Шууд Chart

"Ээждээ бичих захидал" шилдэг захидлууд

2014-03-10 11:30:00

Сайн байна уу? Хайрт ээж ээ

Ээж ээ хүү нь сарны доорхи хорвоо дээр тандаа яаран очиж, сайртай хацраа үнсүүлж чадалгүй зөндөө их удчихжээ.  Хүү чинь тэр нэгэн гунигт өдөр таныхаа гил хар үсэнд хагацлын цагаан хяруу унагачихаад алс хол, тэнгэрийн орон луу одсоноос хойш ээж та минь урин хаврыг дөрвөнтөө угтаж, усны шувуудыг дөрвөнтөө үджээ.
 Шувууд ирэхийн тоолонд ижий минь та нулимсаа залгин үдэж байсныг хүү нь мэднэ. Хүүгээ хүлээж цөхөрсөн Монгол эх хүний сэтгэлийн уй гунигийг дэлхий даадаггүй юм  гэнэ лээ. Тиймээс хүү нь Монгол ээжийн алтан заадас салгаж алаг хорвоод мэндэлсэн нь азтай учрал шүү ээж ээ.
Ээж ээ, хүү нь тэр нэгэн шөнө таныхаа зүүдийг эргэн ирэхдээ “ Ээж ээ” гэж гүйн ирээд нэг сайхан тэврүүлснийг минь та санаж байна уу. Маргааш нь та тэр зүүдээ нулимс унаган байж аавд яриад: “ Муу хүүгээ мөн ч их санаж дээ. Харин одоо хүүгийнхээ данхар толгойг үнэрлэж, дэнхэр биеийг нь тэвэрсэн юм шиг дотор онгойж бие хөнгөрөөд сайхан болчихлоо. Даанч хүү минь гүйж ирээд тэврүүлэхдээ өрөөсөн хацраа ч үнсүүлж амжилгүй, биеийг минь нэвт дайраад л гараад явчих юм. Тэр диваажин гэдэг чинь тийм л давчуу газар юм байх даа.” гэж баярлах, харамсах хоёрыг зэрэгцүүлэн хэлээд уй гунигт аргасан нүднээс нь арай ядан багтан гарах нулимсаа барьж дийлэлгүй суусан билээ.
 Ээж ээ, хүү нь учир мэдэхгүй томоогүй насандаа таныгаа мөн ч их зовоож байсан даа. Ямар сайндаа л гэхэв, нэг удаа ээж минь та хүү наддаа зурагтай ном үзүүлж байсансан. Гэтэл өндөгний зураг таарч, ээж минь та “ Энэ өндөг байнаа” гэхэд хэрэг мандсан хэрэг. Нөгөө таны учир мэдэхгүй хүү чинь “ Өндөг идье, өндөг идмээр байна” гээд дөрвөн мөч нь тийчилж гарч дээ. Сандарч тэвдсэн ээж минь та “ Миний хүү, энэ чинь зураг шүү дээ, одоо манайд өндөг байхгүй байна. Ээж нь дараа авч өгье” гэхэд хүү “ Байгаа ш дээ, тэр шүүгээнд байгаа” гээд тэр үедээ идэх уух юмаар хомсдуухан байсан хоолны шүүгээ рүүгээ заагаад улам чангаар уйлсан гэдэгсэн. Ерээд оны картын бараанд дугаарласан тэр хүнд хэцүү он жилүүдэд өндөг байтугай талх ёотон хүртэл нүдний гэм байсан байсан үе шүү дээ. Ээж ээ, та одоо хүртэл дэлгүүр лүү орох болгондоо өөрийн мэдэлгүй өндөг авдгийг чинь хүү нь мэднэ. Тэгээд та тэр өндөгнүүдээ сайхан чаначихаад ач зээ нартаа тарааж, үймэрсэн сэтгэлээ аргадаж суудгийг чинь бас мэднэ. Ээж ээ, хүү чинь тандаа өөрөө л өндөг байсан шүү дээ. Бас нэг удаа ээж та хөршийндөө зурагт үзэж байгаад хажуудаа байсан дэрчгэр шар  хүүгээ алга болсныг гэнэт мэдээд ухаангүй айж сандарсан гэдэг. Тэгээд та минь тэр хавийнхаа хашаа гудамжаар нэг хайгаад, эцэст нь арга мухардаж гар лүүгээ харайлган ортол нөгөө томоогүй шар амьтан чинь харанхуй гэртээ орныхоо урд хээв нэг тоглоод сууж байсан гэдэгсэн. Хожим ээж минь та энэ тухай “ Залуу ч байж дээ. Муу хүүгээ алга болчихлоо гэж их айсан даа” гэж ярьж билээ. Тэр үед аав та хоёр  минь зурагт авчих чадалгүй тарчигхан байсан ч гэлээ, элэг бүтэн жаргалтай байсан он жилүүд байж дээ.
 Ээж ээ, маргааш эмэгтэйчүүдийн баяр болно. Бас маргааш таны дэрчгэр шар хүүгийн чинь энэ хорвоод мэндэлсэн өдөр. Ээж минь та нэгэн мартын баяраар :  Энэ өдөр миний хүү ижийнхээ ангир мөөмийг ивэлгэн ирсэн нь ээжийнх хувьд энэ яваа амьдралдаа бурханаас хүртсэн хамгийн том шагнал шүү гэж хэлээд дэрчгэр шар хүүгээ өхөөрдөн үнсэж байснаа санаж байна уу.
 За за ээж ээ, хэн нэгний хувьд өнгөрч одсон хуучин түүх мэт боловч та бид хоёрын хувьд сэтгэлийнх нь гүнд мөнх оршиж, хэзээ ч үл мартагдах энэхүү дурсамжуудаар таныгаа чилээсэн бол уучлаарай.
 Ээж ээ, хүү нь яг одоо таныгаа юу бодож , юу хийж байгааг хэлэх үү. Та минь яг одоо зургийн дэвтрийн нэгэн хуучирсан бор цаас гартаа бариад буйдан дээр сууж байна. Таны,   гараасаа салгаж чадахгүй байгаа энэхэн бор цаасанд та минь ямар их хайртайг хүү чинь мэднэ. Яагаад гэвэл таны нүдээ ч үл салгаж чадах энэ цаасан дээр дэрчгэр шар хүүгийн чинь бяцхан гараараа хайрт ээждээ зориулж зурсан зураг байдаг. Энэ зураг бол цэл залуугаараа таныгаа орхин одсон хайртай хүүгийн чинь цорын ганц, нандин дурсамж билээ.
 Ээж минь та хүүгээсээ хойш жил бүр яг өдийд  энэ хуучин бор цаасан дээрх зургийг ширтээд огт хөдөлгөөнгүй, огт чимээгүй, хэсэг зуур нам гүм суудаг билээ. Яг энэ үед ээж минь та орчлонгоос бүр мөсөн тасарсан юм шиг, бас сэтгэлдээ хэн нэгийг эрж хайгаад байгаа юм шиг харагддаг шүү.
Ээж минь та орчлонгийн олон өнгийг төдийлөн анзаардаггүй боловч энэхүү зурагны зураас, цэг, үсэг бүрийн өнгийг огт будилахгүйгээр хэлж чадна гэдгийг хүү нь мэднэ. Зургийн дээд талд хүүгийнх нь гараар бичигдсэн “ Мартын 8- Эмэгтэйчүүдийн баяр” гэсэн үг бий. Зурагны дунд хэсэгт том гэгч 8-ын тоо зурсан байдаг бөгөөд дэргэд нь цэцгийн баглаа барьсан залуу бүсгүйг дүрсэлжээ. 8-ын тоог том гэгч нь зурсан нь уг тооны утга агуулгыг илтгэнэ. Харин тэр залуухан бүсгүй хэн болохыг ээж минь та өөрөө мэднэ. Зурагны доод хэсэгт “ Хайрт ээждээ, хүүгээс чинь” хэмээн хичээнгүйлэн дармалдсан нь зургийг зурсан эзэн нь билээ. Ийм нэгэн зураг та бид хоёрын мөнхийн холбоог билэгдэн диваажин, дэлхий хоёрыг  холбосон алтан гүүр болсоор дөрвөн оныг үджээ. Ээж ээ, энэ бор цаасан дээр таны минь унагасан нулимс жил бүр үлддэгийг хүү нь мэднэ. Одоо дөнгөж норгоод нүүж байгаа тэр нулимс бол таны минь сая унагасан нулимсны халуун ор гэдгийг бас мэдэж байна. Ээж ээ, хүү нь алс хол тэнгэрийн оронд сахиусан тэнгэрүүдийн дунд салхи хөлөглөн одод дамжин нисдэг ч гэлээ таныхаа дэргэд үргэлж хамт байгаа шүү.
 Ээж ээ, хүү нь энд сайн байгаа. Энд идэж уух, өмсч зүүхээр гачигдах юмгүй, үхэл зовлон гэж байдаггүй юм. Ганцхан хүний амьдралаас л хол юм даа. Алтан утсыг нарны цацрагтай хэлхэж нэхсэн диваажингийн хөнжил дулаахан ч гэлээ ээж таныхаа өврийг дэндүү их үгүйлэх юм даа.
 Ээж ээ, тэнгэрийн шувууд хүртэл буруу дэвсэн тэр нэгэн гунигт өдөр 16-хан настай балчир хүү чинь нэгэн эмээг зам гаргах гэж явахдаа өөрөө осол орсныг та санаж байна уу.
  Өө нээрээ, тийм ээ ээж ээ, эртээд нэг эмээ оддын орчилд надтай тааралдаад их л танимхайрч баярласнаа хэлээд үнсээд байсан чинь тэр үдэш миний зам гаргаж өгсөн тэр эмээ байна лээ. Хожим ч гэлээ тэр буурал хүүгий чинь мартаагүй байна лээ шүү.  Ээж минь та хүний орчлонгийн хар цагааны алинтай нь ч эвлэрч чадах мөртлөө хүүгээ тэнгэрийн оронд одсон гэдэгтэй хэзээ ч эвлэрч чаддаггүйг хүү нь мэдэж байна. Та минь хоймортоо байгаа жаазтай зурагны эд эс болгоныг зүлгэж, хацар дагасан нулимсаа өөрөөсөө хүртэл нуух мэт сэм сэмхэн арчиж суудгийг чинь хүү нь бас мэдэж байна.
 Ээж ээ “ Үхэвч үр харам” гэдэг энэ үг зөвхөн миний ээж танд л зориулагдсан цорын ганц удаа хэлэгдэх үг юм шиг санагддаг. Ээж ээ та минь ахиж битгий уй гуниг болоорой. Харин хүү нь ээж тандаа жил болгон хаврын шувууд ирэхээс урьтаж яг өдийд тэнгэрийн орноос захидал нисгэж байя. Ертөнцийн бүх ээжүүдийн хүүхдүүдэд ганцхан л хүсэл байдаг. Хүү нь ч бас тийм л хүслээ хэлмээр байна. Тэр бол : ЭЭЖ МИНЬ ТА МӨНХ ЮМ ШИГ НАСАЛЖ УРТ УДААН АМЬДРААРАЙ гэсэн хүсэл юм шүү. Хүү нь ингээд захидлаа дуусгая даа, ээжээ. Гэхдээ 3-р ангид байхдаа олны өмнө ичингүйрэн байж уншаад таныгаа уйлуулж байсан нэгэн шүлгээр захидлаа өндөрлөе.
Говийн хавтгай ботгоо нуугаад ус руу тэмцдэг болохоор
 Ижийдээ би хайртай
           Гунжин үнээ тугалаа харамлаад үүрээр шилэрдэг болохоор
Ижийдээ би хайртай
Гудиггүй баавгай бамбарууштайгаа эрхлэн тоглодог болохоор
Ижийдээ би хайртай
Гундсан гүү дэлэн нь чинэрч, унагандаа янцгаадаг болохоор
Ижийдээ би хайртай
 Ээжээ, хүү нь тандаа дэндүү их хайртай шүү
Таны дэрчгэр шар хүү чинь.

Улаанбаатар хот , БГД
22-р хороо  Зүүннаран 12-169 тоот
 В. Амархүү
Утас: 95197671  / өөрийн /
         99770785        / охин/
 88127716     /гэргий /
 


"Ээждээ бичих захидал" шилдэг захидлууд  
Үзсэн: 18725 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ОЮУН-ЭРДЭНЭ [127.0.0.xxx] 2024-05-09 21:59
Маш муухай юм байна.
Зочин [66.181.161.xxx] 2018-02-28 23:10
uneheer goe ym
Намуун [103.212.118.xxx] 2018-01-11 13:59
Уйлуулмаар ухааруулсан хүн бүхний сэтгэлд хүрсэн сайхан шүлэг болжээ
202.21.120.xxx [202.21.120.xxx] 2016-02-27 17:11
huurhiiduu goe bichsen baina
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2015-02-24 20:51
уйллалаа

Бидэнтэй нэгдээрэй