Шууд Chart

“Нэмж хувьцаа гаргасан компани 25 хувиа нийтийн болгох ёстой”

2019-03-27 09:48:21

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнтэй Монголын радиогийн “Асуулт байна” нэвтрүүлгээр ярилцлаа.

- Монголын Хөрөнгийн биржийн мэдээгээр /2019.03.01-ны/ 17 хувьцаат компани ногдол ашиг хуваарилах мэдээ ирсэн байна. Өнгөрсөн жилүүдийг бодоход хэрхэн ахисан үзүүлэлт вэ?

- Өнөөдрийн байдлаар нийт 67 хувьцаат компани ногдол ашиг хуваарилах эсэх шийдлээ хийж мэдэгдсэн. Тэдгээрээс 17 компани нийт 55 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан байна. Сүүлийн жилүүдтэй харьцуулахад дундаж хэмжээний ногдол ашгийн дүн. Компанийн тухай хуульд гурван нөхцөлийг хангасан тохиолдолд ногдол ашиг хуваарилна гэж заасан. Ногдол ашиг хуваарилсны дараа тухайн компани төлбөрийн чадвартай байх ёстой. Давуу эрхтэй хувьцааг хуваарилах, түүнд өгөх төлбөрийг төлсний дараа ногдол ашгийг энгийн хувьцаа эзэмшигчид олгох ёстой. Гуравт эргүүлэн худалдан авах буюу компани өөрөө худалдаж авах үүрэг хүлээсэн хувьцаагаа худалдаж авсны дараа ногдол ашиг хуваарилах ёстой.

Ер нь хувьцаа эзэмшигчид надад ямар хэмжээний ногдол ашиг өгөх ёстой вэ гэж асуудаг. Энэ мөн тухайн компанийн ашигт ажиллагаа, стратеги төлөвлөгөөтэй холбоотой. Мэдээж тэр компанид үйлдвэрлэлээ хөгжүүлэх, өргөжүүлэх хэрэгцээ бий. Тиймээс хэдийгээр ашигтай ажилласан ч тухайн жилдээ ногдол хуваарилахгүй гэсэн шийд гаргах эрх нь тухайн компанид бий. Түүнийг хувьцаа эзэмшигчдийн хурлаараа хэлэлцэх ёстой.

- Энэ оны байдлаар Хөрөнгийн биржид бүртгэлтэй 220 гаруй, хувьцаа нь идэвхтэй арилжааллагддаг 120 гаруй компани бий. Тэдгээртэй ногдол ашиг хуваарилах компанийн тоог харьцуулахаар тун бага байна?

- Ногдол ашиг хуваарилахгүй гэсэн компани нэг бол ашиггүй ажилласан, эсвэл хөрөнгийн зах зээлд өөрийнх нь хувьцаа арилжаалагддаг ч нэр төдий компаниуд гэсэн хоёр нөхцөл бий. Ялангуяа Хөрөнгийн биржийн 3-р самбарт бүртгэгдсэн компаниуд үндсэндээ ногдол хуваарилах битгий хэл үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон байдаг. Тэр компаниудад ногдол ярих ямар ч боломжгүй. Тэдгээр компаниуд цаашаа явах, явахгүйгээ шийдэх ёстой. Нэг үгээр хувьцаат компани хэлбэрээр байх уу, хаалттай компани болох уу гэдгээ шийдэх ёстой.

Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо сүүлийн гурван жил хатуу бодлого барьж байна. Хөрөнгийн биржийн бүртгэлийг цэгцэлж, ногдол ашиг хуваарилдаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй компаниудыг бүртгэлээс хасах ёстой. Энэ асуудлыг ирэх 3 дугаар улирал гэхэд цэгцлэхээр хамтарсан ажлын хэсэг гарсан судалж байна. Нөгөө талд суурь үзүүлэлттэй холбоотой. Тухайн компаниудын үүсгэн байгуулагдсан 91, 92 оны санхүүгийн тайлан одоо хүртэл хэвээр байдаг. Өөрийнхөө үндсэн хөрөнгийг дахин үнэлүүлээгүй, балансын үнэ нь бага хэмжээтэй яваад байдаг. Үүнийг дагаад ногдол ашгийн асуудлууд өөр өөр харагддаг. Үүнийг цэгцэлж, бодлогын шийдэл гаргахаар Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, дэд бүтцийн салбар байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг хийхээр ажиллаж байна. Энэ явцад тухайн компанийн жижиг хувьцаа эзэмшигчид яах вэ гэсэн асуудал үүснэ. Хувьцаагаа заръя гэвч авах хүн байхгүй. Нэг ёсондоо нийлүүлэлт байсан ч эрэлт байхгүй гэсэн үг. Ийм нөхцөл байдал үүсээд байгаа.

- Ногдол ашиг хуваарилж байгаа 17 компани дотор дөрвөн компани нэгж хувьцаандаа тус бүр 1 төгрөг, хоёр компани 1000 төгрөгөөс дээш, нэг компани хамгийн өндөр ашиг буюу нэгж хувьцаандаа 10 000 төгрөг хуваарилсан байна. Тэгвэл огт хуваарилахгүй, ашиггүй ажилласнаа зарлаад яваад байдаг компаниудыг яах вэ?

- Компанийн ТУЗ хэчнээн төгрөгийг ногдол ашигт хуваарилахаа шийддэг. Нэгж хувьцаанд 10 000 төгрөгийн ногдол ашиг олгож байгаа бол тухайн компанийн нэгж хувьцаа өөрөө өртөг өндөртэй гэсэн үг. Нэгж хувьцааны ногдол ашгийн хэмжээ өөрөө хувьцааны үнэ цэнийг харуулж чадахгүй.

УИД ХК өөрөө Монголд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн дараа орох хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй. Гэсэн ч тэдний эрх ашиг хамгийн их зөрчигдсөн гэж үзэж байгаа. Тэдний эрх ашгийн төлөөх ажил яагаад үр дүнд төдийлөн хүрэхгүй байна вэ?

Зарим компаниуд халхавчилсан гэрээ хийх замаар компанидаа зохиомол алдагдал бий болгодог. УИД ХК олон жил яг ийм байдлаар, олох ёстой орлогыг халхавчилсан гэрээгээр, өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулан авдаг болохыг Санхүүгийн зохицуулах хороо 2015 онд хийсэн шалгалтаараа тогтоосон. УИД гэдэг компани өөрөө “Номин холдинг”, “Номин Трейд” зэрэг компанийн сүлжээнд орсон, бие даасан, хараат бус байдлаа алдсан, тухайн компанийн хавсарга хэлбэрт орсон байна гэдэг дүгнэлт гаргасан. Халхавчилсан 13 гэрээ байгуулж олох ёстой байсан орлогыг гувчуулсан байдаг. Жилд 3 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах боломж байсныг ч тогтоосон. Үүнтэй холбоотой хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс Санхүүгийн зохицуулах хороо шүүхэд гомдол гаргасан. Компанийн тухай хууль зөрчиж, ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн, өөрийн хамаарал бүхий компанитай түрээсийн, зээлийн гэрээ хийсэн. Тухайн зээл нь УИД компанид дарамт болж хувирсан зэрэг асуудлуудыг гаргаж тавьсан.

Шүүх тухайн гэрээ хэлцэл ашиг сонирхлын зөрчилтэй болсон байна гэж үзсэн ч гэрээ хийх процесс буюу хийх журмыг зөрчсөн нь тогтоогдохгүй байна гэж гэдэг үндэслэлээр Санхүүгийн зохицуулах хорооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

- Анхан шатны шүүх үү?

- Тийм. Тиймээс жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл, бид эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Тухайн шатны шүүх хэргийг хянаж үзээд анхан шатны шүүх рүү буцаасан. Нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг сайн судалж үзээгүй байх магадлалтай гэж үзсэн байсан.

- Дараа нь танай хороо УИД компанитай хамтарч ажиллах гэрээ байгуулсан байдаг. Гэсэн ч компанийн давамгай хувьцаа эзэмшигчид хүлээж аваагүй гэсэн мэдээлэл байсан. Үүнийг тодруулбал?

- Тухайн үед шүүхийн маргаан урт хугацаанд үргэлжлэхээр байсан. Мөн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, тэдгээрийн төлөөлөл буюу гүйцэтгэх удирдлага итгэмжлэн төлөөлөгч нь Санхүүгийн зохицуулах хороонд санал тавьсан. Шүүхийн энэ маргааны явцад бүх хувьцаа эзэмшигчид, бүх тал хохирох гээд байна. Компанид хортойгоор нөлөөлнө. Тиймээс хуулийн хүрээнд хамтарч ажиллаад бүх талын эрх ашгийг нэг цэгт тулгая гэсэн саналыг манайд тавьсан.

Үүнийг бид 3-6 сарын хугацаанд судлаад, шийдэл гаргасан. Гэвч 2018 оны 4 сард хувьцаа эзэмшигчдийн хурлаараа УИХ ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид эсрэг санал гаргасан. Тухайлбал компанийн өрийг хувьцаагаар солих, хараат бус байдлыг хангах зэрэг гэрээний үүргээ биелүүлээгүй, Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо дараагийн алхам уруу орох шаардлагатай болсон.

- УИХ компани 1999 онд хувьчлагдсанаас хойш 50 мөнгө, 3 төгрөгийн гээд хоёр удаа ногдол ашиг хуваарилсан гэсэн. Ногдол ашиг нь түүнийг очиж авах зардалдаа ч хүрэхгүй нь. Биднийг доромжиллоо гэсэн бухимдал ч тэр үед гарч байсан. Одоо яах ёстой юм бол?

- Энэ нь компанийн хувьчлалаас үүдсэн төвлөрөлтэй холбоотой л доо. УИД ХК өнөөдрийн байдлаар 44 мянган хувьцаа эзэмшигчтэй. Гэхдээ тэд УИД компанийн нийт хувьцааны 25 хувийг л эзэмшдэг. Аав, ээж, ах дүү, амраг садан гэсэн 5 хувьцаа эзэмшигч нь нэгдмэл сонирхолтой. Үлдсэн хоёр хувьцаа эзэмшигч нь тусдаа. Энэ 7 хувьцаа эзэмшигч нь нийт хувьцааны 75 хувийг эзэмшдэг.

Тиймээс ч 44 000 хүнд ногдол ашиг хуваарилахад нэг удаа бүр нэгж хувьцаанд 30 мөнгө ногдож байсан. Олон хүнийг бухимдуулах сэдэл нь энэ. Гэтэл үүнээс илүүг хуваарил гэж компанийг шахах эрх бидэнд байхгүй. Санхүүгийн зохицуулах хороо ямар ч тохиолдолд олгож болох хамгийн дээд хэмжээнд ашгийг хуваарил, зардлаа гарга л гэдэг.

- “УИД ХК 2018 онд дахиад 65 сая төгрөгийн алдагдалтай ажиллалаа. Нийт алдагдал 6 тэрбум төгрөг давлаа гэж мэдэгдсэн. Энэ алдагдлыг яаж нотлох вэ?

- Ер нь 2010 оноос хойш УИД хоёр л удаа ашигтай ажилласан. Бусад жилүүдэд дандаа алдагдал хүлээсэн. Алдагдлын шалтгааныг бид тогтоосон. Нэгд зээл авч зээлийн хүүгийн дарангуйлалд ордог. Валютын ханшийн зөрөөн дээр маш их алдагдал хүлээдэг. Мөн орлогоо бүтэн олж чаддаггүй. Орлого нь бүрэн орж ирдэггүй. Энэ байдал өөрчлөгдсөн үү, хэвээрээ юу гэдгийг шалгаж байна.

- Хувьцаанаас ногдол ашиг хэлбэрээр, мөн хувьцааны ханшийн зөрүүнээс гээд хоёр хэлбэрээр ашиг олдог. Гэтэл УИД ХК-ийн тухайд жижиг хувьцаа эзэмшигчид ямар ч ашиг авах боломжгүй болж байна. Үүн шиг жижиг хувьцаа эзэмшигчид хохироод байгаа жишээ хэр олон бол?

- Ихэнх хувьцаат компани ийм байдалтай байна. Хувьцааны төвлөрөлтэй холбоотой. Санхүүгийн зохицуулах хорооноос барьж байгаа бодлого бол ийм төвлөрсөн компанийн тухайд хувьцаат компанийн нэрийг ашиглах хэрэггүй. Хязгаарлагдмал хариуцлагатай компани бол гэж шаардаж байгаа.

Хоёрт төвлөрлийг дагаад жижиг хувьцаа эзэмшигчдийн асуудал аяндаа гарч ирсэн. 50 хувиас дээш хувийн хувьцаа эзэмшигчдэд тухайн компанийг удирдах бүрэн эрх нь бий. Өөртөө ашигтай бүх саналыг гаргах боломж нь нээгдсэн. Тийм учраас Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр 2011 оноос ажиллаж, энэ чиглэлээр нарийвчилсан зохицуулалт оруулж өгсөн. Хэрэв тухайн компани нь, эрх бүхий албан тушаалтан нь хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг зөрчөөд, хохироогоод байвал Санхүүгийн зохицуулах хороо хувьцаа эзэмшигчдийнх нь өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн заалт оруулсан. Энэ бол төр хувьцаа эзэмшигчдээ хамгаалж буй том хэлбэр.

Нөгөө талаасаа хувьцаа эзэмшигчдийн хуралтай холбоотой асуудал яригдсан. Хувьцаа эзэмшигчид хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компани татан буугдсан тохиолдолд өр төлбөрийн дараах хөрөнгөнөөс тодорхой хувь авах эрхтэй. Хороо үүний үндсэн хоёр эрхийг хамгаалахын төлөө ажиллаж байна.

- Мөн “Эрдэнэс Таван Толгой” ХК компани хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй. Гэхдээ нийт хувьцааны 14 хувийг эзэмшдэг иргэд тухайн компанийн санхүүгийн тайлангаас эхлээд мэдээллээ авч чадахгүй байна, хувьцаа эзэмшигчид албан ёсны төлөөлөлгүй байна гэх зэргээр асуудал тавьдаг. Яах ёстой юм бол?

- Энд хуулийн гаргалгаа байх ёстой. 2,5 сая хувьцаа эзэмшигчийг төлөөлөх хүнийг иргэд сонгууль хийж тодруулах боломжгүй. Компанийн тухай хуульд компанийн хараат бус гишүүнд тавигдах шаардлага бий. Энэ шаардлагыг хангах ёстой. Мөн сонгогдох процесс нь өөрөө маргаан дагуулаад байгаа. Өнгөрсөн жилийн хурлын маргаан дуусаагүй шүүх цагдаа дээр явж байдаг. Гэхдээ хараат бус гишүүнийг яаж сонгох вэ гэдэг дээр эрх зүйн гарц хэрэгтэй байна. Бид ч гарц хайж байна. “Эрдэнэс Таван толгой” компани хувьцаат компани нэртэй боловч нээлттэй хувьцаат компанийн шаардлагыг хангаагүй байгаа. Тийм болохоор Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад байна гэж хэлэх боломжгүй. Гэхдээ зөвлөмжөө гаргаж өгсөн.

- Компанийн хувьцааны төвлөрөл дээр бас нэгэн жишээ хэлье. “Сүү” ХК-ийн нийт хувьцааны 95 хувь нь гуравхан хүн дээр, гэтэл 1500 хувьцаа эзэмшигч 3-4 хувийг нь эзэмшиж байх жишээтэй. Одоо яах ёстой вэ?

- Тухайн компани нэмж хувьцаа гаргасан тохиолдолд 25 хувиа олон нийтийнх болго. Төвлөрөө сааруул гэсэн шаардлагыг Санхүүгийн зохицуулах хороо тавьж байгаа. Тийм ч учраас шинээр IPO хийж буй компаниуд хувьцааныхаа доод тал нь 25 хувиа л санал болгосон тохиолдолд үнэт цаасыг нь бүртгэж байгаа. Энэ бол төвлөрлийг сааруулахад их нөлөөлнө.

ЗГХЭГ-ийн Л.Оюун-Эрдэнэ 1990-ээд оны хувьчлалыг дахиж шалгахаар болж ажлын хэсэг байгуулсан. Энэ ажил ямар үр дүнд хүрнэ гэж үзэж байна?

- Миний хувийн байр суурь шүү. Маш хүнд нүсэр ажил. Юун дээр алдсан, олсон гэдэгт хариулт гаргаж, дараагийн хувьчлал дээр алдаагаа давтахгүй байх нь чухал. Алдаан дээрээ л суралцах ёстой гэж харж байна. Түүнээс биш хууль буцаж үйлчлэхгүй зарчим бий.

- Хөрөнгийн зах зээл хөгжих нь компани нээлттэй байх, компанийн засаглал сайн чиглэл рүү явах гол арга зам гэдэг. Энэ чиглэлд манай улс хэрхэн ахиж чадаж байгаа юм бол?

Санхүүгийн Зохицуулах Хорооноос хоёрхон байр суурь барьдаг. Компанийн засаглалын зарчмыг баримталбал зах зээл өөрөө цэвэр шударга болно. Нөгөө талд компанийн ил тод байдал хангагдах ёстой. Бүх мэдээлэл ил тод байх ёстой. Нэг ширхэг хувьцаа эзэмшигч ч гэсэн тухайн компанийнхаа мэдээллийг хараад сууж байх ёстой. Үүний төлөө бид сүүлийн гурван жил хүчтэй ажиллаж байна. Ер нь дурын хувьцаат компанийн мэдээллийг Хөрөнгийн биржийн цахим хуудаснаас харж болохоор болж байна. Гэхдээ тодорхой саад бэрхшээл бий. Гэхдээ бид дуустал нь хийнэ. 

Нийтэлсэн: Д.Даваадулам

“Нэмж хувьцаа гаргасан компани 25 хувиа нийтийн болгох ёстой”   
Үзсэн: 2747 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Miss [127.0.0.xxx] 2019-04-12 22:43
Би төлбөр тооцоо, өрийг ангилахын тулд зээл хайж байсан. Дараа нь би та нарын эргэн тойронд байгаа АТМ машинаас мөнгө хөөж хоосон хоосон хоосон ATM ATM картны талаархи саналыг харсан. Тиймээс би эргэлзэж байсан боловч {rickatmcardoffer @ gmail хаягаар холбоо барьж үзээрэй. com} тэд карт хэрхэн ажилладаг тухай удирдамжийн дагуу хариу өгсөн. Картаа өдөрт $ 5,000 шуурхай авах боломжтой ба $ 50,000,000.00 $ кредит авч байсан тул 24 цагийн дараа надад төлбөр төлөх төлбөрийг төлсөн төлбөрийг төлсөн гэдэгт би итгэлтэй байсан. Багц {карт} Би гарын үсэг зурж, дотогшоо буцаж очиж картаа үлдээсэний дараа картын ажлыг баталгаажуулсан. Энэ нь эргэлзээтэй зүйл биш учраас карттай & картыг ашигласан. Энэ хакерууд нь АНУ-д суурилсан хакерууд санхүүгийн эрх чөлөөтэй хүмүүст туслах зорилготой юм !! Хэрэв та энэ аргаар баян болгохыг хүсвэл эдгээр имэйл хаягаар холбогдоно уу: rickatmcardoffer@gmail.com}

Бидэнтэй нэгдээрэй