Шууд Chart

Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2019-11-07 14:20:16

Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Үүнд Нидерландын Хаант улсаас Монгол Улсад хавсран суух /Бээжингээс/ Элчин сайд Уим Гийрц, Бүгд Найрамдах Тажикстан улсаас Монгол Улсад хавсран суух /Нур-Султанаас/ Элчин сайд Хайрулло Ибодзода, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп улсаас Монгол Улсад хавсран суух /Бээжингээс/ Элчин сайд Тесхоме Тога нарыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа томилогдон орсонд нь баяр хүргээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх шатанд өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Тэр дундаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд хөдөө аж ахуйн салбар чухал болохыг онцлон тэмдэглэж, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, махыг халал аргаар боловсруулах зэрэг төсөл, хөтөлбөрийг аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх боломж, нөхцөл бүрдсэн талаар хэлж, ярилцлаа. Нидерланд улс гэхэд хүлэмжийн аж ахуйн туршлагатай тул ирэх онд мэргэжилтнүүдээ Монгол Улс руу илгээж, боловсон хүчин бэлтгэх, технологио нэвтрүүлэх зэргээр хамтран ажиллах сонирхолтой буйгаа уулзалтын үеэр мэдэгдсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарын хүчин чармайлт хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахыг онцлоод, өөрийн зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.


Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив  
Үзсэн: 1025 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй