
Малайзын шүүх Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Чон Намыг санаатайгаар хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байсан хоёр эмэгтэйн нэг болох Вьетнамын иргэн Дон Тхи Хёонгийг суллахаас татгалзлаа. Энэ эмэгтэй уг хэргийн улмаас хоёр жил гаруйн хугацаанд саатуулагдаж байгаа юм гэж “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна.
Улсын яллагч түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахыг зогсоох хүсэлтийг хүлээн аваагүй тухай мэдээллүүд олон улсын хэвлэлүүдэд гарч байна.
Даваа гарагт энэ хэрэгтэй холбогдуулан саатуулагдаж байсан өөр нэгэн эмэгтэй болох Индонезийн иргэн, 26 настай Сити Айсяг буруугүй гэж үзэн шүүхийн заалнаас шууд сулласан байна. Прокуророос тэднийг хүн хөнөөх гэж байгаагаа мэдэж байсан гэж үзээд цаазын ял оноохыг шаардаж байсан. Харин өмгөөлөгчид нь бүсгүйчүүд хүн хордуулж байгаагаа мэдээгүй, нууц камераар авсан зураг авалтад л оролцож байсан гэж мэдэгджээ.
Умард Солонгосын удирдагчийн эцэг нэгтэй ах Ким Чон Нам 2017 оны хоёрдугаар сарын 13-нд Малайзын Куала-Лампурын нисэх онгоцны буудлаас эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан юм. Тэрээр нас барахаасаа өмнө үл таних хүн нүүр рүү нь шингэн юм цацаад зугтаасан, толгой маш их эргэж байна гэж ярьжээ. Малайзын засаг захиргаанаас түүнийг “Ви-Экс” хэмээх мэдрэл сааталд хүргэдэг хориотой бодист хордож амиа алдсан болохыг тогтоосон юм.
Энэ хэрэг гарсан даруйд Вьетнам, Индонезийн иргэн хоёр эмэгтэйгээс гадна Умард Солонгосын нэгэн иргэнийг саатуулсан ч удалгүй сулласан байна. Малайзын цагдаагийн газраас энэ хэрэг гарсан өдөр Умард Солонгосын дөрвөн иргэн Куала-Лампураас ниссэн, одоо Пхеньянд байгаа гэж үзэж байна. Эдгээр дөрвөн хүнийг Интерполын шугамаар олон улс даяар эрэн сурвалжилж байгаа юм.
Ким Чон Намыг хөнөөсөн хэрэгт сэжигдэж байгаа эмэгтэйг суллахаас татгалзжээ | ||
Үзсэн: 677 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.