
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.04.17) хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм.
Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтээр Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3 14 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн холбогдох заалт, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Уг дүгнэлтийг УИХ хүлээн авсантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.
Төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн юм. Иймд төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжих томъёоллоор санал хураахад гишүүд 90 хувийн саналаар дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.
Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг УИХ хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн юм. Төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Батнасан, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж, ажлын хэсгээс тодруулга хийв. УИХ-аас 2017 онд баталсан хуулиудад шүүх шатнаас хэргийг буцаахгүй байх концепцийг багтаасан гэдгийг О.Батнасан гишүүн онцолж байв.
Үндсэн хуулийн цэц холбогдох маргааныг хэлэлцээд, УИХ хүлээн авсан бөгөөд энэ дагуу “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсвэл зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг прокурор руу, эсвэл дахин хэлэлцүүлэхээр шүүх рүү буцаах” хэмээн өөрчилж буй шалтгааныг тэрбээр тодрууллаа. Алив хэргийг мөрдөн шалгах явцад процессын алдаа гарсан эсэхийг анхан шатны шүүх дээр олж харахгүйгээр шийдвэр гаргасан тохиолдолд үүнийг хяналтын шатны шүүх дээр олж тогтоовол энэ зөрчлийг зайлшгүй арилгах шаардлага үүснэ гэдгийг Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн тайлбарлав.
Гэмт хэрэг үйлдсэнийг нотолж чадаагүй, эсвэл нотолсон гэж үзэж буй баримтууд нь хуульд заасан журмыг зөрчиж бэхжүүлэгдсэн тохиолдолд хэргийг буцаах заалт байхгүйгээс тухайн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгадаг байна. Гэтэл хэрэг үйлдсэн эсэхийг нягтлах шаардлага байдаг, нөгөө талд шүүхээр хэрэг нь цагаатгагдсан хүнийг дахин мөрдөн шалгах, шүүх болдог нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Хүний гэм бурууг нэг л удаа хэлэлцэн шийдвэрлэх” зарчимд нийцэхгүй хэмээн үзсэн байна. 2018 онд судалгаа хийж үзэхэд зөвхөн нийслэлд дээрх үндэслэлээр 60 гаруй хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан боловч дахин нотлох, мөрдөн шалгах шаардлага үүссэн байдаг.
Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд доод шатны шүүхдээ ямар хууль зүйн дүгнэлт хийх, ямар хууль хэрэглэхийг, хэргийг хэрхэн зүйлчлэхийг, ямар ял оногдуулахыг заах, чиглэл өгөх эрхгүй болохыг хуульд маш тодорхой заасан байдаг. Харин тухайн хэргийн үйл баримтыг тогтоох, нотлох баримтыг үнэлэх, хууль зүйн дүгнэлт хийхдээ хуульд заасан журмыг зөрчсөн, ямар нотлох баримтыг анхаарч үзээгүй орхигдуулсан, ямар нотлох баримтын талаар няцаасан дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэрт нөлөөлж болох ямар нөхцөл байдал байгаа зэргийг тусгаж өгдөг байна.
Ингээд нэмэлт мөрдөх ажиллагаа хийснийхээ үр дүнд зүйлчлэл хүндрэх асуудал гарах юм бол ялыг өөрчлөн сонсгохоор процессын ажиллагааг энгийн журмаар явуулна гэдэг тайлбарыг Б.Батцэрэн шүүгч хэлж байв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь бүхэлдээ хүний эрхийг дээдлэх үзэл баримтлалтай гэдгийг тэрбээр онцлоод Үндсэн хуулийн цэцээс хүний эрх зүйн байдлыг гэнэт дордуулж болохгүй гэдэг үндэслэлээр холбогдох дүгнэлт гаргасан гэдгийг тайлбарлав.
Харин Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Бат-орших “Энэ хуулийн хэрэгжилтийн үр дүнд нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэг мөр цуглуулах, хууль зөрчихгүй байх шаардлагыг прокурорын байгууллагаас хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд тавьж байна. Улсын ерөнхий прокурорын байр суурь бол гэмт хэргийн зүйлчлэл буруу болсон буюу ял завшуулах нөхцөл үүссэн бол зүйлчлэлийг нь зөвтгөхөөр шүүхээс хэргийг буцааж болох юм гэж үзэж байгаа. Бусад тохиолдолд хэргийг шүүхийн шатнаас буцаах нь өмнө нь байсан хэрэг шийдэгдэхгүй удах, хэрэг бүртгэх мөрдөн байцаах шатанд нотлох баримтыг хангалтгүй цуглуулж шүүхэд шилжүүлснээс үүдэн цаг хугацаа алдах, хүний эрх зөрчигдөх, чирэгдэл үүсдэг байдал давтагдах эрсдэлтэй гэж үзэж байна” гэв. Ийнхүү гишүүд асуулт асууж, холбогдох санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хуулийг бүх шатандаа нэг мөр ойлгох шаардлагын үүднээс Улсын дээд шүүхээс тайлбар хийдэг байх эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Хууль зүйн байнгын хороо санаачилга гарган ажиллах нь зүйтэй гэлээ. Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийг практикт хэрэглэж буй Улсын дээд шүүх болон Улсын Ерөнхий прокурорын байр суурь зөрүүтэй байгаа энэ тохиолдолд асуудлыг сайтар нягтлан, зөв шийдлийг олох шаардлагатай хэмээгээд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргалаа. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүд 60 хувийн саналаар дэмжсэн юм.
Хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэн, батлуулахыг дэмжлээ | ||
Үзсэн: 787 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.