
Канадын Засгийн газрын гишүүн, Сан хөмрөгийн зөвлөлийн дарга Жейн Филпотт огцорсон тухай “ТАСС” агентлаг мэдээллээ. Тэрбээр Канадын Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор асан Жоди Уилсон-Рейбоулдыг тойрсон дуулиантай холбогдуулан ажлаа өгөх шийдвэр гаргажээ. Сан хөмрөгийн зөвлөлийн дарга Филпотт Ерөнхий прокурор асанд дарамт шахалт учруулах гэсэн улс төрчдийн оролдлогууд нотлогдсон тул огцрохоор болсон гэжээ. Жейн Филпотт огцрох хүсэлтээ гаргах үеэрээ Канадын Засгийн газарт итгэл алдарсан тухайгаа ярьсан байна.
Тэрбээр “Би өөрийн үнэлж хүндэтгэдэг зүйлс, ёс зүйн болон Үндсэн хуулийн үүрэг хариуцлагаа сахин үлдэх ёстой” хэмээн мэдэгдсэн байна. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо ч түүний огцрох хүсэлтийг хүлээн авчээ. Канадад сүүлийн үед улс төрийн томоохон дуулиан дэгдсэнтэй холбоотойгоор сөрөг хүчнийхэн Ерөнхий сайд Жастин Трюдог огцрохыг шаардаж байгаа юм. Канадын Ерөнхий прокурор асан Уилсон-Рейбоулд өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд “Эс-эн-си Лавалин”барилга инженерийн компанийн луйврын ажиллагаанд Трюдогийн засаг захиргааны зүгээс дарамт шахалт учруулсан гэж мэдэгдсэнээс хойш энэхүү дуулиан дэгдсэн юм.
Уг компани Ливитэй ашигтай гэрээ хэлэлцээр хийхийн тулд Ливийн дарангуйлагч агсан Муаммар Каддафийн Засгийн газрын эрх бүхий албан тушаалтнуудад авлига өгсөн гэнэ. Ингэхдээ Канадын төрийн өндөр албан тушаалтнууд дарангуйлагчийн хүү Саади Каддафийг улсаасаа оргон зугтаж, Мексикт орогноход туслах гэж байсан нь тогтоогджээ. Харин тухайн үед Ерөнхий прокуророор ажиллаж байсан Жоди Уилсон-Рейбоулдод дарамт шахалт үзүүлэх болсон нь “Эс-эн-си Лавалин”компанийг эрүүгийн хэргийн мөрдлөг шалгалтаас зайлсхийлгэх гэсэнтэй холбоотой юм байна. Компанийн эсрэг мөрдлөг шалгалт эхлэх үед Трюдо Ерөнхий сайд болоогүй байсан ч түүний сайд нарын танхимын гишүүд экс прокурорт энэ хэргийг хаахыг шаардаж, дарамт шахалт үзүүлж байсан гэжээ.
Канадын Сан хөмрөгийн зөвлөлийн дарга огцорлоо | ||
Үзсэн: 1002 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.