Шууд Chart

Жижиг хувьцаатнуудын гомдол сэдэрдэг үе айсуй

2019-03-01 12:10:55

Өнгөрсөн жил нэгж хувьцаандаа 10 төгрөгийн ногдол ашиг тоолж суусан "АПУ" компанийн хувьцаа эзэмшигчид энэ жил өгөөж нь  4.6 дахин өссөнд урамшиж байгаа болов уу.  Үүн шиг нэг хувьцаандаа 3900, 10 000 төгрөгийн ашиг хуваарилахаа зарласан компани ч байна. Тухайлбал “Жуулчин дьюти фрий” компани  хоёр дахь жилдээ 10 000 төгрөг хуваарилахаа мэдэгдэв. Харин “Баянтээг”-ийн нүүрсний компани өнгөрсөн жилийн хувьцааны ногдол ашгаа 2,5 дахин бууруулж  3900 төгрөгөөр тогтоожээ. 

Араас нь 777 төгрөг хуваарилсан “Гутал”, 550 төгрөг хуваарилсан “Хурд”, 500 төгрөг  ногдуулсан “Техник импорт” компаниуд 2018 оны ашиг түгээж буй өгөөжөөрөө удаалж байна.  Гэхдээ эдгээр компанийн хувьцаа “АПУ”, “Сүү” хувьцаат компаниудыг бодоход  хэд дахин цөөн,  үнэнь өндөр  гэдгийг тодотгоё.  Тухайлбал “Жуулчин дьютий фрий” компанийн нэгж хувьцааны ханш өчигдрийн байдлаар /2019.02.27/ 138 мянган төгрөгт хэлбэлзэв. Харин энэ жилийн хувьд хамгийн бага ногдол ашиг нь 1 төгрөг. Олон  ширхэг хувьцаатнуудад асуудал биш байж болох ч, цөөн хэдтэй хөрөнгө оруулагчдад ёстой л ногдлоо авахад гаргах зардлыг нь дарж чадахгүй. Гэхдээ л  1 төгрөг хуваарилсан  компаниудыг  таг дуугүй гүрийдэг, эсвэл ашгаа алдагдлаар дарж, "нулимс унагадаг" компаниудтай  харьцуулж яаж болох билээ. 

Ийм байдлаар 2018 оны санхүүгийн тайлангаа ирүүлсэн  61 компаниас 19 нь  ногдол ашиг тараах мэдээг  Хөрөнгийн биржийн цахимаас харж болно. Тэдний мэдээгээр энэ жилийн ногдол ашгийн хэмжээ ч өмнөх жилүүдийнхээс өсөх нь.  Мөн ашиг  тараагч дотор Лэнд.mn-ээс эхлээд өнгөрсөн жил шинээр хувьцаа гаргасан компаниуд ч орж байгаа нь ч сайшаалтай. 

 Санхүүгийн тайлангийн хугацаа 4 сарын 30-нд дуусах хүртэлх хугацаа байгаа учир ногдол ашиг тараагч компаниудын тоо өсөх байх гэсэн хүлээлт буй.

Ногдол ашиг хуваарилах мэдээтэй зэрэгцэн ойрын өдрүүдэд хувьцааны ханш ч  ахиж эхлэв. Энэ бол хөрөнгийн зах зээлийн зүй ёсны үзэгдэл. Ингэж л хувьцаа эзэмшигчид ногдол ашиг, хувьцааны ханшийн зөрүүнээс ашиг олдог. Компанийн  үнэлгээ, хөрөнгө өсч, хөрөнгийн зах зээл ингэж л идэвхэжнэ.  

1993 оны ногдол ашгийн “рекорд” эвдэгдээгүй

Өмч хувьчлал явагдсан 1990-ээд оноос хойш компаниудын хувьцаанд ногдол ашиг хувиарлаж ирсэн түүхийг  харвал хамгийн өндөр жил нь 1993 он.  Тухайн үед 111 компани ногдол ашиг хувиарлаж байсан нь өнөөдрийг хүртэл хамгийн олонд тооцогдсон хэвээр. Дараах жилүүдэд нь 89, 69 гэх зэргээр буурсаар 2015 оноос хойш жилд дунджаар 22-26 компани ашиг хуваариладаг жишиг тогтоод байгаа юм.  Тухайлбал сүүлийн 5 жилээс ажиглахад хувьцаа нь идэвхтэй арилжаалагддаг компаниудын 20 хүрэхгүй хувь нь хөрөнгө оруулагчиддаа ашиг хувиарлаж иржээ.  Энэ талаар Монголын Хөрөнгийн Биржээс тодруулахад зарим компани хөрөнгө оруулалтдаа анхаарч, ирээдүйн өгөөжийг тооцож байна гэж мэргэжилтэн П.Нямдорж мэдэгдлээ.

Монголын Хөрөнгийн биржид 220-иод компанийн хувьцаа арилжаанд байгаагаас 120-130 компанийх идэвхитэй арилжаалагдаж байна.      

Монголын  7 тэрбум хувьцааны 70 хувийг 250 хүн эзэмшдэг

“Сүү” хувьцаат компани 34 сая ширхэг хувьцаатай, 1600 гаруй хувьцаа эзэмшигчтэй. Хувьцаа нь идэвхтэй арилжаалагддаг компанийн нэг. Гэхдээ нийт  хувьцааны 93,8 хувийг гуравхан  хөрөнгө оруулагч  эзэмшдэг.  Үлдсэн 6.2 хувийн  хувьцаа  1500 жижиг хувьцаа эзэмшигчийнх. Энэ бол хувьцааны төвлөрлийн нэг жишээ. Угтаа 1992 оны өмч хувьчлалаас үүдсэн  хөрөнгийн төвлөрлийн ганцхан  жишээ нь энэ.  

“Монголын хөрөнгийн зах зээлд 7 тэрбум ширхэг хувьцаа эргэлддэг. Гэхдээ үүний дөнгөж  5 хүртэл хувийг нийт хувьцаа эзэмшигчдийн 99 хувь нь эзэмшиж буй. Гэтэл нийт  хувьцаа эзэмшигчдийн 0,1 хувь буюу 250 гаруй хүнд нийт хувьцааны 70 хувь нь төвлөрсөн” гэсэн мэдээг Санхүүгийн зохицуулах хорооны мэдээнээс харж болно.  

Саналын эрхгүй,  жижиг хувьцаа эзэмшигчид байнга асуудалтай тулгардаг шалтаг, шалтгааны нэг ч байж болох юм энэ.

Монголын хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компани нь “Эрдэнэс Таван толгой”.  Хувьцааны эзэд нь  2 сая 500 гаруй мянга ч компанийн нийт хувьцааны 15 хүрэхгүй  хувийг л эзэмшдэг. Тиймээс ч хууль номоороо хувьцаа эзэмшигч иргэдийн төлөөлөл удирдах зөвлөлд байдаггүй. Хараат бус зөвлөл эрхийг хамгаалах ч одоо хүртэл шүүхдэлцэж маргасан  хэвээр.  Мөн  хувьцаа эзмшигчдийн тоогоор хоёрт ордог 45 000 хувьцаа эзэмшигчтэй  УИД ХК гол дүр нь.  Тус компани 1999 онд хувьчлагдсанаас хойш өнгөрсөн 20 жилд 50 мөнгө, 3 төгрөг, 5 төгрөг гээд гурван удаа л удаа ногдол ашиг тараажээ.  УИД компанийн нийт хувьцааны 70 хувийг нэг гэр бүлийнхэн, “Номин Холдинг”ийн нэрээр, харин үлдсэн 25 хувийг нөгөө 45 000 иргэн эзэмшдэг. Жижиг хувьцаа эзэмшигчид нь эрх ашгаа хохирч буй гэж үзээд 2007 оноос маргалдаж, улмаар Санхүүгийн зохицуулах хороо тэдний өмнөөс 2015 онд УИД компанитай шүүхдэлцсэн ч шүүх маргааныг хэрэгсэхгүй болгосон. Угтаа УИХ компани хожсон гэсэн үг.  

Өндөр үнэтэй, давхар давхар түрээсийн гэрээ хийж, ашиггүй ажиллаж, хувьцаа эзэмшигчдийг хохироож буйг Санхүүгийн зохицуулах хороо гурван  жилийн санхүүгийн тайлангийн шалгалтаар тогтоож, зөвлөмж санал хүргүүлж,   асуудлыг шийдэхээр гэрээ  байгуулав.  Одоо л нэг асуудал шийдэгдэх нь хэмээн амьсгаа автал  саналын эрхтэй дйилэнхи хувьцааг эзэмшигч “гэр бүл”  бүх ажлыг нь нураажээ.  УИХ ХК, Санхүүгийн зохицуулах хороо хоёрын алдагдлыг бууруулах, 45 000 хөрөнгө оруулагчийн эрхийг харгалзан үзэх гэрээг  “Номин холдинг” ын  гэр бүл  “сэлэмдсэн” нь тэр.

УИД компани дахин 67 сая төгрөгийн алдагдалтай ажилласнаа хэдхэн хоногийн өмнө СЗХ-нд тайлагнаж, компанийн нийт алдагдал 6,5 тэрбум төгрөгт хүрснээ олон нийтэд мэдэгдлээ. СЗХ нөгөө л шалгалтаа дахин хийхээр болж байна. Түүх дахин давтагдах уу, эсвэл Санхүүгийн зохицуулах хорооны эрх мэдэл аль шат хүртэл явахыг ёстой л цаг хугацаа харуулах байх даа.

Хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Долгорсүрэн ингэж ярилаа. 

   

 

Жижиг хувьцаа эзэмшигчид эрхгүй гээгдэгсэд биш гэв

Давуу хувьцаа эзэмшигчтэйгээ  уулзан асуудлаа тавьж, саналаа уламжлах гээд хэдэн жил дамнаж хөөцөлдөөд нүүрийг нь  байтугай сүүдрийг нь олж хараагүй гэх гомдол ганц УИД компанийн хөрөнгө оруулагчдынх  биш ээ. Өнөөдөр тус компани дээр гарч байгаа маргаан монголын олон зуун хувьцаат компанийн нэг  дүр нь. Гол нь хотын төв дэхь  хөл  хөлхсөн гоё байшин, УИД-ийн  буянаар дахин дахин сөхөгдөж, анхааралд ордог юм.   

Гэхдээ жижиг хувьцаа эзэмшигчид хуулийн ямар ч эрхгүй гээгдэгсэд бас биш гэнэ.  Компанийн засаглалын Үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр “жижиг хувьцаа эзэмшигчид Компанийн тухай болон бусад хуульд заасан эрхийнхээ  төлөө ажилладаггүй нь   эрхээ мэддэггүйтэй  холбоотой” гэв.

 

Хувьцаат компаниудын ашиг хүртэгчид нууц байх гэж үү       

"АПУ", "Сүү", эсвэл "Талх чихэр",  Хөрөнгийн биржийн томоохон хөрөнгө оруулагч, олонхи хувьцааг эзэмшигчид нь хэн бэ? 

Бидний хөрөнгөө оруулъя, хувь эзэмшье,  эсвэл монополи уу, үгүй хэмээн эргэлзүүлсэн компаниудын  ашиг хүртэгчид нь хэн байдаг юм бол? Та хариулж чадах уу?

Олонх нь үгүй болов уу. Тэгвэл  бид  хувьцаат компаниудын  5 хувь, түүнээс илүү хувьцааг эзэмшигчдийг бүр ч мэдэхгүй.  Мэдээлэл нь ч нууц байдаг байх нь. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулинд “Хувьцаат компаниудын 5 аас дээш хувийг эзэмшигчдийн мэдээлэл ил тод байх ёстой” гэж заасан ч  хэрэгждэггүй байна. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн  ОУ-ын жишгээс гажсан журам  хөрөнгө оруулагч,  хувьцаа эзэмшигчдийн, цаашлаад олон нийтийн мэдэх эрхэнд тээг болсон хэвээр.  Үүнийг би  ч хэлж байгаа юм биш. Компанийн засаглалын ҮЗ-ийн дарга П.Ганбаяр:

 

 

Ийм байдлаар хувьцаа эзэмшигч, цаашлаад хөрөнгийн зах зээлд чөдөр  болж буйг өгүүлбэл компанийн ил тод, нээлттэй байдлыг ч ярилгүй өнгөрч болохгүй.  Компанийн засаглалын үндэсний зөвлөл өнгөрсөн онд Монголын ТОП 20 компанийн ил тод нээлттэй байдлыг судалжээ.  Монголын шилдэг 20 компанийн, нөгөө та бидний, монголчуудын бахархал болж, бусдаа манлайлсан компаниудын мэдээллийн ил тод байдал 50 хувьд ч хүрэхгүй байна  гэсэн судалгааны хариулт таныг ч анхаарлыг татах нь лав. 

Үндэсний үйлдвэрлэлд хөрөнгө оруулъя, зээлийн хүүг бууруулъя, банкны хараат байдлаас гаръя, мөнгө хүүлэлт ихэслээ, эсвэл компанийн сайн засаглалыг хөгжүүлье гэх зэргээр бид ярьж, шүүмжилсээр хичнээн ч жил болов.  Үүний нэг  түлхүүр хөрөнгийн зах зээл, түүний хөгжил гэдгийг ч ойлгох болж. Тэгвэл хийцгээе л дээ. 

Нийтэлсэн: Д.Даваадулам

Жижиг хувьцаатнуудын гомдол сэдэрдэг үе айсуй  
Үзсэн: 1809 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй