Шууд Chart

Д.Эрдэнэбаатар: Тэд ангараг руу нисэх үед бид яах вэ

2019-10-07 14:12:41

1981 оны 03 сарын 22:  Монгол Улс сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 101 дэх орон болов.

2017 оны 06 сарын 04:  Монгол Улс хиймэл дагуулаа сансарт хөөргөсөн 51 дэх улс болов.  

Монгол Улсын анхны хиймэл дагуул "Мазаалай"-г бүтээсэн инженерийн багийн гишүүн, МУИС-ийн багш удлаач Дашдондогийн Эрдэнэбаатартай “Мазаалай” хиймэл дагуул сансарт гарах гэж байх үед уулзаж ярилцлаа. Тэрбээр Япон улсын Кюүшигийн их сургуульд докторантад сурч буй.  

Тэрбээр хоёр хоногийн өмнө салбарынхаа залуустайгаа хамтран Монголд “Монголын сансрын технологийн холбоо” буюу MOSTA-ийн байгууллагаа байгуулаад байгаа юм.

-Монгол Улс анх 1981 онд сансрын уудамд нисэж дэлхийн 101 дэх орон болсон. Харин хиймэл дагуул хөөргөсөн 51 дэх улс боллоо. Хиймэл дагуул хөөрөөд сарын дараа тойрогтоо ордог учир нь юу вэ?

-Ерөнхийдөө жирийн пуужингаар шууд хөөрөгдөг хиймэл дагуулууд нь сансарт гараад пуужингаасаа салаад шууд тойрог замдаа ордог. Харин “Мазаалай” хиймэл дагуулын хувьд 6-р сарын 4-нд  хөөрөөд сансар дахь хүн амьдардаг байгууламж болох ОУ-ын сансрын станцад эхэлж хүргэгдсэн. АНУ-ын сансар судлалын НАСА сансрын агентлагаас шууд ОУ-ын сансрын станцын байгууламжид очсон. Өнөөдөр Японы сансрын нисгэгч задгай сансарт гаргана.  Өнөөдөр Монголын цагаар 4 цаг 40-50 минутад задгай сансарт гарна. Энэ үйл явдлыг  хүмүүс  youtube-ээр үзэж болно. Фэйсбүүк хуудсан дээр “Мазаалай Монголын анхны хиймэл дагуул” гэсэн  пэйж   байгаа.

-Тойрог замд ороод ямар үүрэг гүйцэтгэх вэ?

-Хиймэл дагуул нь дэлхийн газрын зургийг сансраас авах, МУ-ынхаа  төрийн дууллыг сансраар цацах гэсэн хоёр үндсэн даалгавартай. Төрийн дууллал  хэрхэн цацаж байгааг  радио долгион хүлээн авагчаар хэн ч хаанаас ч сонсож болно. Харин дөрвөн нь шинжлэх ухааны даалгавар. Сансарт буй хиймэл дагуулын байршлыг маш нарийвчлалтай тодорхойлох ёстой. Хиймэл дагуулаа хаана явж байгааг мэдэх энэ технологи нь өмнө хийгдэж байгаагүй шинэ гэсэн үг.  Дараагийн даалгавар нь агаар мандал дахь молекулийн  хурдны удаашралыг судлах замаар агаарын нягтыг тодорхойлох зорилготой. Үүнийг тодорхойлж чадах юм бол дараа дараагийн том байгууламж, хиймэл дагуулыг хийхэд том мэдээлэл болно. Тэгэхээр энэ бол шинжлэх ухааны маш том нээлт гэсэн үг.

Бид цацраг идэвхт туяа гэж ярьдаг шүү дээ. Энэ туяа агаар мандлаас шүүгдээд бидэнд ирдэггүй боловч дэлхийн гадна талын орбитод  маш өндөр нягттай байдаг.  Сансрын өндөр энергитэй цацраг  хагас дамжуулагч төхөөрөмж буюу электроникийн жижигхэн чипийг гэмтээчихдэг. Нэг чипнээс болоод сансрын том байгууламж эвдэрч болох учраас  энэ судалгаа маш сайн хийгдсэн байх учиртай. Тэр болгоныг судлах гээд  том хиймэл дагуулыг дахин дахин хөөргөөд байх боломжгүй. Зардал их өндөр учраас хямд өртгөөр өндөр өртөгтэй байж болох шинжлэх ухааны туршилтыг хийж гүйцэтгэж чадна гэсэн үг.

-Яаж тойргоо тойрох, хэрхэн ажиллах, сигналаа хэзээ яаж  өгөх зэрэг нь  сонирхол татаж байна?

-“Мазаалай” 10х10см-ийн хэмжээтэй, 1.3 кг жинтэй. Дэлхийгээс 400 орчин км-ийн өндрөөр экватортай 51 градусын өнцөг үүсгэсэн тойрог замаар эргэнэ.  Барагцаагаар 90 минутын дотор дэлхийг бүтэн нэг тойрч чадна. Монголын газар нутаг дээгүүр өдөрт 5-6 удаа МУИС дээр байрласан газрын станцтай холбоо тогтоох чадвартай. Газрын станц уруугаа мэдээлэл дамжуулах байдлаар даалгавраа  гүйцэтгэнэ.

Бид шууд дохио хүлээж авч чадахгүй. МУИС-ийн дээгүүр нисэх үед барьж авч чадна. Бидний төлөвлөж буйгаар 7-р сарын 12-ны өглөө 08 цагийн үед дамжин өнгөрнө. Тэр үеэр Монгол улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлэхээр ажиллаж байна.  

-Өмнө нь бусад улс орнууд хиймэл дагуул хөөргөхдөө энэ туршилтуудыг хэр хийж байсан бэ?

-Хийж байсан. Гэхдээ тэр туршилтыг нэг хийгээд  тухайн дата сан бүрдчихнэ гэсэн үг биш. Нэг ёсондоо дэлхийн шинжлэх ухаанд хувь нэмэр оруулж байна гэсэн үг. “Мазаалай” хиймэл дагуулын судалгааны мэдээллийг өөр бусад орны судлаачид бүтээлдээ ашиглаж болох жишээтэй.

-Хиймэл дагуулыг хөөргөх санаа анх яаж төрсөн юм бэ? 

-Хиймэл дагуулын амбиц улс бүрд бий. Манайд 2000 оноос хойш л яригдаж байсан. МУИС дээр анх энэ санаа 2012 оноос, лаазан хиймэл дагуул гээд яриад байдаг тэмцээн уралдаанаас эхлэлтэй. Яг “Мазаалай” хиймэл дагуулын хувьд  МУИС-ийн хуучнаар Физик электроникийн сургуулийн залуус, залуу эрдэмтэн судлаачид Японд очиж суралцахдаа энэ төслийг явуулах боломжтой гэдгийг харсан. Японы тал ч ийм боломж бий гэж үзээд хоёр тал тохиролцсоноор төсөл эхэлсэн.

-Хиймэл дагуулыг бүтээх гэж хоёр жил болохдоо хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан бол?

-Зөвхөн сансарт нисэж яваа хиймэл дагуулын маань өртөг 100 мянган америк доллар. Газрын станцын тухайд монгол мөнгөөр 30 сая орчим төгрөг болсон. Зардлыг  МУИС, МУ-ын Шадар сайдын ажлын алба хоёр хариуцаж гаргасан. Хиймэл дагуул МУ-ын бас нэг асуудал болоод байгаа гамшгийн үйл ажиллагаанд их ашиглагддаг. Тийм учраас МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүхийн  алба  дэмжсэн болов уу. Бодит байдал дээр  улс орнууд энэ салбарт  хиймэл дагуулыг  ашигладаг. Ой хээрийн түймэр гарлаа гэхэд бид гаднын хиймэл дагуулуудаас  л мэдээлэл авдаг. Энэ нь цаг алдах, нарийвчлал багатай, удаан байх  талтай.

-“Мазаалай”-г бүтээсэн инженерийн багаа танилцуулвал?

-Инженерийн багийн гурван залуу Кюүшүгийн технологийн их сургуульд сурч байна. Сүүлд нэг залуу нэмэгдэж очсон. Түүнээс гадна дахиад манай хиймэл дагуулын инженерийн багт яг орж  ажлаагүй ч гэсэн тухайн үедээ оролцож байсан Хокойдагийн их сургуулийн доктор н.Бэгзсүрэн гэдэг залуу байсан. Тэр хиймэл дагуулын маш өндөр чадалтай камерийн хөгжүүлэлтийн судалгаа хийдэг. Бид бүгд  бусад багуудын адил хиймэл дагуулынхаа  дизайнерыг нь гаргахаас эхлээд угсарч хүлээлгэж өгөх хүртэл гол ажлыг нь хийсэн.   

Жишээ нь  бүх тоног төхөөрөмж хоорондоо харилцан яаж ажиллах вэ гэдэг менежментийнх нь ажлыг тэжээлийн системийн инженерчлэлтэй нь,  нарны дэлгэц, цэнэг, дотоод цахилгааны сүлжээтэй нь би хариуцсан бол Т.Төртогтох  хиймэл дагуулын уураг тархи болсон төхөөрөмжийг холбооных нь системтэй нь хариуцаж хийсэн. Д.Амартүвшин  зураг авч буй хоёр хос камерын системийг  бүтээсэн.  

Өөр орны хиймэл дагуулын гол эд ангиудыг мөн  монголчууд  бид хийж байна. Ингээд ярих юм бол бид Монголоос гадна бусад  улсын хиймэл дагуулд мөн гол үүрэгтэй  ажилласан гэсэн үг. Монголчууд инженерүүддээ итгэхгүй байх хандлага ажиглагддаг. Жишээ нь үйлдвэрлэл дээр ч юм уу ямар нэгэн асуудал гарлаа гэхэд монгол инженерүүддээ хандахаас илүү гаднаас шууд худалдаад авчихъя,  эсвэл хүн урьж авчраад хийлгэе гэдэг. Яг энэ замаар явах юм бол бид хэзээ ч амжилтад хүрэхгүй, хөгжихгүй. Монгол инженерүүдээ дэмжиж итгэх хэрэгтэй. Чадна гэдгээ ч харуулах ёстой. Бид чадна гэдгээ харуулсан гэж бодож байгаа.  

-Хиймэл дагуулаа яагаад “Мазаалай” гэж нэрлэсэн юм бол?

-Анх Номсат гэдэг нэртэй байсан. Хандив цуглуулж байх явцад МУИС-ийн оюутан энэ санааг анх гаргасан юм билээ. Ганцхан Монголд л байдаг учраас мазаалайгийн нэр өгье гэсэн.   

-Хиймэл дагуул сансрын тойрогт хэлий хугацаагаар аялах вэ?

-Хиймэл дагуул нэг жил орчим ажиллахаар болсон. Дэлхийн гаднах агаар мандлын давхаргын дээшээ доошоо шилжилтэд нар нөлөөлдөг учраас энэ жилийн хувьд хиймэл дагуул жил орчим ажиллана.  

-Энэ хиймэл дагуул амжилттай болох юм бол 2019 онд дахиад хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна гэж МУИС-иас  мэдээлж байсан.  

-Бид үүгээр зогсож болохгүй. Зөвхөн нэг хиймэл дагуул гаргаад орхих ёсгүй. Дараа дараагийн хиймэл дагуулыг хөөргөхийн тулд нарийн төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа. Яг 2019 онд дахин нэгийг хөөргөх эсэх нь одоогоор хэлэхэд бэлэн биш байна. Ямартай ч төлөвлөөд ажиллаж байна.

-Дэлхий анх 1957 онд хиймэл дагуул хөөргөж байсан түүхтэй юм байна билээ.  Тухайн үед маш хүнд жинтэй байсан гэж би уншсан юм  байна?

-Тэр үед ниссэн анхны хиймэл дагуул “Спутник”  83 кг жинтэй, 1 ватт орчим чадалтай, хөл бөмбөгнөөс жаахан том хэмжээтэй, зөвхөн биб биб  гэсэн морз дохио цацдаг байсан гэдэг. Долоо хоног орчим ажилласан. Гэтэл одоо “Мазаалай” хиймэл дагуул гарах гээд байгаа станц буюу сансарт явж байгаа байгууламж америк хөл бөмбөгийн талбай шиг том. Энэ том байгууламж нь 1998 онд хөөрсөн. 1957-1998 он хүртэл ойролцоогоор 40 орчим жилийн дотор хүн төрөлхтөн хэд дахин өсөж хөгжиж чадав гэдэг нь технологийн хувьд харагдаж байгаа.  Хөл бөмбөг шиг байсан технологи хөл бөмбөгийн талбай шиг болтлоо хөгжсөн. Тэгвэл өнөөдөр бид “Мазаалай” гээд 10х10см-ийн талбайтай хиймэл дагуулаа хөөргөлөө. 40 жилийн дараа ямар байх вэ гэдэг нь биднээс  л шалтгаална.

-Ер нь хиймэл дагуул яагаад чухал вэ гэдгийг бид ерөнхийдөө төсөөлж, гадарлаж байгаа. Гэхдээ мэргэжлийн хүний санаа бодлыг сонсмоор байна?  

-Ер нь дэлхий нийтээрээ л асуудаг л даа.  Хиймэл дагуул гэдэг нь  голдуу тухайн улс орны тусгаар тогтнол, стратегийн асуудал байдаг учраас татвар төлөгчдийн мөнгөөр хийх тохиолдол бий. Хэрэглээний ач холбогдол талаас нь харвал гамшгийн үед, мөн хөдөө аж ахуйд ашиглах, утас, телевиз, сансрын холбоонд,  далайтай бол усан онгоцноос эхлээд байршил тогтоох гэх мэтчилэн. Үүн дээр нэмээд цэргийн болон батлах хамгаалахын ач холбогдолтой. Сансрын технологийг  хөгжүүлсэн гол хүчин зүйл нь батлан хамгаалахын салбар. 

Цааш нь яривал хүн төрөлхтөн дэлхий дээр цаашид хэдэн жил оршин тогтнох вэ гэдэг асуудалтай холбогддог. Пуужингийн тэгшитгэлийг анх бичсэн Оросын эрдэмтэн К.Циолковскийн сансрын технологийн философийг тодорхойлсон гоё үг байдаг.  “Дэлхий бол хүн төрөлхтний өлгий, хүн төрөлхтөн өлгийдөө үүрд байж чадахгүй” гэж. Тэгэхээр бид эрт орой хэзээ нэг цагт энэ дэлхийгээс явна. Манай “Мазаалай” хиймэл дагуулыг хөөргөсөн “Space X”  пуужинг үйлдвэрлэдэг компанийн захирал  Элон Маск “2060 он гэхэд бид ангараг дээр амьдарч эхэлнэ.” гэж хэлсэн байдаг. 

Тэгвэл дэлхийн хүмүүс ангараг дээр амьдраад эхлэх үед  монголчууд яах вэ?... Бүр жижгэрүүлээд харахад бид энэ технологийг эзэмшиж байна, МУИС өндөр технологийг эзэмшиж байна гэдэг бол МУ өндөр технологийг эзэмшинэ гэсэн үг. Бид хэрэглэгч байх уу, эвсэл тэр технологийн эзэмшигч байж цааш нь хөгжүүлээд явах уу?   Ер нь гаднын улс орнуудаас хиймэл дагуул худалдаад авчхаж болно л доо. Гэтэл тэрийг бид дураараа удирдаж чадахгүй, яаж ажилладгийг нь ч мэдэхгүй бол яах вэ.  Тэр хиймэл дагуулын нас дууслаа, эргээд л бид  хов хоосон хоцорно.

-“Мазаалай”-г бүтээсэн монгол инженерүүд бүгд энэ Японы  Кюүшүгийн их сургуульд сурч байгаа гэсэн. НҮБ тус сургуулийг хиймэл дагуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн шилдэг 6 сургуулийн нэг гэж тодорхойлсон  байдаг.  Та  нарын эрдмийн замыг энэ сургууль руу хэн юу хөтөлсөн бэ?   

-Энд нэг хүнийг дурдах хэрэгтэй.  Монголоос хиймэл дагуулын сансрын инженерчлэлийн чиглэлээр энэ сургуульд анхлан  сурсан Амгаланбат гэж хүн бий.  Тэр хүн МУИС-ийг  Япон дахь сургуультайгаа холбож өгсөн. Монголчууд энэ чиглэлээр сурах боломжтой гэдгийг Япон хүмүүст ойлгуулж, монголчуудыг дэмжиж ажиллах энэ үүд хаалгыг нээсэн хүн. Яг энэ шугамаар хоёр сургуулийн хооронд холбоо тогтсон. Амгаланбат багш бидэнд ч их сайхан зам гаргаж өгсөн.

Би найзууддаа ч хэлдэг, өөрөө ч хичээдэг. Очсон газраа зам гаргаж яваарай  гэж.    Би эхний  жил сургуульдаа ганцаараа байсан бол одоо зургуулаа болсон. Нэг нь мастерт сурч байгаа, бусад нь бүгдээрээ докторын зэрэгтэй.

-Танай багийн, та нарын ирээдүйн зорилго.Ингэж асуухын учир та бүхэн сурсан мэргэжлээрээ Монголдоо ажиллах  боломж  ирээдүй  ямар байгаа гэж төсөөлж байна?

-Би Японы Кюүшүгийн их сургуульд гурав дахь хиймэл дагуулын төсөл дээр ажиллаж байна. Зөвхөн “Мазаалай”-аас гадна Японы хиймэл дагуулууд дээр ажиллаж байснаа өмнө ярьсан. Тэр үед хөгжиж буй 20-30 орны оюутан, сансрын агентлагийн судлаачдаас бүрдсэн багууд ажилладаг  байлаа.  Тэднээс би нэг зүйлийг их сайн ойлгосон.

Дэлхий хэдий  даяаршиж  байгаа ч мэдээллийн хувьд л үүнийг  ярина. Харин төрсөн нутаг, эх орон гэдэг бол өөр юм байна. Эх орон, нутаг уснаасаа ангид  хүн гэж үгүй юм байна гэдгийг би сайн ойлгосон. Ямар ч тохиолдолд намайг монгол хүн л гэж харахаас энэ  Эрдэнэбаатар, энэ тэр  байна гэж  харахгүй шүү дээ. Тийм учраас би залуусдаа “Зорилготой бай. Эх орныхоо төлөө гэсэн зорилготой, сэтгэлтэй бай”  гэж хэлье. Би өөрөө МУ-ын технологийн боловсролын салбарт өөрийгөө чадах чинээгээрээ зориулна гэсэн зорилготой. МУИС дээр ч юм уу ямар нэгэн байдлаар технологийн парк байгуулах санаатай төлөвлөгөөгөө гаргаад төслөө бэлдээд явж байна. Энэ бол миний хувийн зорилго. Гэхдээ энэ зорилгодоо хүрэхийн тулд Японд байгаа монгол залуус баг болоод ажиллаж байна.  Бид ерөнхийдөө 2047 он хүртэл 40 жилийн төлөвлөгөө гаргачихсан. Үүнээс эхний 10 жилийн нарийвчилсан төлөвлөгөөг гаргаад тэрэндээ таарсан төслүүдээ бичсэн. Мэдээж хэрэг бидэнд үүрч яваа нөтэбүүкнээс минь өөр бодитой хөрөнгө байхгүй л дээ. Энэ тал дээр монголчуудаасаа  ч бас дэмжлэг хүсч буй. 

-Та бүхний одоо ажиллаж байгаа гурав дахь хиймэл дагуул чинь хаанахынх вэ? 

-Бид Япон, Малайз хоёрын хамтарсан  “2 Ю” стандартын хиймэл дагуул  дээр ажиллаж байна.  Нэг дэх нь  “ХОР Ю 4” гэсэн төслийн 30*30 см-ын хиймэл дагуул байсан. 2016 оны 2 сард сансарт гарсан. Одоо жил гаруй болж байна.

-Япончууд танд ажлын байр байгаа шүү гэж өөрт чинь хэлсэн тухай би сонссон юм байна.

-Манай удирдагч, профессор багш маань их сургуульдаа үргэлжлүүлж  сурангаа лабораторидоо ажиллаач ээ гэсэн.  Япон  компанийн ажилтны цалинг авна л гэсэн үг л дээ. Гэхдээ би татгалзсан. Багш “чи татгалзаж байгаа бол би чамд юу хэлэх вэ дээ.  Эргээд харилцаа холбоотой байгаарай” гэж байна билээ.  Би монголдоо л ажиллана гэж бодож байгаа. Багштайгаа харилцаатай байлгүй яахав.

-Ингэхэд “Мазаалай” хиймэл дагуулыг бүтээхэд 100 мянган доллар зарцуулсан гэсэн. МУ, монголчууд хиймэл дагуул бүтээсэн та бүхний хүч хөдөлмөрийг хэрхэн яаж үнэлсэн юм бол?

-/Инээв/ Тэр цалин мөнгө гэж бидний хэний ч толгойд  орж ирж байгаагүй. Бидний үүрэг л дээ. Гол нь энэ ажил маань л яваасай, биеллээ олоосой л гэж бодож байсан.

-Тэгвэл та нар Японы, мөн өөр улсын хиймэл дагуулыг бүтээлцсэн юм байна. Ямар урамшуулал авдаг бол?  

-Түүн дээр цалин урамшууллаа аваад явна. Гэхдээ миний хувьд оюутан гэдгээрээ эрдэм шинжилгээний өгүүллийн бүтээл дээр нэрээ оруулсан. Нэг ёсондоо  шинжлэх ухаан талаасаа хамтран ажилласан.  Ажил гүйцэтгэх дээр  орж цалин аваад явж болно л доо. Би цалин мөнгө яримааргүй байна. Энд зүгээр хэлэхэд хиймэл дагуул бүтээх гээд мөнгө дутаад хандив цуглуулж байхад хөдлөөгүй хүмүүс монголчууд хиймэл дагуулыг НАСА-аас хөөргөх үед Америкт, яг тэнд нь оччихсон л байсан. Тэнд үзээд  байх юм бага л даа. Жижигхэн шоо шиг юмыг хөлөгт хийнэ. Тэр нь  үзэгдэж,  харагддаггүй гэдгийг бид хэлж л байсан. Харин монгол оюутнууд маань хандив босгох энэ тэр ажилд их сэтгэл гаргаж байсан шүү.    

-Монголдоо ирээд технологийн парк байгуулах төслийнхөө талаар багш,  эрдэмтэн судлаачидтай санал солилцож үзэв үү?

-Бидний санаанууд зөв юм шиг санагдаад байгаа юм.  Магадгүй зарим хүмүүст үгүй санагдаж болно. Би ямар ч байсан шат шатандаа ойлгож дэмжих байх гэж найдаж байна. Зарим нэг дутуу мэдээлэлтэй хүмүүс мэр сэр таардаг л юм.            

-Японд сурч буй залуус хоорондоо хэр их цуглаж ярилцдаг вэ?

-Ер нь Японд нэлээн олон оюутан суралцдаг. Докторын төвшинд  180 орчим оюутан залуус байгаа болов уу. Өнгөрсөн тавдугаар сард Японы  “Голдэн вийк”  амралтын үеэр Токио хотод Монголоос сурч буй докторын оюутнууд цугларч “Нэг зорилго-нэг тэмүүлэл” гэсэн уриан дор эрдэм шинжилгээний форумыг анх удаа хийсэн. Бүгд судалгаагаа ярилцахын зэрэгцээ Монголдоо  яг юу хийж чадах вэ, цаашдаа яаж хамтарч ажиллах вэ, сурсныхаа дараа нь яах вэ гэдгээ хэлэлцсэн.  Олон салбарын оюутнуудыг оролцуулсан ийм форумыг  уламжлал болгон зохиохоор болсон.

-Тэгээд оюутнууд яг юу хийе гэсэн  санаа бодолтой байх юм?

-Судалгаагаар манай улс хоцорчихсон. Тэнд хийж байгаа судалгаануудыг Монголд  шууд хийхэд боломжгүй. Тэгэхээр хамгийн эхний боломж бол нутагтаа ирээд  мэдлэгээ түгээх.  Энэ тал дээр ч санадлнийлсэн.  Хаана яаж, ямар хөрөнгөөр гээд асуудал бий л дээ. Нэг тоо хэлье. Дээд боловсрол эзэмшсэн хүмүүсийнхээ дунд гадаадад төгссөн хүмүүсийнхээ эзлэх хувь хэмжээгээр МУ дэлхийд нэгт орж байна. Гэхдээ хэцүү нь тэдний хэд нь нутагтаа эргэж ирсэн юм бэ? Энэ хүмүүс эргэж ирэхгүй гэж үзэх юм бол бид тархиа гоожуулж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид маш чадварлаг боловсон хүчнээ гадагш нь алдаад байна. Жишээ нь надад багш маань өндөр цалинтай ажил санал болгож байгаа шиг  бүгдэд  нь  тийм боломж бий болж байгаа. Тийм ч учраас харь нутагт үлдэж байгаа юм. Тиймээс залуусаа  Монголдоо ирүүлэх, эх оронд сайхан амьдруулах төрийн  бодлого хэрэгтэй байна.

-Өөрийн чинь  ажигласнаар  Японд сурч байгаа 180 гаруй докторантуудын хэчнээн хувь нь эргэж ирэх бол?

-Тэр  хувь хүний сонголтын л асуудал. Гэхдээ Монголдоо ирээд хөлөө олохгүй байх вий гэсэн залуус их бий. Тэднийг татах бодлого хэрэгжүүлбэл эх орондоо хэрэгтэй үед нь тэд хэзээд бэлэн байх болно.  

2017.07.07

Нийтэлсэн: Д.Даваадулам

Д.Эрдэнэбаатар: Тэд ангараг руу нисэх үед бид яах вэ   
Үзсэн: 2100 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
DR. UROLOGIST [127.0.0.xxx] 2019-10-24 20:11
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com
Билэгсайхан [127.0.0.xxx] 2019-10-10 09:31
Сайхан ярилцлага байна. Баярлалаа

Бидэнтэй нэгдээрэй