Шууд Chart

Монголын радио 85 нас хүрлээ

2019-09-01 08:43:02

Өнөөдөр Монгол оронд радио өргөн нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж эхэлсэн түүхт 85 жилийн ойн өдөр. Мөн  Монголын радиогийн “Алтан сан хөмрөг”-ийн 65 жилийн ойн өдөр тохиож байна. 1930-аад оны үеэс “Засгийн газрын барилга”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн”, “Ленин клуб” хэмээн нэрлэгдэж, тухайн үедээ Улаанбаатар хотын өнгө үзэмжийн илэрхийлэл, төрх болж байсан хэдэн байшингийн үүдэнд хэсэг залуус нэгэн сонин зүйлийг байрлуулахаар шамдаж, тэрхүү хачирхалтай зүйл оройн 19:00 цагийн үед гэнэт "ярьж" эхэлснээр агаарын цэнхэр долгионыг эзэмшигч Монголын радиогийн түүхийн хуудас бичигдэж эхэлсэн түүхтэй юм. Харин 1934 оны 9-р сарын нэгний өдөр “Анхаараарай, радио хорооноос ярьж байна” гэсэн дуу хоолой улс орон даяар цацагдсанаар Монгол Улс даяар радио өргөн нэвтрүүлэг албан ёсоор эхэлжээ.

Монголын радиогийн 85 жилийн түүх Монгол Улсын хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой. Энэхүү 85 жилийн хугацаанд Монголын радио улс орныг хамарсан үйл явдлуудын оролцогч, үлгэрлэгч, манлайлагч, уриалан дуудагч болж ирсэн байдаг.

Тухайлбал, Монголын радио 1935 онд анхны зайны сургалт явуулж, 1939 онд дуулалт жүжиг сонсогчдод хүргэж, 1981 онд монгол хүн анх сансарт нисэхэд сансар, дэлхий хоёрын хоорондын харилцаа холбоог иргэдэд шууд дамжуулж байсан арвин түүхтэй.

Эдүгээ 85 жилийн түүхтэй МҮОНР нь ОНРТ-ийн тухай Монгол улсын хуулийн үзэл санаа, зарчимд нийцүүлсэн хөтөлбөрийн бодлогоо боловсруулж, хүн амын олонход зориулсан программыг газар нутгийн дийлэнх хэсэгт тасралтгүй түгээж, анх байгуулагдсан цагаасаа үндэсний мэдээллийн хэрэгслийн үүргийг биелүүлсээр ирсэн юм. Одоо МҮОНР нь Монголын радиогийн нэгдүгээр суваг, Монголын дуу хоолой, Пи3 радио гэсэн гурван сувагтайгаар сонсогч олонд мэдээлэл, хөтөлбөрүүдээ хүргэж байна.


МОНГОЛЫН РАДИО

Монголын радио нь одоогоор нийгмийн бүх давхаргын олон зорилтот бүлэгт чиглэсэн баялаг агуулгатай 17 цагийн программ бэлтгэн өдөр тутам дамжуулж байна. Олон ургальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэн, нийт үндэсний эрх ашгийг дээдэлж, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, өв соёл, зан заншил, урлаг, спортын өргөн хүрээг хамарсан, нийгмийн олон зорилтот бүлэгт чиглэсэн хөтөлбөрийн бодлого хэрэгжүүлдэг. Хурд мэдээний агентлаг, Нийгмийн нэвтрүүлгийн редакц, урлаг соёлын редакц, цэнгээнт нэвтрүүлгийн редакц, хүүхэд залуучуудын редакц, найруулагч нэвтрүүлэгчдийн алба гэсэн бүтэцтэй.

2015 онд программын суурь шинэчлэл хийж, өдөр тутмын хөтөлбөрийн 45 хувийг шууд бэлтгэн дамжуулах болсон. Мөн Тэнхлэг хөтөлбөрийг бий болгож, ажлын өдрүүдэд төрөлжсөн агуулгатай 6 цагийн цогц хөтөлбөр явуулж байна.

Даваа гарагт: Гэр бүр, үр хүүхэд, ёс зүй
Мягмар гарагт: Боловсрол, сургууль, хүүхэд хамгаалал
Лхагва гарагт: Үйлдвэрлэл, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин
Пүрэв гарагт: Соёл урлаг, түүх, ёс заншил
Баасан гарагт: Улс төр эдийн засаг, хууль зүй

Монголын радио түүхт 85 жилийн ойн босгон дээрээ сүүлийн үеийн, дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмж бүхий, шинэлэг дизайнаар тохижуулсан студийнхээ нээлтийг хийлээ. Ингэснээр өнөөдөр олон нийтийн радиогийн нэвтрүүлэгчид уг студиэс “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос ярьж байна” хэмээн Монгол орны өнцөг булан, хязгаарт бүрт хүрч тэнд буй сонсогч, үзэгчидтэй мэндчилж байна.

Тус радио нь зөвхөн агаарын цэнхэр долгоиноор бус олон нийтийн цахим сүлжээ буюу "Монголын радио" фэйсбүүк хуудас, MNB.mn вебсайтаар дамжин сонсогчдод хүрч байна. Та бүхэн өглөө бүр улс орон даяар түгэх Монголын радиог 164 кГц, 209 кгц, 227 кгц-ийн урт,  882 кгц-ийн дунд, Улаанбаатарт 106 Мгц хэт богино долгионоор хүлээн авч сонсоорой.


МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ РАДИО

Монголын Дуу Хоолой радио 1964 онд байгуулагдсан. Монгол улсын гадаад сурталчилгааны үндсэн сувгийн нэг. ОНРТ-ийн тухай хуулийн 3.3-т “олон нийтийн радио, телевиз гадаадын сонсогч, үзэгчдэд зориулсан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, Монгол Улсын гадаад, дотоод бодлогын талаар мэдээлэх, Монгол орныг дэлхий дахинд сурталчлах, таниулах чиглэлийн хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэж түгээнэ”, 4.2.3-т “гадаад хэлээр радио телевизийн нэвтрүүлэг явуулах үйл ажиллагаа” хэмээн Монголын дуу хоолой радиогийн үүргийг тодорхойлсон. Тус радио нийтлэл нэвтрүүлгийнхээ бодлого, агуулгыг “Монгол улсын гадаад бодлогыг үзэл баримтлал”-д нийцүүлэн гаргадаг.  

Монголын дуу хоолой радио  монгол, англи, орос, хятад, япон хэлээр өдөр бүр нийт 5 цагийн нэвтрүүлэг бэлтгэн богино долгионоор (short-wave) болон vom.mn бэб сайтаар дамжуулан гадаадын сонсогчдод хүргэж байна. “Монголын Дуу Хоолой радиодэлхийн 40 гаруй орны сонсогчдоос захидал, и-мэйл хүлээн авч, сонсогчидтойгоо байнгын харилцаа холбоотой ажилладаг. Та бүхэн тус радиог  (орон даяар) 7260 кгц, 4830 кгц, 4865 кгц, 4895 кгц-ийн богино долгионоор манай нэвтрүүлгүүдийг хүлээн авч сонсож болно.


III СУВАГ Р3 РАДИО

Р3 радио нь Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг SIDA байгууллагын дэмжлэгтэйгээр, МҮОНР, Шведийн Олон Нийтийн радиогийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд 2008 онд байгуулагдсан. "Сэтгэгч, бүтээгч, манлайлагч залуусыг дэмжье" уриатай залуусын радио Р3 суваг нь нийгмийн хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлэх, хийж бүтээх хүсэл тэмүүлэлд уриалан дуудах, эерэг бодол хандлага төлөвшүүлэх үзэл санааг хөтөлбөртөө тусгадаг. Өдөр бүр нийт 16 цагийн хөтөлбөр бэлтгэн хүргэж байна. Хөтөлбөрийн зонхилох контент нь дуу хөгжим, мэдээ мэдээлэл, цэнгээнт шоу юм. Заавал сонсууштай Пи3 радио Улаанбаатар хотод 100,9 мГц -ийн хэт богино долгионоор сонсогч танд хүрч байна.


Монголын радиогийн он цагийн түүхэн хэлхээснээс...

1930 он. МАХН-ын Төв Хороо, Хянан байцаах төв комиссын хамтарсан хурлаас “... агаарын мэдээ байгуулах явдал болбоос маш чухал бөгөөд даруй гүйцэтгэвээс зохих ажил мөн” гэж заагаад ардын хувьсгалын 10 жилийн ойн баярын өмнө заавал багтаан эхлүүлэх ба түүнд олон нийтийн хүчийг татан оролцуулахыг худалдаа, аж үйлдвэрийн яаманд даалгажээ.  

1930 он. Радиогийн тоног төхөөрөмж, хүлээн авагч, чанга яригч зэргийг ЗХУ-аас авч соёлын төв газруудад хэрэглэх болжээ.

1931 он. Улс орныг радиожуулах, радио нэвтрүүлгийн материал техникийн баазаар хангахад улс, хоршоолол, олон нийтийн төв байгууллагуудаас хувь нийлүүлсэн “Монгол радио” хэмээх хоршоо чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

1931 он. Эрхүү хотноо 12 хүнийг хоёр жилийн хугацаагаар явуулан сургаж үндэсний радио техникчдийн эхний ээлжийг бэлтгэв.

1931-5-1. Засгийн газрын барилга, ардын цэнгэлдэх хүрээлэн, “Ленин” клубийн үүд зэрэг газар радио цагаан хоолой байрлуулж оройн 19 цагаас тусгай программаар монгол, орос, хятад хэл дээр аялгуу бүхий дуу хөгжим, утга бүхий илтгэлүүдийг хийж өнгөрөөсөн нь өргөн олон түмэнд зориулж хийсэн манай анхны томоохон нэвтрүүлгийн нэгэн байв.

1931-6-20. Ардын хувьсгалын 10 жилийн ойн өмнөхөн энэ өдрөөс эхлээд Улаанбаатар хотод долоо хоног тутам хоёр удаа радио нэвтрүүлэг явуулах болжээ.

1931-7-11. Буянт-Ухаа дахь наадмын талбайд анх удаа радио нэвтрүүлэг зохион байгуулжээ.

1933-2-9. БНМАУ, ЗХУ-ын Засгийн газрын хооронд БНМАУ-д радио дэлгэрүүлэн байгуулах тухай гэрээ байгуулав.

1933-1934 он. Цэргийн холбоонд 33 хүн сургаж радио, техникийн үндэсний мэргэжилтэн бэлтгэжээ.

1934 оны 8 дугаар сар: ЗХУ-ын тусламжаар байгуулагдсан радио станцуудыг БНМАУ-ын Засгийн газрын комисс хүлээн авчээ.

1934-9-1. Монгол Улс даяар радио өргөн нэвтрүүлэг албан ёсоор эхэлжээ. Энэ өдрийн 11 цагаас БНМАУ-ын Ерөнхий сайд  Гэндэн, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Лувсаншарав, Холбооны яамны сайд Мэнд, Гэгээрүүлэх яамны сайд Дамбийням болон Лосол, Нанзад, Өлзийбат, Сосорбарам, СССР-ийн элчин сайд  зэрэг нөхөд радио нэвтрүүлэх станцын газар ирж сонирхон үзэж, Улаанбаатар хот 13 аймагт радиогоор баярын үгийг Мэндээс эхлэн гүйцэтгэсэн ба 13 цагт буцацгаасан тухай радио нэвтрүүлгийн техникийн ажиллагааг бүртгэн тэмдэглэдэг жижүүрийн тэмдэглэлийн дэвтэрт бичиж үлдээсэн байна.

“Анхаараарай, радио хорооноос ярьж байна” гэж эхэлсэн тэр түүхт өдрийн нэвтрүүлгийг харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хорооны орчуулагч бөгөөд радиогийн уран сайхны нэвтрүүлэгч Ж.Батаа нэвтрүүлжээ. Манай анхны эмэгтэй нэвтрүүлэгч Л.Рагчаа 1935 оны нэгдүгээр сард радиод ажиллаж эхэлсэн байна.

Өнөөдөр түүхт ойгоо тэмдэглэж байгаа Монголын радиогийн хамт олонд баярын мэнд хүргэе.


Монголын радио 85 нас хүрлээ  
Үзсэн: 3811 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй