Шууд Chart

Ид шуугиулж буй “Хү” Монголын метал рок хамтлаг дэлхийг эрхшээхээр зэхэж байна

2019-12-18 10:08:38

Америкт сар тутам 100 мянган хувь хэвлэгддэг, метал рок хөгжмийн нэр хүндтэй сэтгүүл болох “Revolver” “Чингис хаан” одонт “Хү” хамтлагийн “Их эзэн Чингис хаан” дууны клипийг 2019 оны шилдэг арвын нэгээр тодруулснаа зарлажээ. Түүнчлэн өнгөрсөн есдүгээр сард “Хү” хамтлагийн “Гэрэг” цомог худалдаанд гарсантай холбогдуулан тус сэтгүүлд нийтлэгдсэн Раян Рийдийн туурвисан хөгжмийн шүүмжийг хөгжим судлаач, шүүмжлэгч, доктор Б.Батжаргалын орчуулснаар хүргэж байна.

Зураглаачийн дуран өндөр уулсын таг, өтгөн ой шугуй дээгүүр эргэцэхүйд дөрвөн монгол эр өнгө гялтганах морин хуур, товшуур гэх рок хөгжмийн бус зэмсгүүдээр эгэн давтагдах тогтмол хэмнэл товшин хуурдана. Өмнө эгнээнд зогсох эрэгтэй цээжний хөндийн гүнээс хүнгэнүүлэн өгүүлэх нь үхлийн метал рок хөгжим дэх хашхираантай айлсах авчиг, цааш сайтар анхааран сонсох аваас исгэрэн шүгэлдэж, найрсан эгшиглэх уламжлалт хөөмийн дуугаралт болохыг та таних болно. Энэ бол "Хү" хамтлагийн "Гэрэг" цомогт орсон "Юу вэ? Юу вэ?" нэртэй шилдэг дан - дуу болох туульс, зөрчилдөөнт өгүүлэмж бүхий дууны клипийн зураглал болно. Энэхүү клип нь 2019 оны есдүгээр сард анх гарснаасаа хойш тус хамтлагийн “Youtube”-д  хамгийн их, 19 сая тандалт авсан бүтээл болно. Тус хамтлагийн морин хуурч - дуучин "Галаа" - Ц.Галбадрах тэдний дараачийн бүтээл болох “Чонон сүлд" яагаад өчнөөн олон соёлыг сөрөн гаталж, 13 сая тандалт авч, “Billboard” сэтгүүлийн Хүнд Рок Тоон эрэмбэнд тэргүүлж ( No. 1 on Billboard's Hard Rock Digital chart ), олон улсад анхаарал татсаныг ухаарч чадахгүй явна. Тэгэхдээ тэрбээр хамтлаг нь "Өрнийг Дорнотой, шинийг хуучинтай эвсүүлсэн" -ээр рок хөгжим сонирхон бишрэгчдийн таашаалд нийцсэн байх гэдэгт итгэлтэй байна. Тэрбээр “Энэ нь мэдээж бидний харагдах байдлаас ихээхэн хамаарна" хэмээн орчуулагчаар дамжуулан өгүүлэв. "Бидний хувцас эртний монгол бол биш. Монгол хувцас хэвээрээ л байгаа. Гэхдээ бид рок маягийн харагдахаар хувцсаа урласан. "Юу вэ? Юу вэ?" дууг дүрсжүүлэхийн тулд бид 6000 бээр замгүй газраар довтолгосон. Учир нь бид монгол эх орон маань ямар болохыг, байгаль нь хичнээн тансаг болохыг дэлхийд харуулахыг хүссэн. Бидний ингэж зүтгэж, хөдөлмөрлөснийг одоо хүмүүс харж байгаа байх аа!

Тэдний "Гэрэгэ" цомог энэ намар дэлхий даяар худалдаанд гарах ба “Eleven Seven” хөгжмийн компани энэ ажлыг гардаж буй. Эл компани нь “Mцtley Crьe”, “In Flames”, “Hellyeah” зэрэг хамтлагийг төрүүлсэн билээ. "Хүннү рок" хамтлагийн дөрвөл залуус “Tool”, “Slipknot”, “Lamb of God”, “System of a Down” болон “Korn” зэрэг алдартай рок болон метал рок хамтлагуудын бүтээлийг шүтдэг ажээ. Харин Галаа "Хү" болон хүнд метал рокын яг завсрын хөгжмийг илүүд үздэг аж. "Бид "Хүннү рок" чиглэлээр хөгжимдөж буй. Тэгээд бид товчлоод "Хү" гэсэн нь Монголоор хүн буюу хүмүүн бие, хүн хэмээх бодгаль л гэсэн утгатай юм. Бидний хөгжмийн хэв маяг зөвхөн метал рок ч юм уу, эсвэл тэр чигтээ хүнд рок, бүүр дагнан паанк рок бус. Олон чиглэл урсгалын рок хөгжмийн шинж тэмдгүүдийг Монгол хөгжимтэй сүлэлдүүлсэн л зүйл юм. Тус хамтлагийн гишүүд болох Галаа, "Энкүүш" буюу Б.Энхсайхан (морин хуурч, хөөмийч), “Жааяа" буюу Г.Нямжанцан (аман хуур, хөөмий, лимбэ, цуур) болон "Тээмкаа" буюу Н.Тэмүүлэн (товшуур) нар бие биенээ олон жил мэдэх, уран бүтээлийн цөөнгүй жилийн андууд ажээ. "Хү" хамтлаг тэдний хамтран ажиллаж буй анхны төсөл бөгөөд дугуй цартай аргил гитар, лимбэний хөдөлгөөнт - "пассаж" мэт хэнгэргийн нүргээн, чавхдаст хөгжмийн удаанаар давтагдан нүргэлэн үргэлжлэх "бурдон" ховсдолт дуун энэ бүхэн тус хамтлагийн хөгжмийнх нь донж маягийг бүхэлд нь фюүз рок (fuse rock) ба монгол эгшиглэгээний нэгдэл болохыг илтгэнэ. Тэд төрөлх эх орныхоо уламжлалт дуу хууртай гүн гүнзгий холбоотой. Хамтлагийн дөрвөн гишүүд бүгд Монгол Улсын Консерваторид суралцжээ(харин Жааяа нь тэндээ багшилдаг аж). Галаа 11 настайгаасаа Хөгжим бүжгийн сургуульд элсч, анх хөгжмөөр хичээллэж эхэлсэн ба улмаар Консерваторид үргэлжлүүлэн сурч, хөгжмийн магистр цол авчээ. "Хү" хамтлаг тэдэнд анхлан гэрэлт бамбар асааж өгсөн тус хамтлагийн продюсер "Даашкаа" буюу Б.Дашдондоггүйгээр оршин байх боломжгүй. Учир нь тэрбээр 2011 оноос тус хамтлагийн төрх маяг ямар байх тухайд туршиж, чиг хандлагын тухай бодож боловсруулж эхэлсэн байна. "Тэр энэхүү санааг анх тээж, эртний монгол яруу найраг, хөгжмийн зэмсэг, хөгжмийн судалгааг эхлүүлсэн" хэмээн Галаа өгүүлэв. "Энэхүү төслийг эхлүүлэхээс бүүр өмнө бид түүнийг мэддэг байсан. Тээмкаа маань гэхэд л Даашкаагийн студид найман жил ажилласан байлаа. Тээмкаа бидэн хоёр Хөгжим бүжгийн сургуульд 10 жил хамтдаа суралцсан (12 настайгаасаа эхлээд). Би Энкүүш, Жааяа хоёртой өөр хамтлагт 10 жил хамтдаа хөгжимдөцгөөсөн. Бид бүгд найзууд ч өмнө нь өөр өөр төсөл дээр ажилладаг байв. Тэгээд Даашкаа энэхүү санаагаа авчрангуут л бид бүгдээр хамтдаа хөгжимдөхөөр сэтгэл шулуудсан. Тэгээд бид 2016 онд хамтран ажиллаж эхлээд, өдгөө хайж байсан дуугаралтаа олсон гэж бодож байна" хэмээв. "Өнгөрсөн явдлыг эргэн дурсахад бид энэхүү сэдэл санаа тээж байхдаа ер нь иймэрхүү зүйл бүтээнэ гэж зорьж байсан" хэмээн Энкүүш нэмэв. "Галаа бид хоёр хоорондоо ямар нэгэн рок хөгжмийн төсөл хийхсэн, бүтээхсэн гэж ярилцаж байсан ч ерөөсөө үүн шиг болж өгөөгүй. Тэгээд бид Даашкатай уулзаад л өнөө хайж байгаа зүйлээ мөн байна гэж мэдэж, ойлгосон" гэж Энкүүш өгүүлэв. "Хү" хамтлаг Даашкатай хамтран ажилласны дүнд есөн дүрсжүүлсэн дуутай болоотхов. Эдгээр бүтээлд тэдний хамтын үзэл санаа эвсэлдэн, заримдаа ялгаран байх аж. "Чонон сүлд" дуунд нь гэхэд л блюз маягийн аяст хүнд рок хөгжмийн дахин давтагдах богино хэмнэл морин хуурын гоёмсог "бурдон" дуугаралтай эвсэн нэгэн цул хана хэрэм мэт цохилгын дуурьсалд уусна. “Их Чингис хаан" бүтээлээ тэд монголын суу алдарт их удирдагчид зориулж, (Баруунд түүний нэрийг Жингис Хаан (Genghis Khan) гэдгээр нь илүүтэй мэдэх билээ) Маршийн сүрлэг дуугаралтаас бүүр өмнө богиноор давтах хэмнэлээр анхлан эхлэх байдал нь Роберт Жонсоны (Америкийн блюз хөгжмийн анхдагчдын нэгэн тод төлөөлөл, өнгөт арьстан, 1911- 1938 онд амьдран, туурвиж байв. Хөрв. Б.Б) хуучны пянз бичлэгийн хөгжмийн төрх, аясыг санагдуулах ба эл дуу бүхэлдээ монгол эртний хэм хэмнэлд тулгуурлах аж.

“Чингис хаан яг жинхэнээсээ хэн байсныг бид дэлхийд харуулахыг зорьсон" хэмээн Галаа сүүлд нэмж өгүүлэв. Цааш тэрбээр "Бидний их өвөг дээдэс - их хаан дэлхий ертөнцөд маш олон сайн сайхан зүйл авчирсан. Анхны шуудангийн үйлчилгээ байна. Мөн “гэрэгэ”. Гэрэг гэдэг нь дэлхийд анхны дипломат паспорт болох юм. Бид энэ дуундаа энэ бүгдийн тухай өгүүлдэг. Манай оронд түүнийг Америкийн Ерөнхийлөгч Вашингтон лугаа улс орноо нэгтгэсэн их үндэслэгч эцэг хэмээн үздэг юм" хэмээв. Хэдийгээр “Гэрэг" цомог бүхэлдээ эрч хүчээр дүүрэн ч шүлэг найраг нь гүн хүндэтгэлийн аяс ихэнхдээ агуулах ба сэтгэл ариусган, хөвөн нисэх мэт "Хун ээжийн домог" бүтээл нь тус хамтлагийн хөөмийн урлагийн ид бах, найрсан дуугаралтын жишээ болно. ""Хун ээжийн домог" дуу эх хүн үрээ хайрлах тэр сэтгэлийг илэрхийлсэн утгатай” хэмээн Галаа видео нэвтрүүлгээр ярих аж. Тэрбээр цааш нь "Мөн эх хүн амин голоо тасран тасартал үрээ гэх сэтгэл тээдэг тухай энд өгүүлэн буй. Тиймдээ ч эл дууны маань аялгуу монгол эртний магтаал аялгын дуурсалтай. Хүний зүрхний гүн рүү чиглэсэн зүрхнээс зүрхэнд очих хүч юм" хэмээв.

"Хү" хамтлаг хорвоогийн тавцан болсон “Youtube”-д өндөр амжилт гаргаж буйн зэрэгцээ ар талд нь бүхэл бүтэн үндэстэн - ард түмэн "Гэрэгэ" - тэй хамт зогсож буй аж. Тэд хамтлагаараа "Соёлын элч - дипломатууд болжээ. 2019 оны дөрөвдүгээр сард тэдний эх орных нь Гадаад харилцааны сайд бүгдийг нь "Дэлхийд Монголыг төлөөлөх Соёлын Элчин сайд" болгон өргөмжилжээ. Дараа сард нь улсынх нь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хүлээн авч уулзсан байна. Тэд Их хаан шигээ Эзэнт гүрнээ өргөтгөн тэлсээр явна. Англи болон Европоор энэ зун хөгжмийн наадмуудад оролцоод саяхан өндөрлөцгөөсөн бөгөөд энэ намраас Хойд Америкийг эрхшээхээр зэхэж буй. "Бид үзэгчдийн хандлагыг хараад үнэхээр цочирдсон" хэмээн Галаа өгүүлэв. "Бидний тоглолтын бүх билетүүд урьдчилан зарагдаж дуусаад, очсон газар бүрт "Хү! Хү!" хэмээн хүмүүс уухайлан түрж байв" хэмээн Галаа өчив. "Хү" гэнэтийн нэр алдрын сүрд дарагдан буй хэдүй ч тэд талд нь хүргээд орхисон хараахан нэр өгч амжаагүй байгаа цомгоо Монголдоо очиж дуусгах төлөвлөгөөтэй аж. Тэд урьдын адил Даашкатайгаа ажилласаар байгаа. Тэрбээр хамтлагийнх нь салшгүй хэсэг нь. "Тэр бидний хувьд продюсероос ч илүүтэй манай хамтлагийн бараг гишүүн юм. Бид том гэр бүл" хэмээн Галаа хэлэв.

Түмэн нүд тэднийг ширтэн буй ч тэд энэхүү дарамтыг төдий л ойшоохгүй янзтай. "Бид тайван аядуу байгаа. Тэгэхдээ бидний сэтгэл машид ихээр догдолж буй. Бидний суралцсан, ажилласан, урлан бүтээхийн төлөө явсан он жилүүд биднийг энэ хүртэл хөтөлсөн. Бид бүүр цааш зорих бодолтой байгаа" хэмээн Жааяа өгүүлэв. Тэд олны анхаарлын төвд байна гэдгээ ухамсарлах нь мэдээжийн хэрэг билээ. Хэдийгээр тэдний хөгжмийг сонсоход хүнд ч гэлээ хүмүүст бясалгалын тайвшрал үзүүлж байгаа билээ. Галаагийн өгүүлснээр тэд анхнаасаа л ийн зорьсон аж. "Бид дуунуудаа зохиож байхдаа л иймэрхүү нөлөөлөлтэй байгаасай гэж хүсч, найдаж байсан" хэмээн тэр залгуулав.

Эцэст нь Галаа: "Бидний энэ хөгжим (уламжлалт) олон мянган жилээр өртөөлж ирсэн. Манай соёлд морин хуур татахад, айл гэрийн жавар үргэж, сайн сайхныг авчран, орон гэрийг нь ариусгадаг гэдэгт бид итгэдэг. Бид өөрсдийн хөгжмөөр дамжуулан, хүмүүст хүч чадал авчирч, муу сөрөг бүхнийг элдэн хөөснөөр хүн бүр дотроо дайчин эр болоосой хэмээн бэлгэддэг" хэмээн үгээ өндөрлөв.






Ид шуугиулж буй “Хү” Монголын метал рок хамтлаг дэлхийг эрхшээхээр зэхэж байна  
Үзсэн: 7668 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Талархагч [127.0.0.xxx] 2019-12-21 18:11
Архи дарс, хар тамхи, бие тоолт, атаа жөтөө мэтийн муу муухайгаас зайлсхийвэл та нар хол явнаа. Эрхэм дүү нарт уран бүтээлийн онгод, ерөөж монгол соёлоо, улсынхаа нэр хүндээ өндөрт өргөж яваарай.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-21 04:33
The hu bol manai gants l hamtlag. Getel delhiid neg uls ornoos hed heden duuchin, hamtlag delhiid garchihsan baidag shuu dee. Mongolchuud maani argagui tsuuhunduud heden urlaginhna sanhuger demjij chaddaggui. Urlaginhan maani delhid garah oroldlogi bas muutai baisniig hu-ges harla. Bi hu-g delhiid garahaar ni l iim hamtlag baidag yum baina gej medsen. Tegeher mongolin urlaginhan maani chadaltai gej uurigu uzej baival shuud gadadin zah zeel ru orj, companytai ni geree hiij, gadaadad togloltoo hiij, shuud l tegej od boloh zam baigaa yum shig baina. Mongoldoo od bolod tgd baga bagaar teleed, olond aldartai bolod, azida aldartai bolod, delhin haraand urtunu gesen oilgolt baidaggui bololtoi. Shuud l delhii ruu zugleh heregtei, herve uurigu hu shig chansaatai gej bodoj baival. Tegej l bodoj baina daa. Manai olon deer uyiin uran buteelchid zuvhuj mongoldoo l od baisan ni haramsaltai. Tedend bolomj oldson bol uzuuled uguh baisan baih.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-20 18:53
Urt duuchintai hamt duulvabal Mongol opera rock bolno doo goy sener
Зочин [127.0.0.xxx] 2019-12-21 04:25
Tiim shuu. Ih goy sonsogdoh baih. Bas nightwish ntr opera rock uur soyliin hamtlaguudtai duulval jinhene shine medremj...
Зочин [127.0.0.xxx] 2019-12-19 18:09
Даруухан л байж үзээрэй өөр юу хэлэх вэ. Тэр амёрик дуучинтай хамтрах хэрэггүй байсан юм даа.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-21 04:16
Kinonii duu bolgoj bga yum shig ble. Tgd hamtarch duulsan. 2020 ond garah kinoni duu gesen baih shu.
иргэн [127.0.0.xxx] 2019-12-19 16:17
Чингис хааны тухай дуу дуулахгүй юм байхдаа европчууд хүртэл дуулаад байхад
Зочин [127.0.0.xxx] 2019-12-19 18:56
Chingis haan duutai shte. clip n en onii shildeg 10 clipnii neg bolson
z [127.0.0.xxx] 2019-12-19 15:33
Хү хамтлагийнхандаа баяр хүргэж, амжилтын оргилыг хүсэн ерѳѳе. Бас уншихад ямар амттай, сайхан орчуулга вэ. Баярлалаа
Зочин [127.0.0.xxx] 2019-12-19 15:09
Одоо "The HU " минь , яаралтай анлиар дуулж сурах , мөн маш сайн шинэ уран бүтээлүүд гаргахгүй бол байгаа 9 дуугаа бүтэн жил хаа сайгүй залхтал авлаа. Дэлхийд байгаа цөөн тооны шүтэн бишрэгчээ ч алдах аюул бий шүү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-21 04:18
Angliar duulahgui baigaad ni gadaaduud ih tatagdaj baina lee. Harin shine duu l hiih heregtei baih. Gadaadudin helj baigagaar bol harin ch tsuuhun chanartai uran buteel hiih ni tedend ilu chuhal gej baina lee.
D.Batjargal ØWØGdeedsiin gargasan zamaar bid ywhad alzahgui TENGERees iweene!!! [127.0.0.xxx] 2019-12-18 14:31
ØWØGdeedsiin zamaa4 bid ywhad alzahgui TENGERees iweeh bolno
Зочин [127.0.0.xxx] 2019-12-18 14:20
Хү хамтлагаар зөвхөн Ар Монгол биш Өвөр Монгол, Буриад Монгол, Халимаг Монгол, Тува Монголын залуучууд бахархаж, огшиж омогшиж нэгэн үндэстний бхархал дор нэгдэж зоригжин ирээдүйгээ итгэлтэй харж байна.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-18 14:07
Амжилт хүсий. Мундаг залуус. Амжилтандаа хадуурч оддын өвчин тусалгүй, их хааныхаа сүр хүчийг магтан дуулж, монгол аялгууг дэлхийн хүртээл болгох болтугай. Сүүлийн хамтарч дуулсан рок од шиг эрч хүчтэй байх, нэг аяыг хэт нуршиж хүмүүсийг уйдаахгүй байвал зүгээр санагдсан.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-18 14:02
Амжилт хүсий
Зочин [127.0.0.xxx] 2019-12-18 13:59
Хү хамтлаг үнэхээр хэний ч санаанд оромгүй гэнэтийн гайхамшигтай амжилтыг Монголын хөгжмийн ертөнцөд авчирч Монголчуудын мэлмийг нээж өглөө. Энэ бүхнийг чадсан Дашка болон Хү хамтлагын 11 гишүүнд баяр хүргэж нүдээ олсон төрийн их шагнал Чингисийн одон авсан баярыг нь Монголын ард түмэн хуваалцаж байгаа билээ.Монголчууд бидний хэзээ ч мөрөөдөөд хүрч чадашгүй гэж бодож байсан дэлхийн рок хөгжмийн их өндөрлөгт гарч чадсан Хү хамтлагаар бахархахаас өөр аргагүй, одоо ч итгэж ядан зүүд мэт бодогдном. Энэ бахархалт ийм мөч 2019 онд ирнэ гэдгийг тухайн үед Монголын рок хөгжмийн анхдагчид болох Соёл-Эрдэнийн Галсанбат, Зуундарь, Баяраа нарын алдартнуудад хэлсэн бол итгэх байсан уу? Үгүй юу? Хү хамтлагийн хүрч чадсан энэ өндөрлөгт дэлхийн том гүрнүүд болох манай 2 том хөршийн хамтлаг, дуучид хүрч чадсан билүү. Тэдний хувьд мөрөөдөөд ч биелэгдэхгүй тийм өндөрлөг шүү дээ. Гэтэл Монголын хамтлаг чадлаа.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-18 13:31
wonderfull
Зочин [127.0.0.xxx] 2019-12-18 12:39
Dauuhan bn shuu
Бямбасайхан [127.0.0.xxx] 2019-12-18 12:31
Гайхалтай

Бидэнтэй нэгдээрэй