
Монголын инженер, технологийн салбарын ирээдүйн боловсон хүчин, дараа үеийн “давалгаа” болсон оюутан залуус өчигдөр өөрсдийн бүтээлч сэтгэлгээ, оновчтой шийдлээр бүтээсэн роботуудаараа тулалдлаа. Нийт 16 баг өрсөлдсөн “Робокон-2019” тэмцээнд гар удирдлагатай, дөрвөн хөлтэй автомат 32 робот давхардсан тоогоор 32 тулаан хийж, олон улсын роботын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх хоёр багаа тодруулсан юм.
Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Ази номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоотой жил бүр хамтран зохион байгуулдаг Үндэсний роботын 18 дахь удаагийн тэмцээн өчигдөр Буянт-Ухаа спортын ордонд болсон. Инженер, технологийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусыг хөдөлмөрч бүтээлч сэтгэхүйд уриалан дуудах, оюунлаг шинийг эрэлхийлэгч байх хүсэл эрмэлзлийг төрүүлэх зорилготой тус тэмцээнд автоматжуулалт, техник технологи, инженерийн чиглэлээр суралцдаг оюутан залуус мэдлэг чадвар, сэтгэлгээгээрээ өрсөлддөг билээ.
“Робокон-2019” үндэсний аварга шалгаруулах тэмцээнд өнгөрсөн жилийн үндэсний ялагч, олон улсын “ABU Робокон” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, “Мабучи моторс авард” тусгай шагнал хүртсэн ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн “Эрчим”, Төмөр замын дээд сургуулийн “Railbot”, Технологийн дээд сургууль болон Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн “TDS робот”, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн “Монгол робот”, ШУТИС-ийн Коосэн технологийн коллежийн “Ган робот”, “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн “Noma tech”, “Шинэ Монгол” технологийн коллежийн “New robo”, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн “Соёмбо-1”, “Соёмбо-2” баг, ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн “Цахим алт”, “High tech”, Монгол коосэн технологийн коллежийн “Моко”, “ХААИС”-ийн Инженер технологийн сургуулийн “MULS-1”, “MULS-2”, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн “Basaltwool”, “Menchtron” зэрэг 16 баг өрсөлдсөн. Ийн тэмцээний нээлтийн өмнө реппэр Big Gee, ChinHustle, DJ Гэзэг нар “Champ” болон “Чоно” хамтлаг “Уухай” дуугаа дууллаа.
Г.Гэрэл: "ABU Робокон" олон улсын тэмцээнд маш тооны зочин ирнэ хэмээн төлөвлөж бэлтгэл ажлаа базааж байна
МҮОНРТ-ийн Дэд захирал Г.Гэрэл “Робокон-2019” үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Монголын инженер технологийн чиглэлээр суралцаж буй оюутан залуус, оюун ухааныг дээдэлдэг ард түмний хувьд 2019 он маш онцлогтой цаг хугацаа болж байна. МҮОНРТ өмнө нь 17 жилийн турш “Робокон” үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж ялагчдаа олон улсын тэмцээнд оролцуулж ирсэн. Үүний үр дүнд “ABU Робокон” олон улсын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авч чадсан гэж ойлгож байгаа. Өдгөө 18 дахь жилдээ үндэсний ялагчаа тодруулах гэж байна. Энэ жил зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу хоёр баг олон улсын тэмцээнд оролцоно. “ABU Робокон” олон улсын аварга шалгаруулах тэмцээн Монголын боловсрол, шинжлэх ухааны салбарт, инженер технологийн мэргэжилтэн бэлддэг сургууль, коллеж, энэ чиглэлийн эрдэмтэн, мэргэжилтнүүд, оюутан залууст маш том хөрөнгө оруулалт болно гэж бодож байна. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр нар энэ арга хэмжээнд ач холбогдол өгч, бодлогын чиглэлээр дэмжиж ажиллаж байгааг хэлэхэд таатай байна. Ирэх наймдугаар сард “ABU Робокон” олон улсын роботын аварга шалгаруулах тэмцээнд 20 орны баг тамирчин, 400 гаруй зочин оролцоно. Түүнчлэн маш олон тооны гадны үзэгч, жуулчин өөрийн орны багаа дэмжихээр ирэх болно. Тиймээс “ABU Робокон” олон улсын тэмцээнд маш тооны зочин ирнэ хэмээн төлөвлөж бэлтгэл ажлаа базааж байгаа” гэлээ.
А.Ундраа: "ABU Робокон” олон улсын тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан МҮОНРТ-ийн хамт олонд баяр хүргэж, талархал дэвшүүлье
Дараагаар нь УИХ-ын гишүүн А.Ундраа ““Робокон” үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй баг тамирчид, багш дасгалжуулагчид, энэ тэмцээнийг 18 дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй МҮОНРТ-ийн хамт олонд УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэе. “ABU Робокон” олон улсын тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан МҮОНРТ-ийн хамт олонд баяр хүргэж, талархал дэвшүүлье. Монгол Улсад төрийн бодлогоор дэмжиж буй цаашид ч дэмжих шаардлагатай шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологийн сургалтын чанарын үзүүлэлтийг энэ тэмцээний үр дүн илэрхийлж чадна гэдэгт итгэлтэй байна. БНХАУ, БНСУ, Япон, Тайланд, Энэтхэг, Вьетнам зэрэг улс оронд зохион байгуулагдаж байсан олон улсын роботын тэмцээнийг эх орондоо анх удаа зохион байгуулах гэж буй энэ хариуцлагатай цаг мөчид, үндэсний ялагч, дэд ялагч багаа тодруулан олон улсад Монголынхоо нэрийг гаргахыг хүсэн ерөөе. Авьяаслаг инженер болж, технологийн чиглэлээр өөрийн компаниа байгуулах, энтерпренерүүд энэ танхимд байгаа нь дамжиггүй” хэмээлээ.
Ёшида Такүши: Дөрвөн хөлтэй автомат роботууд яг амьтан шиг л харагдаж байна
“Робокон-2019” тэмцээнийг үзэж буй Японы NHK телевизийн продюсер Ёшида Такүши “Монгол Улсын үндэсний аварга шалгаруулах роботын тэмцээний өрсөлдөөн бодсоноос маш өндөр түвшинд өрнөж байна. Монголын төлөөлөл олон улсын роботын тэмцээний дүрмийг зохиохдоо дөрвөн хөлтэй робот өрсөлдүүлэх маш их хүсэлтэй байсан. Энэ дүрэм “ABU Робокон” тэмцээнийг маш сонирхолтой өрсөлдөөнтэй болгож байгаа нь өнөөдрийн тоглолтоос харагдлаа. Оролцогч багууд дөрвөн хөлтэй бүрэн автомат роботоор даалгавар биелүүлж байгаа. Эдгээр роботууд робот гэхээсээ илүү амьтан шиг хөдөлж, харагдаж байна. Монголын оюутан залуусын бүтээсэн энэ роботууд үнэхээрийн гайхшруулж чадлаа” гэсэн юм.
Реппэр Big Gee “Аливаа улс орны хөгжлийг инженерүүд тодорхойлдог. Ирээдүйн мундаг сайн инженер олноор төрөн гарахад “Робокон” тэмцээн том түлхэц болох болов уу гэж боддог. Оролцож байгаа бүх баг, оюутан залууст амжилт хүсье” гэв.
Т.Намнан: “ABU Робокон” олон улсын роботын аварга шалгаруулах тэмцээнийг түүхэн боломж гэж харж байгаа
“Робокон-2019” тэмцээнд зочилж, үзсэн ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал Т.Намнан “Энэ удаагийн тэмцээнд ШУТИС-ийн зургаан баг оролцож байгаа. Өнгөрсөн хугацаанд “Робокон” үндэсний аварга шалгаруулах тэмцээн 17 удаа зохион байгуулагдахад манай сургуулиас оролцсон багууд 12 удаа үндэсний ялагч болсон. ШУТИС-иас Мэдээлэл холбоо технологийн сургууль, Механик инженерийн сургууль, Эрчим хүчний сургууль, Үйлдвэрлэлийн технологийн сургууль, сүүлд байгуулагдсан Коосэн технологийн дээд сургуулийн багш, оюутнууд үндэсний роботын аварга шалгаруулах тэмцээнд маш идэвхтэй оролцдог.
“ABU Робокон” олон улсын роботын аварга шалгаруулах тэмцээн энэ онд анх удаагаа Монгол Улсад зохион байгуулагдах гэж байна. Үүнийг түүхэн боломж гэж харж байгаа. Мөн ШУТИС-ийн 60 жилийн ой энэ онд тохиож байна. Тиймээс манай сургууль оюутан залуусаа маш сайн бэлдэж, дэмжиж, урамшуулж “Робокон”-д өрсөлдүүлж байгаа. ШУТИС-иас робот бүтээгч олон баг төрсөн. Тэр бүх багийг сургууль дотроо өрсөлдүүлсэн. Мөн шилдэг, үр өгөөжтэй шийдлийг шалгаруулж, дэмжсэн. Манай оюутнууд өнгөрсөн нэг жилийн хугацаанд асар их цаг хугацаа, нөр их хөдөлмөр гаргаж бэлдсэн. “Робокон” нэг талдаа тэмцээн уралдаан хэдий ч нөгөө талдаа оюутнуудад асар их ач холбогдолтой, бүтээлч сэтгэлгээ бий болгох, техник сэтгэлгээг нь хөгжүүлэх, онол практикаа турших, багаар ажиллах олон боломж олгодог” гэсэн юм.
“Робокон-2019” үндэсний аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж, нэгдсэн дүн гарахад хагас шигшээд “Цахим алт”, “High tech”, “MULS-2”, “Эрчим”, “Basaltwool”, “Ган робот”, “New robo”, “TDS робот” баг шалгарлаа.
Ө.Батбаяр: “ABU Робокон” тэмцээний түүхэнд анх удаа дөрвөн хөлтэй роботууд өрсөлдөж байна
“Робокон-2019” үндэсний аварга шалгаруулах тэмцээний ерөнхий шүүгч, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн электроникийн багш Ө.Батбаяраас цөөн асуултад хариулт авлаа.
-“Робокон” тэмцээний энэ жилийн гол онцлог юу вэ?
-МУИС, ШУТИС, “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн багш эрдэмтэд, МҮОНРТ, ABU-ийн төлөөлөгч нартай хамтран энэ жилийн “ABU Робокон” тэмцээний дүрмийг зохиосон. Ийн олон улсын “ABU Робокон” тэмцээн зохион байгуулагдаж ирсэн 18 жилийн түүхэнд анх удаа дөрвөн хөлтэй роботууд энэ жил өрсөлдөж байгаа. Өмнө нь бол дугуйтай роботууд зохион бүтээх, өрсөлдөх даалгаврууд байсан. Бид анх Монголын түүх, домог, зан заншил, уламжлалыг харуулсан долоон дүрмийн санаа дэвшүүлсэн. Тухайлбал, роботууд Монгол гэр барих, хонь хариулах, морь уургалах, сур харвах зэрэг олон санаа гаргасан. Учир нь “ABU Робокон” тэмцээнээр дамжуулж, Ази номхон далайн бүсийн орнуудад улсаа сурталчлах зорилго тавьсан. Үүнээс монголчуудын зохиосон мэдээллийг асар хурдтай дамжуулах өртөө систем мөн XIII зууны дипломат паспорт болох гэрэгэ, шагайн наадгай тэмцээний дүрэмд орсон.
-“Робокон-2019” үндэсний аварга шалгаруулах тэмцээний шүүгчдийн баг хэдэн хүний хүний бүрэлдэхүүнтэй вэ?
-Шүүгчдийн бүрэлдэхүүнд нийт 10 шүүгч багтсан. Бүрэлдэхүүний тухайд өмнө нь оюутан ахуйдаа “Робокон” тэмцээнд оролцож байсан туршлагатай багш, мэргэжилтнүүд бий. Түүнчлэн 2011 оноод хойш “Робокон” үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг шүүсэн туршлагатай шүүгчид бүрэлдэхүүнд багтсан. Миний хувьд 2018 онд Вьетнам улсад зохион байгуулагдсан “ABU Робокон” олон улсын тэмцээний ерөнхий шүүгчээр ажилласан.
-Оролцогч багууд “гэрийн даалгавар”-аа хэр сайн биелүүлсэн байна?
-“ABU Робокон” олон улсын тэмцээн манай улсад болох учир зохион байгуулагчдын зүгээс үндэсний хоёр багаа маш сайн бэлдэж оруулах зорилго тавьсан. Энэ хүрээнд Үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг гурван үе шаттай зохион байгуулсан. Тухайлбал, анхны сорилго тэмцээнээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард, дараагийн сорилгыг өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулсан. “Робокон” үндэсний аварга шалгаруулах тэмцээнд нийт 21 баг бүртгүүлж, сорилго тэмцээнүүдэд оролцсон. Үүнээс хоёр дахь сорилго тэмцээний дүнгээс хамааран 16 багт үндэсний аваргад оролцох эрх олгосон.
-Олон улсын тэмцээнд шүүгчээр ажилласан туршлагатай мэргэжилтний хувьд үндэсний аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулалтыг хэрхэн дүгнэх вэ?
-Би МҮОНРТ-ийн зохион байгуулалтын багт зөвлөхөөр ажиллаж байгаа. Зохион байгуулагч баг бүрэлдэхүүн маш их хичээж, сайн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Үр дүнд нь үндэсний аварга шалгаруулах тэмцээн ямар нэг саадгүй, оролцож өрсөлдөж буй багуудын хооронд маргаангүй болж байна. Мөн МҮОНТ “Робокон” тэмцээний хэсгийн тоглолтуудыг амжилттай шууд дамжуулсан. Засах жижиг сажиг зүйлс бий байх. Үүнийгээ үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хугацаандаа олж мэдээд, олон улсын тэмцээнээ амжилттай зохион байгуулна гэж бодож байна. “ABU Робокон” тэмцээний ерөнхий зохион байгуулах хорооны дарга болон NHK телевизийн продюсер үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг энэ танхимд үзэж байгаа. Тэд зохион байгуулалтын талд дээр сэтгэл хангалуун байна гэдгээ хэлсэн.
Аваргын болон хүрлийн төлөөх тоглолтууд өндөрлөсний ард “Робокон-2019” үндэсний аварга шалгаруулах тэмцээний “Шилдэг санаа” шагналыг ШУТИС-ийн Коосэн технологийн коллежийн “Ган робот”, “Шилдэг инженерчлэл” шагналыг ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн “Цахим алт”, “Шилдэг дизайн” шагналыг Төмөр замын дээд сургуулийн “Railbot”, “Шилдэг хөгжөөн дэмжигчдийн шагналыг “Шинэ Монгол” технологийн коллежийн “New robo”баг хүртэв.
ШУТИС-ийн Коосэн технологийн коллежийн “Ган робот” багийг шөвөгт ялсан ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн “Basaltwool” баг гуравдугаар байрт шалгарлаа. Түүнчлэн ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн “High tech”баг аман хүзүүдэж, “Цахим алт” баг үндэсний аваргаар шалгарав. Мөн дээрх хоёр баг ирэх наймдугаар сард Монголд Улсад зохиогдох “ABU Робокон” олон улсын роботын тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Шагнал гардуулах үеэр БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Төрөөс аж үйлдвэрээ хөгжүүлэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих чиглэлээр олон ажил хийж байгаа. Улс орны хөгжилд ирээдүйн инженерүүд та бүхний хувь нэмэр маш чухал. Та бүхэн Монгол Улсын ирээдүйн хөгжлийг нуруундаа үүрэх маш үнэ цэнэтэй хүний нөөц” хэмээв.
ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн Үйлдвэр автоматжуулалтын ангийн хоёрдугаар курсын оюутан, гуравдугаар байрт шалгарсан “Basaltwool” багийн гишүүн Б.Энхболд “Манай баг 12 гишүүнтэй. Гуравдугаар байрт шалгарсандаа баяртай байна. Гэхдээ түрүүлнэ гэсэн зорилгодоо хүрч чадаагүй болохоор сэтгэл жаахан гундуухан байлаа.
Энэ удаагийн тэмцээнд манай ШУТИС-иас зургаан баг өрсөлдсөнөөс дөрөв нь финалд хоорондоо өрсөлдлөө. Манай сургууль нийт багийнхаа дунд хэд хэдэн туршилт, сорил тэмцээн зохион байгуулсан. Тухайн тэмцээнд оролцсоноороо бид өөрсдийн роботоо тогтмол туршсанаас гадна үндэсний аварга шалгаруулах тэмцээний өмнө маш сайн туршлага хуримтлуулж чадсан”.
ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн оюутан, дэд байрт шалгарсан “High tech” багийн гишүүн Г.Мөнх-Эрдэнэ “Манай баг 13 гишүүнтэй. Миний хувьд “Робокон” тэмцээнд анх удаа оролцсон. “ABU Робокон” олон улсын роботын тэмцээнд оролцох эрхээ авсандаа маш их баяртай байна. Финалд бид нарыг хожсон “Цахим алт” багийнхан манай Мэдээлэл холбооны технологийн сургуулийн дээд курсын оюутнууд. Хэдий тэмцээний талбайд өрсөлдөгчид байсан ч гэсэн тэмцээний өмнө хамтдаа бэлтгэлээ базаасан. Мөн ШУТИС-ийн хүрээнд болсон роботын тэмцээнд манай хоёр баг хоорондоо 100 орчим тоглолт хийсэн. Бид нарт маш олон зүйл дээр тусалсан “Цахим алт” багийнхандаа баярлалаа”.
ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн гуравдугаар курсын оюутан, “Робокон-2019” тэмцээний үндэсний аварга, “Шилдэг инженерчлэл” шагналыг эзэн болсон “Цахим алт” багийн гишүүн Д.Баярсайхан “Манай багийнхан шийдлээ маш эрт олж чадсан. Цаашлаад програмчлалаараа өрсөлдөгч багуудаас давуу байсан. Мөн маш олон туршилт хийж, роботоо тогтмол хөгжүүлж ирсэн. Үүний үр дүнд манай хоёр робот үүргээ сайн гүйцэтгэж, бүх тоглолтод өрсөлдөгч багаа цэвэр яллаа. Тэмцээний бэлтгэлээ эртнээс базаасан болохоор аваргын төлөө тоглолтод шалгарна гэдэгтээ итгэлтэй байсан.
Бид дэд байрт орсон “High tech” багтай долоо хоног бүр тоглолт хийсэн. Заримдаа өрсөлдөөнөө сонирхолтой болгох үүднээс бага хэмжээний бооцоотой тоглосон. Үүний үр дүнд манай хоёр баг роботуудаа маш сайн хөгжүүлж чадсан байх. Манай “Цахим алт” багийнхан анх роботуудаа бүтээж байхдаа “ABU Робокон” олон улсын тэмцээнд амжилттай оролцох зорилго тавьсан. Тиймээс үндэсний аварга болсон амжилтандаа ханахгүйгээр анх тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд улам их хичээж, роботуудаа өшөө сайн хөгжүүлнэ”.
Г.Агааноров: Монголын “Робокон-2019” тэмцээний цэвэр ялалтын дээд рекорд 68 секунд
“ABU Робокон-2019” олон улсын төслийн ерөнхий продюсер Г.Агааноров “Энэ жилийн үндэсний аваргын нэг онцлог нь Монгол Улсаа төлөөлж, олон улсын тэмцээнд оролцох хоёр багийг сонгосон. Тиймээс маш няхуур хандаж, үндэсний аваргаас өмнө хоёр сорилго тэмцээн зохион байгуулсан.
Үндэсний аварга шалгаруулах тоглолтод нэг салбар сургуулийн хоёр баг финалдлаа. Өмнө нь ийм тохиолдол мөн гарч байсан. Үндэсний аваргад таван удаа түрүүлсэн МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн“ Юнител” баг өөрийн салбар сургуулийн багтай финалдаж, хожил авч байлаа. Тухайн үед түрүүлсэн нэг баг нь л олон улсын тэмцээнд оролцсон бол энэ удаад ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн хоёр баг хоёулаа “ABU Робокон-2019” олон улсын роботын тэмцээнд оролцох эрх авч чадлаа.
Мөн ШУТИС-ийн удирдлагууд “Робокон-2019” төсөлд анхаарлаа хандуулснаар тус сургуулийн дөрвөн баг шөвгөрсөн. Сургуулийнхаа хүрээнд тэмцээн зохион байгуулснаар шийдлээ нэгтгэх, бие биенээсээ туршлага судлах, суралцах боломжтой болсон болов уу.
Олон улсын тэмцээнд оролцох эрхээ авсан хоёр баг роботын найдвартай ажиллагаа, сайжруулалт, хурд дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. МҮОНРТ-ийн зүгээс “ABU Робокон-2019” тэмцээнд оролцох хоёр багаа бэлтгэлийн заал, талбайгаар бүрэн хангана.
Японы үндэсний аварга болсон баг 25 секундэд цэвэр ялалт байгуулж, рекорд тогтоосон байна лээ. Монголын “Робокон-2019” тэмцээний дээд рекорд 68 секунд. Тиймээс манай багууд сайжруулалт, хурд дээрээ маш сайн анхаарах хэрэгтэй”.





















































Монголд зохиогдох “ABU Робокон” олон улсын роботын тэмцээнд оролцох үндэсний хоёр баг тодорлоо | ||
Үзсэн: 3373 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.