Шууд Chart

Ээждээ бичих захидал №13

2014-03-03 13:04:11

       Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт үр хүүхэд биднийхээ төлөө аюулт өвчинтэйгээ тэмцэж буй хайрт ээж                                        Т. Ариун- Эрдэнэ тандаа бичиж буй Зүрхэн дэх сэтгэлийн үгсээ захидал болгон тандаа илгээе!

Амьдралын алаг эрээн өнгө ээлжлэх өнгө мөнгөний энэ хорвоо дээр өчнөөн тэрбум хүн чихэлдэн амьдардаг ч өөрийн минь ээжээс өөр энэрэлтэй хүн алга гал хайр дүүрэн орчлон дэндүү хуурамч хайртай ээж шиг минь хүн алга гэж халаглан гашуудаж байгаа надтай адил хүмүүс олон буй. Гэхдээ охин нь таныгаа дэндүү их зовоож байсныг дэндүү хожим ойлгосон ч амьдралыг дахин өөрөөр харж шинэ ертөнцийг бий болгосон. Хахир яхир өвгөн шиг аашилж, халааж тавьсан хоолыг тань хахан цацан хаяж байсан ухаангүй мунхаг өөрийгөө хараан зүхэн алтаар уйлсан ч ижий таныхаа зүрхэнд хурсан бараан толбыг арилгаж чадахгүй нь гаслантай. Ижийнхээ хайранд бялхаж, бялуурч байсан давилуун тэр нас минь дэндүү жаргалд умбуулж хорвоог нэг л өнгөөр харж байсан цаг ард хоцорсон. Ээжээ одоо охин нь ухаан орж сайн хүн болно. Ижийд минь илгээх энэхүү захидал минь таны минь сэтгэлийг жаахан ч гэсэн уужруулж, охиноо жаахан ч гэсэн сайхан сэтгэлийн галыг зүрхэндээ бадрааж буйг ойлгоорой. Сайн байна уу ээжээ. Намрын шар өдрүүд навчсын ёолох дуутай хамт өнгөрч байна.Нарны илч харьсан энэ шар өдрүүд сэтгэл сэмлээд холоо эмнэлэгт өвчнөө эмчлэхээр явсан таныг санаад ганцаардаж байна. Эх газрын зөөлөн хөрс нар хуранд угаагдаж эргэх 4-н цаг бие биеэ дэрлэн зүйрмэглэж, хорвоо дэлхий бахь байдгаараа эргээд байгаа ч хөөрхий дөө тэнэг гэнэхэн охины тань сэтгэлд өвлийн жавар хурчихаад арилахгүй байна. Дэлхий ямар даахгүй гэх биш дээ. Дэргэд минь сууж гарнаас минь атгаад урт удаан наслана шүү ээжээ. Өөдгүй энэ орчлон дээр мянга мянган хүмүүс өр авлага нэхэж амьдраад л байхад өөдөсхөн жаахан охиндоо ачийг тань хариулж баярлуулах өдөр хоног жаахан ч гэсэн үлдээгээрэй!!! Тавин хэдэн жил цайгаа хувааж уусан аав минь хорвоогийн хатуу зовлон бүхнийг зүрхэндээ нууж ганцхан өглөөний нараар л був буурал болчихсон. Ээжээ таны минь байгаа алтан гартай цагаан халаадтай, таны минь өвчинг удахгүй идгээх сайхан сэтгэлтэй эмч нарын байгаа тэр орон зай торго мэт зөөлхөн эхийн хэвлий шиг дулаахан байгаасай. 18 жил энэ хорвоогийн тоосыг хөдөлгөж явахдаа ганц ч удаа ээжээ би тандаа хайртай шүү гэж хэлээд үнсэж байгаагүйгээ бодохоор зүрх минь шимширдэг. Цээжинд минь бөөн гуниг, бас бөөн гомдол үерлээд байгаа ч цорын ганцхан удаа энэхүү цаасан дээр нулимс дуслуулан бичиж буй дурдатгалыг хайртай ээжээ би тандаа хайртай гэж хэлээд дуусгамааргүй байна. Ээжээ би таныхаа үргэлжлэл.
                     Хайрт ээж Ариун-Эрдэнэ таныгаа гүнээ хүндэтгэсэн хайрт охин Г.Гантунгалагаас
 


Ээждээ бичих захидал №13  
Үзсэн: 2798 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй