Шууд Chart

Би бас хоёр нийгмийн нэг гэрч нь

2019-09-23 15:06:33

Монгол Улс ардчилсан нийгмийг сонгосон 30 жил, Олон улсын ардчиллын өдөр гээд өнгөрсөн өдрүүдэд ардчилал, ардчилсан засаглалтай холбоотой үйл явдлууд дараалан өрнөв. Тэдгээрийг дагалдан үгүйсгэл, бухимдал, өмнөх нийгмээ санагалзсан, нэхсэн бичвэр нийтлэл, санал сэтгэгдэл цахимаар багагүй нисэв. Ажаад байх нээ тэдгээр нь өмнөх үүх түүх, бодит баримтад тулгуурласангүй, бас ардчиллаа ойлгосонгүй.

Тиймээс ч монголчууд улс үндэстнээрээ чухам яагаад ардчилсан нийгмийг сонгосон, түүний үнэт зүйлс юу байсан бэ гэдгийг өнөөгийн залууст ахуй амьдралтай нь холбон таниулмаар санагдлаа. Учир нь би хоёр нийгмийн нэг гэрч нь болохоор өөрийгөө түүхийн эс, эд нь гэж боддог.

Ингэж бодоод сэтгүүлч миний бие ардчиллын талаарх онолын нэр томьёо, албаны үг хэллэгээс арай өөрөөр, өөрийнхөө бага насны амьдралаар ардчилал бидэнд юу авчирсныг өгүүлэхийг хичээе.

**********************

Намайг бага байхад 1980-аад оны эхээр манайх хоёр өрөө зуны байшинд, одоогоор амбаарт зусдаг байлаа. Хоймрын өрөөний хойд хана жижигхэн цонхтой. Жижигхэн ч гэлээ их том үүрэгтэй. Айл саахалт, аав ээжийн ажлынхан, таньдаг таньдаггүй хэн ч ирсэн тэр л цонхоор аавдаа "Хүн ирлээ" гэж шалавхан дамжуулахаа бид сайн мэднэ. Аав ажлын хувцсаа хурдхан сольчхоод юу ч хийгээгүй юм шиг аар саархан юм ярьж гэртээ орж ирдэг сэн.

Зочин “Юу хийгээд байна даа” гэхэд нь аав “Аа цэвэрлэгээ хийгээд, хашаагаа янзлаад..." гэсхийгээд хариултаа олж ядна. Угтаа хүүхдүүдээ тэжээх гэж байшингийнхаа ард мужаан хийснээ нуусан хэрэг.

Яг ингэж өвөл нь гэртээ, зун нь саравчтай амбаарт социалист өмч, социалист нийгмийг хамгаалагчдаас айн айн модон эдлэл хийж зардаг байлаа. Хэрэв гэрээрээ, хувиараа үйлдвэрлэл явуулж орлого олж байгааг хэн нэгэн "ховч хар" нам засагт хошуу хүргэсэн бол, хэл ам гаргасан бол үзэл суртлын нөхөд, албан тушаалтнууд гээд намын "машин" зүгээр өнгөрөөнө гэж үү.

“Эхнэр, зургаан хүүхдээ тэжээх гэж хөөрхий минь үүрээр босож, үдшээр нойр хугаслан ажилладаг. Хэн хөлсөө урсгасан нь сайхан амьдардаг ш дээ” гэж хэлнэ гэж бодож байна уу. Даанч үгүй.

Ажлаасаа халагдаж, намын гишүүнээсээ хөөгдөх нь юу ч биш. Гэр орныхоо хамаг өөдтэй өнгөтэйг хураалгаж, хэдэн өдөр, шөнө байцаагдах ч энүүхэнд. Шоронгийн хаалга ч ойрхон. Хамгийн хэцүү нь саахалт айл, гудам, хороогоороо, сургууль, сумаараа хөрөнгөтний үлдэгдэл, нийгмийг завхруулагч, хулгайч, луйварчингаар нь дуудаж, гэр бүлээр нь нүд үзүүрлэнэ. Нийгмийн эсрэг тэрслэгчтэй ойр байсан нөхдүүд ч буруудна. Хамгийн хүнд нь энэ л ялгаварлан гадуурхал.

**********************

Ардчилал бол... гэж ирээд албархахгүйгээр бидэнд юу авчирсныг өгүүлж байгаа минь энэ. Ээж минь ч мөн цаг үеийн олон мянган бүсгүйчүүлийн адил соци нийгэмд эрх чөлөөгөө хасуулж л явсан бүсгүйн нэг. Хүүхэд гаргасан эмэгтэй 45 хоног, гурван сараас илүү хугацаагаар амарч, үр хүүхдэдээ цаг зав гаргаж, өөрөө өсгөж хүмүүжүүлэх ойлголт тэр цаг үед байсангүй. Ээж минь дөрөв дэх хүүхдээ төрүүлэх гээд цүдгэр гэдэстэй байхдаа "ажил удаан хийж, социалист уралдаанаас хойш татлаа, дандаа хүүхэд гаргаж байхаараа яадаг юм" гэж машины тэвшнээс түлхүүлж байсан гэдэг. Орой ажлаасаа ирээд аавд энэ тухайгаа ярихдаа хоолой нь зангирч байсныг санаж байна.

Ачир дээрээ олон хүүхэдтэй болохыг тэр үеийн бүх бүсгүйчүүд хүсдэг байсан гэж бодож байна уу. Дарга, эмч нарын эхнэрүүд л урдуур хойгуураа яриулж, хөөцөлдөж байж, төрөлтөө зохицуулдаг байсныг таны ээж, эмээ нар хэлэх болов уу.

Социалист таван жилийн төлөвлөгөөний төлөө бидний эцэг эх эх, ахмадууд тэр үед ажлын машин шиг зүтгэж байж. Хөдөлмөрлөснөөрөө хөлс шангаа хүртдэг байсан бол машин унаа, сайхан байшин сууц төвөггүйхэн. Гэвч машин унаатай, байшин сууцтай болчихсон бол “нийгмийн хувалз” хэмээн цоллогдож байн байн байцаагдаж, хүүхдүүдэд чулуугаар, томчуудад атаа жөтөө, ялгаварлан гадуурхлаар нүдүүлэх байсан биз.

************************

Ардчилал бол... гэж ирээд албархахгүйгээр энэ нийгмийг сонгосноороо бид өнөөдөр өөрсдийнхөө амьдралыг хэрхэн өөрчилснийг хэлье. Өнгөрсөн нийгэмд ямар нэгэн баярын өдрөөр мах, цөцгийн тос, алим жимс, аятайхан гутал хувцас гээд ховор нандин хүнс бараанд хөгшин хөвөө, үр хүүхэдгүй дугаарладаг байлаа. Үүрийн гэгээнээр дэлгүүрийн үүдэнд овоорч, өдөржин дугаарлаж байж ганц, хоёрыг олж авч чадсан бол тэр жилийн баяр тансаг болох нь тэр. Ховор бараанаас амжиж авсан азтайчууд нам төрийн хайр хишигтээ талархаж, ач буяныг нь магтана.

Ардчиллаас өмнөх ажилчин ангийн амьдралын нэгэн дүр зураг ийм. Хилийн дээс алхаж үзээгүй, өөрсдөөсөө илүүг олж хараагүй, байдгийг ч мэддэггүй, мэдэх эрхээ хасуулснаа ч мэдэхгүй борог амьдралын зураг юм л даа.

Хэл устай, яаж ийж байгаад гадаад ертөнцийн бодит амьдралаас сонсож дуулсан, хулгайгаар ч болов барууны сонин сэтгүүл эргүүлж үзсэн сэхээтэн гэр бүл тэднээс ч илүү дарамтад байсан биз. Тэд нийгэмд халдварлах нь өндөр тул хэлмэгдэл тэднээс эхэлж, тэдэн дээр төвлөрдөг байсныг бид олон жишээгээр мэднэ.

1990-ээд оноос өмнөх, ялангуяа өөрчлөлт шинэчлэлтийн салхи сэвэлзэж эхлээгүй үеийн монголын нийгмийн ийм үүх түүхээс олныг өгүүлж болно.

Энэ амьдралыг туулаагүй бидний үр хүүхдүүд азтай. Гэхдээ түүхээ мэдэхгүй, бодит үнэнийг дуулж сонсож, уншиж мэдээгүй, мэдээгүйгээ мэдэхгүй яваа зарим залуус, бас мэддэг ч мартсан зарим гэрчүүд нэгийг нөгөөгөөс дээгүүр тавьдаг, нэг үзэл сурталт, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай нэг ёсондоо тоталитари хэлбэрийн дэглэмийг нэхэж, санагалзаж буй нь харамсалтай. Дээр хэлсэн жишээнүүдээр социалист нийгмийн бүтээж босгосон сайн сайхныг үгүйсгэх гэсэнгүй. Хаана, хэдийд ч, хэнд ч авах сайн сайхан байж л байдаг.

Харин хүн төвтэй нийгмийн суурь, ардчиллын үндсэн тулгуур нь хүний үндсэн эрх, эрх чөлөө юм гэдгийг хэлэх гэсэн хэрэг. Ардчилсан нийгмийг байгуулах, түүнийг зөвөөр удирдан үргэлжлүүлэх явдлыг хүний эрхийг хүндэтгэхээс, ялангуяа үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхээс салган үзэж болохгүй гэдгийг НҮБ ч дэлхий нийтэд сануулж буй.

Нийтэлсэн: Д.Даваадулам

Би бас хоёр нийгмийн нэг гэрч нь  
Үзсэн: 1347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй