
Монголын тайз, дэлгэцийн урлагийг монгол гэрийн хоймор дахь авдартай зүйрлэвэл тэр авдрын нүүрэн дээрх арслан нь театр, киноны нэрт зүтгэлтэн, найруулагч, багш, жүжигчин Гүрсэдийн Доржсамбуу агсан гэхэд хилсдэхгүй. Түүний төрсөн өдөр өчигдөр тохиосон бөгөөд Улсын драмын эрдмийн театр Г.Доржсамбуугийн мэндэлсний 70 жилийн ойд зориулан “Тэнгэр мэднэ” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.
УДЭТ-руу очиход тус театрын гадаах том самбарт Г.Доржсамбуу агсны хар цагаан гэрэл зураг, “Тэнгэр мэднэ” гэсэн томоос том бичиг угтав.
Түүний төрсөн өдрөөр төрөлх театр нь Г.Доржсамбуу агсны амьдрал, уран бүтээлийн талаарх гэрэл зургийн үзэсгэлэн, “Арслан” цомын шагнал гардуулах ёслолын ажиллагаа, “Тэнгэр мэднэ” дурсамж хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулж, найруулсан жүжгүүдийг нь сэргээн тоглож, урлагийн Арслангаа эргэн дурслаа.
Энэ үеэр Г.Доржсамбуу агсны хань, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ц.Цолмон “Өнөөдөр (өчигдөр) ханийн минь 70 насны ой болж байна. Бид чацуу л даа. Хамтдаа 26 жилийг өнгөрүүлж, гурван хүүхдийн аав, ээж болсон. Өнөөдөр хамтдаа өнгөрүүлсэн дурсамж бүхнээ бодож сууна. Бидний залуу нас театрт л өнгөрсөн. Би Хүүхэд залуучуудын театрт жүжигчин байлаа. Харин хань минь УДЭТ-т ажиллаж, олон уран бүтээл хийсэн. Хэдий өнөөдөр баяртай, аз жаргалтай сайхан арга хэмжээ болж байгаа ч надад хүнд байна. Хань минь 45 настай бурхан болсон. Энэ арга хэмжээг зохион байгуулж буй драмын театр, шавь нарт нь, ирсэн бүх зочдод баярлалаа” гэсэн юм.
Г.Доржсамбуу агсны анхны шавь нарын нэг, урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу “УДЭТ 2005 оноос хойш “Алтан үеийнхэн-Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээг жил бүр зохион байгуулж ирлээ. Энэ хүрээнд театр, киноны нэрт зүтгэлтэн, найруулагч, багш, жүжигчин Г.Доржсамбуу агсны 70 жилийн ойг тэмдэглэж байна. Нэрт найруулагчийн гарын шавь нар 2009 онд “Тэнгэр мэднэ” нэртэй дурсамжийн ном бүтээж байсан бөгөөд жил бүр төрсөн өдрөөр нь “Тэнгэр мэднэ” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг. Уламжлалын дагуу энэ тоглолт болно. Мөн Г.Доржсамбуу найруулагчийн амьдрал, уран бүтээлийн талаарх үзэсгэлэнг дэлгэж байна. Мөн ар гэрийнхэн нь шилдэг найруулагч, жүжигчин, уран бүтээлчдэд найм дахь удаагийн “Арслан” цом гардуулна.
Г.Доржсамбуу багш 1980 онд Украины Киев хотын Театр урлагийн дээд сургуулийг төгсөж ирээд, УБДС-д багшилж, Кино драмын нэгдүгээр дамжааны оюутнуудад жүжигчний уран чадварын хичээл зааж эхэлсэн. Тухайн үед Кино драмын анги дөрвөн жилд нэг удаа элсэлт авдаг байсан. Харин багш сургуулийн ректор Д.Отгонсүрэнд “Би ирэх хавар жүжигчний ангид элсэлт авч, гарын шавь нараа бэлдмээр байна” гэсэн санал тавьсныг ректор зөвшөөрч, багш өөрөө шавь нараа сонгож, цуглуулснаар би болон манай ангийн 25 хүүхэд 1981 онд энэ эрхэм хүнтэй хувь тавилангаараа холбогдсон. Манай ангиас жүжигчнээс гадна олон найруулагч, багш, театрын зүтгэлтэн төрсөн. Бүгд л мэргэжлээрээ амжилттай ажиллаж явна. Ангиас маань Урлагийн гавьяат зүтгэлтэн гурав, гавьяат жүжигчин хоёр төрсөн
Багш 1980 оноос хойш тасралтгүй 10 жил багшилсан. Энэ хугацаанд Монголын тайз, дэлгэцийн урлагт нэр төртэй яваа олон сайхан уран бүтээлчийг бэлтгэж уран бүтээл төдийгүй амьдралынх нь зам мөрийг зааж, чиглүүлж өгсөн. Тухайлбал, урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Н.Пүрэвдорж, Ч.Ганхуяг, гавьяат жүжигчин И.Одончимэг, У.Батбаатар, У.Уранчимэг, Ц.Төмөрхуяг, С.Лхагвасүрэн, Ш.Алтанцэцэг, Ж.Оюундарь, Л.Дэмидбаатар, Г.Золбоот, С.Өлзийхүү, соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Д.Цоодол, соёлын тэргүүний ажилтан жүжигчин Б.Нармандах, Н.Онон, О.Энхтуул, Д.Бямбацогт нарын уран бүтээлч бий. Тэд Монголын тайз, дэлгэцийн урлагийн ачааны хүндийг үүрч явна. Багшийн нийт шавь нараас Монгол Улсын гавьяат цолтон 15 төрсөн байна. Г.Доржсамбуу багш торгон, нарийн мэдрэмжтэй, ухаантай, аливаа зүйлийг томоор, бүтнээр нь холыг харж чаддаг байсан нь багшийн уран бүтээл, бүтээсэн дүрүүд, найруулсан жүжгүүдээс нь анзаарагддаг” гэлээ.
Г.Доржсамбуу агсан УДЭТ-ын тайзнаа "Хүний санаа", "Найрын ширээний ууц", "Болд хэрхэн хатаагдсан нь", "Буцах хаяг", “Нора”, "Цусан тахилга" зэрэг дэлхийн болон Монголын 20 гаруй сонгодог бүтээлийг амилуулсан байдаг. Мөн тайз, дэлгэцийн олон дүрийг амилуулж, үзэгч түмний сэтгэлд хоногшсон билээ.
2019 оны "Арслан" цомын эздээр:
Шилдэг зохиолч - Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар
Шилдэг найруулагч - Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Пүрэвдорж
Шилдэг зураач - соёлын тэргүүний ажилтан С.Ариунболд
Шилдэг эрэгтэй жүжигчин - соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ
Шилдэг эмэгтэй жүжигчин - гавьяат жүжигчин Ж.Оюундарь
Шилдэг театрын зүтгэлтэн - гавьяат жүжигчин Б.Тунгалаг
Шилдэг багш, сурган хүмүүжүүлэгч - "Сити" дээд сургуулийн захирал, доктор, профессор Ц.Байгалмаа
Хүндэт цомын эзэн - ОХУ-ын ардын жүжигчин, Буриад улсын ардын жүжигчин Лариса Игорова нар тодорлоо.
Ийн УДЭТ-аас гарахад тус театрын гадаах том самбарт Г.Доржсамбуу агсны хар цагаан гэрэл зураг, “Тэнгэр мэднэ” гэсэн томоос том бичиг үдэв. Тэр мөчид урлагийн Арслангийн тэнгэр нь тэнгэрлэг оюунт театрын үзэгчид, дэлгэцийн бүтээлд шимтэгчид юм байжээ гэж бодогдов.
Урлагийн Арслан | ||
Үзсэн: 1873 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.