхээ төлөө хангалттай ажиллаж байна уу, түүндээ дуртай байна уу, өнөөдөр юу хийхээ олж харж байна уу?  тэгээд маргааш, маргааш.  Би дандаа л тэгж явж байсан. Айхтар сүрхий зорилго энэ тэр тавиад түүндээ хүрчихсэн юмгүй л дээ.                       

-“Мэдэх нэг хэрэг.  Хийх нь өөр  хэрэг”  гэж та ч мөн хэлсэн байна лээ. Тодруулбал?   

-Мэдлэг өөрөө зорилго биш шүү дээ.  Тиймээс юу мэдэх гээд байгаагаа  хийхээсээ  үүсгэж  мэдвэл тэр өөрөө утга учиртай болно. Яах гэж мэдсэн юм гэдэг нь чухал. Маш бага мэдлэгээр  маш их юм бүтээж болно.  Хийх гэж байгаа юмандаа зориулж  мэдсэн учраас мэдсэн бол гол юм аа хийнэ. Тэгэхээр эхлээд юу хийхээ олж харах  гэж ойлгож ч болно. Гэхдээ хоорондоо холбоотой доо. Мэдлэг нимгэн бол  юу хийхээ олж харахгүй. Юу хийхээ олж харсан тохиолдолд мэдэхгүй бол болохгүй.

-“Дарга  бол үзэгдэл” гэдгийг ямар утгаар хэлсэн юм бэ?      

-Дарга бол бас нэг үзэгдэл. Муу ч хүн биш, сайн ч хүн биш зүгээр л  үзэгдэл юм.  Мэдээлэл ихтэй учраас доороо ажиллаж байгаа хүмүүсээс толгой нь ажиллаж л байвал илүү байх боломж бий.  Мөн мань эрд шийдвэр гаргах эрх нь ч байна. Эдгээрийг  тооцохгүй бол болохгүй. Ер нь судлахад сонирхолтой л гэж хэлсэн  хэрэг.

Түүний нүүр номоос...

1988 он. МУ ганц Улсын Банктай. Аймаг, дүүрэг бүрт салбар гэж байлаа. Банкны гүйлгээг гараар хийж, түүнийгээ салбарууд дээр перфокартанд шивж бэлтгээд, УБ хот дахь төв банкинд телеграфаар цуглуулдаг байсан цаг. Улсын Банк балансаа сардаа л арай хийн гаргадаг байж билээ.

1999 он. МУ Төв ба Арилжааны банкны давхар тогтолцоонд шилжээд удаагүй, арилжааны банкууд тэр үеийн хувийн компаниудын зохион бүтээсэн нябо бүртгэлийн оффлайн програм хангамж дээр ажиллаж байлаа. 10 хүрэхгүй жилд  13 банк дампуурч байсны нэг хүчин зүйл нь програм хангамж байсан гэж би үздэг.

2012 он. Мобайл утсан дээр суурилсан банкны үйлчилгээний цоо шинэ эрин үе айсуй гэдгийг ХХБ-ны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ соргогоор мэдэрч, mobile-wallet төсөл хэрэгжүүлж эхлээд байсан МОСТ ПСП ХХК-ийн хөрөнгө оруулагч нартай 2 жил гаруй хугацаанд хэлцэл хийсний үр дүнд 50 хувийг  ХХБ худалдан авав.  

2018 он. Банкны танхимын үйлчилгээний жилийн өртөг финтекийн яг ижил үйлчилгээний өртөгөөс 10.2 дахин өндөр.  Иймд финтек  нь disruptive  буюу бүтээлч устгал юм. Банкны зээлийн хүү ойрын ирээдүйд эрс буурна.

Нийтэлсэн: Д.Даваадулам

А.Сүхдорж: Буруу байгаа бол миний л буруу   
Үзсэн: 5597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Rt [127.0.0.xxx] 2019-04-06 19:52
Sonirholtoi yariltslaga baina. Goy yum yarij yarij baisnaa darga marga geed logicui tugsgujee
BB [127.0.0.xxx] 2019-03-12 16:20
ЭРДЭМТЭЙ ХҮН ДАРУУ ИХ МӨРӨН ДӨЛГӨӨН
buyandelger [127.0.0.xxx] 2019-02-23 12:24
UTKOMISSOOS TORSON MUNDAG ZALUUCHUUDIIN NEG BIDNII YEIINHEN CHAMAAR IH BAHARHADAG SHYY CHIMEEGYIHEN ONOGDSON ACJLAA CHAMBAA HIIGEED L IH L SUUDAG BAISAN DAA DYYDEE ACJLIIN AMCJILT ERYYL ENHIIG HYSIE BAHARHMAAR INCJENER ZAHIRAL SHYY MINII DYY
Би [127.0.0.xxx] 2019-02-22 18:06
Дуугүйхэн хийж бүтээдэг ийм хүмүүс олон бий монголд. Мэргэжил, мэдлэгээс нь гадна амьдралын гүн ухаан, туршлагаас нь суралцах сан. Бизнес, шинэ санааг дэмжигч, зах зээл хөгжсөн, олон хүн амтай улсад Гетс, Стив Ж, Зүкбэрг шиг биш юм гэхэд ямарчбсэн тэрбумтан болчихсон бгаа бх даа.
RD [127.0.0.xxx] 2019-02-22 13:48
Бахархал болсон хүн дээ. Ийм их зүйл бүтээчээд яаж ингэж гоё чимээгүйхэн ажлаа хийгээд л яваад байж чаддаг байна аа. Би байсан бол энэ тэнд очиж гайхуулаад л Төр засгаас шагнал урамшуулал нэхээд л сууж байхгүй юу :D
сэтгүүлч нь [127.0.0.xxx] 2019-02-22 14:24
яг үнэн. Гавъяа цол гээд бичиж авах гэсэн чинь ямар ч цол, шагнал байхгүй, сониирхдогчгүй гэнэ лээ. Дааня ярилцагада бичих гэхээр шагнал гоорьдож горилож яриулсан юм шиг болох гээд, огт дурьдаагүй шүү
Иргэн [127.0.0.xxx] 2019-02-23 00:13
Алтангадастай шүү
Зочин [127.0.0.xxx] 2019-02-22 12:44
mundag hun bnaa
Sak [127.0.0.xxx] 2019-02-22 12:10
Сайхан ярилцлага байнаа... юутай ч энэ хүний үзэл бодол,хувь хүний чанар мэдрэгдсэн сайхан л ярилцлага юм.Өөлбөл: Даанч финтек гэдэг нь юу юм? ойлгосонгүй... мэргэжлийн зарим үг хэллэгийг над мэтэд ойлгогдохоор тайлбар бичмээр л санагдлаа.../хаалтанд тайлбар хийсэн бол/ Манайхан ер нь л хамтарч баг болж бие биеэ дэмжиж ажиллахдаа дутагдалтай байдаг шиг...Ярилцлага хийж явахад нэг биш хүнээс яг ийм үг өгүүлбэр сонсож явлаа... Ухаантай хүн бусдын буруутгахаасаа илүүтэй өөрийгөө ойлгуулж чадаагүй миний буруу л байх гэдэг юм билээ...Угтаа нөгөөдүүл нь ойлгохыг ч хүсдэггүй бололтой ...амбицдаад...Ер нь л бид их сонин хүмүүс...бусдыгаа сонсож бас ойлгохыг хүсдэггүй ... баг болж ажиллаж мэдэхгүй...нүүдэлчдийн ясны чанар байхаа...
Зочин [127.0.0.xxx] 2019-02-22 14:36
Finance technology гэсэн үг. Mobile bank chini fintech- iin buteegdhuun

Бидэнтэй нэгдээрэй