Шууд Chart

"Ээждээ бичих захидал" 1-р байр

2014-03-10 11:14:04

Бурхан байсан ч ижийдээ залбирдаг
Бурхадын бурхан ээждээ мөргөе
 

Тэнгэрийн наран жаргалаа ч дахин мандахын адил санаж эрээн бараантай орчлонд ээ дээ мөн ч их тэнэг явж дээ би. Арван сар тээж ангир уургаа шимүүлсэн ачит эхийнхээ ариун сүүнд архи гэдэг шингэн чөтгөрийг дусаан ээдүүлсэн нүгэлт хүн миний хожмын заяаг ижийн минь сүүн сэтгэл хүүгээ гэсэн үнэн зүтгэл намайг хүн болохын үндэс амьд явахын шалтгаан минь болсон юм. Энэ бүхний эцэст “ Ээждээ баярлалаа” ч гэж хэлээгүй мөхөс үр тань таныхаа гэгээн ариун эгэлгүй тансаг энгүй дулаахан сэтгэлийн тань нөмөрт энэхүү захидлаа бичиж сууна. Буцаж эргэх хорвоогийн шуурган дунд уруудаж, бурхан байсан ч дийлэмгүй архин далай дундаас та минь л намайг эргүүлж хүн байхын дээдийг мэдрүүлж орчлонд намайг дахин төрүүлсэн ээж тандаа баярлалаа. Энэ амьдралын хир тоосыг биедээ шингээж нохой ч тоохооргүй хүний сүг болон гэлдэрч явахад минь бурхан ижий минь ганцхан та л намайг “ Хүү минь” гэж тэврэн үнсч  шороо тоос, хир буртаг болсон хацрыг минь яг л багад илбэж байсан шигээ энхрийлж, “ Хайран ч үр минь” гэж амандаа үглэн давтаж байсан тань одоо ч чихэнд тодхон сонсогдож байна.
 Гэвч би бас л ухаараагүй. Дахин архи гэдэг идээнд шунан дурлаж ахин дахин уусаар л архиндаа идэгдэж шингэж явахад танихгүй хүн битгий хэл ах дүү, төрөл садан, найз нөхөд, ханилсан хань хүртэл зугтаах шахам нүүр буруулахад ээж минь л та намайг цааш түлхэлгүй дэргэд минь байж шороо тоостой хүний сэжиг хүрэм хувцсыг минь хүртэл угааж хийсэн хоолоо ахин дахин халааж, айлын нохдыг боргох дуунаар өвлийн хүйтэн салхинд биеэ жиндээн гадаа зогсч ажилчин биш архичин хүүгээ мөн ч их хүлээж нойроо хугасласан даа та минь. Энэ хорвоод ээжээс минь өөр намайг хүлээсэн хүн битгий хэл чөтгөр ч байгаагүйг би мэднэ. Тэтгэврийн хэдэн төгрөгөө өөртөө биш надад зориулж цайны сүү, дулаан гуталгүй явсан тэр олон жилүүдэд та минь яасан их даарч, ямар их цангаа бол доо. Архинаас гаргана гэсэн юуны ч өмнө эд хөрөнгө байтугай амин зүрхээ ч өгөхөөс буцахгүй явсан ижий минь ямар агуу хүн бэ. Амьдралынхаа арван хэдэн жилийг архинд зориулсан тэнэг толгой миний сүүдэрт зам одоо ээжийн минь цагаан сүүгээр ариусч ханийн тэнгэр, үрийн тэнгэртэй болсон. Хожмоо ухаарч, хойноо гэмшихгүйн тулд хүний сүг болон хар толгойгоо шаахгүйн тулд ээж таныгаа амьд дээр нь хүү нь ухаарч архи гэдэг зүйлийг дахин амсч цагаан сүүгээ ээдээхгүй гэж ачит эх таныхаа бурхан заяанд мөргөн амлая.
  Хүмүүс ээ, энэ хорвоод намайг архичин, худалч, хулгайч, арчаагүй новш, тэргүүн баян, халдварт өвчтэй байлаа ч гарцаагүй үнэн хувирашгүй итгэлээр хайрласан нэг л хүн байсан. Одоо ч байгаа  тэр хүн миний ээж. Өөр хэн ч биш хүүгийнхээ төлөө хүн чулуу мэт зогсох ээж таныхаа миний төлөө ургасан нулимс бүрийн тоогоор хүү нь ухаарч амьдарна. Худлаа биш ээ, амлая.
 Бурхан бурхан л гэнэ
Бусад нь шүтэг, тоохгүй
Хувилгаан хувилгаан л гэнэ
Хүмүүс залбираг ээ, хамаагүй
Нүгэл дутааж ирсэн үүрийн шаргал туяанаас
 Насны цээжинд гарсан эрийн цээнд хүртэл
Нэг ч хувирашгүй сэтгэлээр миний төлөө зүтгэсэн
Намба төгс ээжийгээ мөнхөд би шүтнэ
 Зүгээ олохгүй төөрч нөхрөө танихгүй явахад
Зөвийн цагаан замыг ариун сэтгэлээрээ гэрэлтүүлж
Зөвхөн миний л төлөө зөвийн тэнгэрт залбирсан
Зөнч уяхан ижийгээ завилсан бурхан шиг шүтнээ би
Хорвоогийн дутууд боогдож хүний харцанд сөгдөхөд   
Хоёр нүдний нулимс аягаа халин урсч
Хацар зүсэн доошлоход хорвоод ганцхан ээжийгээ
Хамгаас түрүүнд санадагсан
 Унаж бүдрэхийн зөрөлдөөнд “ Ээжээ дуудан тэнцэж
Ухарч няцах бүрдээ таныгаа санан зүтгэж
Ухаан дутах бүрийдээ тандаа залбиран мөргөхөд
Униарт энэ хорвоод бүтэхгүй зүйл үгүй
Хайрын хатуу үгэнд зүрх гансран чичирч
Хүний ширүүн харцанд сэтгэл хөлбөрөн үймрэхэд
Хорвоогийн уужрал ижийгээсээ ухаарлын үг царайчилж
Сэтгэлийн эрлээ мухарлан тандаа би очдогсон
Өөртөө биш надад энэ амьдралаа зориулахдаа
Үйлээр дутаагүй сэтгэлийн тань хайр хаанаас ундардаг юм бэ
Өнгө мөнгө хоёроор жишиж боломгүй үгний тань
Үнэнд ирлэгдэхийн учир тэнгэрийн зарлигтай юм уу
          Бурхан байсан ч ижийдээ мөргөн залбирдаг хорвоод
Борхон үр чинь одоо ухаарлын түшигтэй болсон
Бусдын дайтай амьдарна, тэнгэр ижийдээ амлая
Бүтэн нойртой хоно доо, хүү нь одоо алдахгүй ээ
 Танан цагаан үсийг тань хар болгож чадахгүй ч
Тавилан заяа хоёроо тэгшилж баярлуулъя таныгаа
Тэнгэр их хайранд тань багтаж явсан болохоороо л
Тэнэг үр чинь одоо баярлалаа гэж хэлье дээ
Өрөөлийн хүнд өөрөө би хайртай гэж хэлчихээд
Өрөвч цайлган ижийдээ хэлж байгаагүй хүүгээ уучлаарай
Тандаа хүү нь хайртай


Хайрт ээжээ гүнээ хүндэтгэн бичсэн
Хүү В. Доржготов  Утас: 89180733
 


"Ээждээ бичих захидал" 1-р байр  
Үзсэн: 19511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
А [127.0.0.xxx] 2025-02-14 15:53
Гоё байн өө
Зочин [122.201.24.xxx] 2018-09-25 11:08
Маш гоё юм аа!!!!!!
Зочин [64.119.19.xxx] 2018-09-18 11:11
Оууууу щиит fuck you homosexual
Зочин [202.72.242.xxx] 2018-03-01 09:26
Мундаг хүн бнаа, сайхан ч бичжээ
Баяр хүргэе [202.70.46.xxx] 2017-02-23 09:06
Алдаж оноод ухаарсан л юм байна. Үг нь уран цэцэн мундаг ах байна аа. Гэхдээ ижийгээ эмтрэхвий гэсэндээ хичээж элдэв мүү зүйлд дурлалгүй зав мөртэй амьдрах гэж хичээж яваа хүнд бичих юм олдохгүй юм байна гэж ойлгов.
Тайван Пүрэвсүрэн [122.201.24.xxx] 2016-07-04 09:47
ээждээ бичсэн захидал 2010 буюу 2 дахь удаагийн шилдэг байрын оролцогч Баатарсүх гуайн захидлыг олж өгөөч
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2016-03-06 12:46
Үнэхээр гоё ямаа
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2015-04-03 10:44
chamaig hen gedeg be
Зочин [202.9.43.xxx] 2017-04-18 21:03
м
202.179.13.xxx [202.179.13.xxx] 2014-06-05 14:48
Ийм захидал 1-р байранд ордог мөн сонин л байна. Захидал ямар ч ухаарал,хүнийг юм бодогдуулах бус харин ч жигшмээр байна.Одоо яая гэхэв эзлүүлсэнээс хойш....Гэхдээ миний сайхан ээж" Худалч хүний Тиймээ тиймээ олон.."гэгчийг л санууллаа

Бидэнтэй нэгдээрэй