Шууд Chart

Д.Цолмонбаяр: Би ажилдаа ирэх дуртай

2019-12-24 13:24:54

Худаг ийм байдаг гэж үү, ийм бага цалинтай, тэгээд зээл авч улсын байрыг шинэчилдэг чам шиг хүн байх уу?...

Хоёр жилийн өмнө тэр энэ байтугай асуултаар булуулж, бараг л "юмтай"-гаараа дуудуулах шахуу болсон. Аргагүй ч юм уу. Бид худаг ямар байдаг, яаж үйлчилдгийг мэдэхээс ямар байхыг, яаж үйлчилж болохыг  бараг гадарлахгүй. Бодож үзсэн нь ч цөөн биз.  

Гэтэл бидний ярилцлагын зочин Д.Цолмонбаяр бүсгүй "Анх хүмүүс халаасаа ухаж, ухаж үрчийсэн мөнгө шидэж өгчихөөд, загнах нь холгүй байлаа. Хариуд нь мөнгийг нь би хоёр гардаж бариад, инээнэ. Одоо манайхан өөрчлөгдсөн" гэж ярихыг сонсоод бага гэлтгүй зөв, сайхан зан үйл юу ч өөрчилж, хэнийг ч сайн сайхан өөд чиглүүлж болдог нь энэ байхдаа гэж бодов. Түүний худагтаа нээсэн номын сангаас хавь ойрын хэн ч бай ном захиалан унших дуртай гэнэ.

Магадгүй нийслэлийн зүүн захад байдаг хэн нэгэн Баянзүрх дүүргийн 22-р хорооны Алтан-Өлгийн бунхны дэргэдэх хөх хүрээтэй, цав цагаан худгийг харсан, түүний тухай дуулсан ч байж болох юм. Гярхай нэг нь худгийн гадуурх тодхон өнгөтэй цэцэг, ногооны сав, тамхины цэг, хогоо ялгах уут савтай тов хийсэн тохитой худгийг анзаарсан байлгүй. Лав л байнгын үйлчлүүлэгчид нь “Муухан эмнэлгээс цэмцгэр худагтай, ааш зан сайтай ус түгээгчтэй” гэж бахархах юм билээ. Ингээд энэ худгийн “эзэн”, нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 хорооны ус түгээх 426-р байрны түгээгч Д.Цолмонбаяртай уулзацгаая.

-Хэзээнээс ус түгээх ажил хийж эхэлсэн бэ?

-Би Ус сувгийн удирдах газрын зөөврийн ус хангах ажилд ороод 6 дахь жилдээ ажиллаж байна. Анх амраагч гэсэн орон тоон дээр ажиллаж байсан. Хүмүүс хаана амарна, тэнд л очиж ажилладаг дундын амраагч байсан. 2017 онд манай албаны дарга Одгэрэл надад энэ ус түгээх байрыг хүлээлгэж өгсөн. Итгэл хүлээлгэсэнд би маш их баярласан.  

-Худаг гэхээр саарал, жижигхэн дөрвөлжин байшин л санаанд ордог. Ийм эмнэлэг аятай цав цагаан, тохижилттой, бас  номын сантай байж болдог гэж бодож байсангүй. Анх энэ худгийг хүлээж авахад ямар байсан бол?

-Анх  гадна, дотор шавар нь эмтэрч унасан, ангархай цоорхой ихтэй, гадаах машины дугуйгаар хийсэн цэцгийн савнууд нь гандчихсан, үнэнийг хэлэхэд усанд оруулаагүй "өнчин хүүхэд" шиг л харагдаж байсан. Би ямар ч байсан ажилд оруулсан хүнийхээ, байгууллагынхаа итгэлийг алдахгүйн тулд, бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье, сайхан таатай байхаар орчин бүрдүүлье гэж бодож ажлаа эхэлсэн. Цалингийн зээл авч засвараа эхэлж байхад больчихмоор, шантармаар үе цөөнгүй байсан л даа. Засвар хийж байсан хүний маань бие нь муудаад сэхээнд хүртэл орж байсан. Манай нөхөр “Чи ийм өмх цалинтай. Түүнийгээ зээлээр аваад буцаагаад Ус суваг руу оруулчихдаг. Чам шиг мангар хүн алга”  гэж зэмлээд, нэг хэсэг бид хоёр дуугараагүй. Зарим нь “Хайран мөнгө. Цалингаа буцаагаад улсын байгууллагад оруулдаг яав ч эрүүл ухаантай хүн биш” гэж хүртэл шүүмжилж байсан. Гэсэн ч ус түгээх байрны гадна, дотно орчин өөрчлөгдөөд ирэхээр хүмүүс намайг хүндэлж эхэлсэн. Тэр хүндлэлээс би их урам зориг авсан.

-Нүүрсний өрөө байсныг засч тохижуулаад амралтын өрөө болгосон байна. Бас гэрээр ном уншуулж үйлчилдэг гэлээ. Их цэмцгэр сайхан номын өрөө харагдаж байна.

-Энэ нүүрсний өрөө байсан. Одоо нүүрс түлэхээ болиод халаагуур тавьсан. Анх энэ өрөөнд орж үзэхэд шохой шавар нь унасан, маш хүйтэн байсан. Засаж янзлаад  номын сантай амралтын өрөө болгосон. Худагт гадны хүн орж болдоггүй. Тиймээс номоо гэрээр өгч, солилцож уншдаг. Зарим нь номын сандаа тавиарай гээд өөрсдөө сайн дураараа ном авчирч өгдөг болсон. Тухайлбал, энэ "Битлз" хамтлагийн тухай зургийн цомогтой номыг манай найз авчирч өгсөн. Түүнд Английн Лондонгоос хүн  өгч байсан гэсэн. “Чи ийм сайхан номын өрөө нээсэн юм чинь” гээд дурсгасан. Миний их хайртай номын нэг. Үй Хуагийн “Амьдрахуй” номыг “Тагтаа” хэвлэлийн газрын захирал, яруу найрагч Б.Баясгалан өөрөө бас авчирч өгсөн. Нэг өдөр л “Танайх их гоё номын сан нээсэн гэсэн үү” гээд ороод ирсэн. Энд одоогоор “Бодь мөрийн зэрэг”, Орхан Памукийн “Цас”, “Станбул”, Агнистийн гэгээний цуврал “Чанадын чанадад”, Трүмен Капоти “Тифанни дахь өглөөний цай” В.Нобокавын “Лолита, Сабахаттин Али “Арьсан хүрэмтэй Мадонна” гэх зэрэг ховор сайхан номууд байна. Зарим нэгийг нь хүн уншиж байгаа. Би өөрөө ч цайны цагаар, завтай үедээ энэ номнуудаа эргүүлээд л суучихна.

-Танай  уншигч голдуу хэдэн насныхан байна?

-Бүх насныхан байгаа. Нэг өдөр санал хүсэлтийн дэвтрээ харж байсан чинь манай нэг үйлчлүүлэгч охин ном авч уншдаг тухайгаа бичээд, их баярлалаа гэчихсэн байсан.

-Мөн танай амралтын өрөөний хананд олон зураг байна?

-Манай нөхөр Цэенцогзолын Батжаргал гээд МУЭ-ийн гишүүн, реалист уран зураач. Энд манай дөрвөн хүүхдийн, нөхрийн зурсан зураг, бүтээлүүд бий. Гэр бүлээрээ зураг сонирхдог, надаас бусад нь зурдаг болохоор ч уран зураггүй бол амьдарч чадахгүй юм шиг надад санагддаг болоод байгаа. Том хүү маань СУИС-ийг зураач мэргэжлээр төгсөөд Хятадад уран зургийн магистрт сурч байгаа.

-Ажилдаа оронгуут гурван сая төгрөгийн зээл аваад худгаа засчихсан гэсэн. Төлж дууссан уу?

-Дуусаагүй.

-Ямар нэгэн төсөл хөтөлбөрт хамрагдаад, энэ ажлаа үргэлжлүүлье гэж бодож байгаа юу?  

-Тийм л дээ. Ер нь Монголын чин үнэн амьдралыг харъя, мэдье гэвэл ус түгээх байранд ирэхэд л болно. Голдуу гэртээ хүүхдээ хардаг ээжүүд, өндөр настнууд, жаахан хүүхдүүд ирж ус авдаг. Тэд ус түгээх байранд ирэхдээ сэтгэл нь амраад явдаг байгаасай гэж боддог. Тийм орчныг л  бий болгоё гэж бодож байгаа. Ингэж бодоод худагнуудыг өөрчлөх юм сан гэж санадаг. Цонхон дээрээ сүлд модоо засчихсан байгаа биз дээ. Хүүхдүүд орой цонхоор харж булталзаад “Яасан гоё юм бэ, гэрэл асаад, буга болчихсон юм уу та”  гэж ирээд шавалдаад, шаагилдаад их хөөрхөн шүү дээ.   

-Ингээд худгаа, орчин тойрноо өөрчлөхөөр хүмүүсийн харилцаа, хандлага дагаж өөрчлөгдөж байна уу?

-Анх хүмүүс халаасаа ухаж, ухаж үрчийсэн мөнгөө шидэж өгчихөөд ингэж л юмаа авч байх ёстой гэсэн янзтай харьцдаг байлаа. Би эхлээд гайхдаг байсан. Тэгээд энэ хүмүүст сайхан, эерэг сэтгэгдэл төрүүлж, хандлагыг нь өөрчлөхийн тулд өөрөө ч харилцаандаа хичээсэн. Мөнгөө өгөхдөө дандаа Цагаан сарын бэлэг өгч байгаа юм шиг хоёр гардаж өгнө. Одоо би өөрөө яг ингэж мөнгө авдаг болсон. Хүмүүс надтай таатай хүндэтгэлтэй харилцдаг болсон. Тийм учраас би ажилдаа хайртай. Ажилдаа ирэх дуртай.  

-Өмнө нь ямар ажил хийж байв?  

-Би өмнө нь хувийн газар үйлчилгээний ажилтан байсан. Ажлаараа гадаадын улс орнууд, ялангуяа Тайланд, Хятад, Солонгос гээд Азийн орноор цөөнгүй явж байсан. Тэнд үйлчилгээ, орчин их сайхан л даа. Тиймээс ч эх орондоо, нутагтаа бид яагаад цэвэр цэмцгэр, сайхан ажиллаж, амьдарч болохгүй гэж. Бүх зүйл биднээс шалтгаална гэж боддог. Худаг гэхээр л саарал, өнгө алдсан, үйлчлэгч нь бахь байдгаараа байх гэж үү хэмээн бодоод өөрчлөхийг хичээсэн. Манай ус түгээхийн ажилтан, удирдлагууд маань ирж үзээд, зарим нь гайхаад, бас баяр хүргэж урам өгсөн. Ер нь Монгол Улсын иргэн бидний  хөрөнгө оруулалт бага гээд багадахгүй л гэж боддог. Биеэ ёс зүйтэй авч явах, хогоо хогийн саванд хийх, сайхан харьцахаас л бүх зүйл эхэлнэ. Ингэж байж улс хөгжинө гэж боддог. Бас залуус маань их, бага гэлтгүй ажилдаа чин сэтгэлээсээ хандаж байгаасай. Ажлыг битгий голоосой. Ээж маань энэ тухай байнга захидаг. 

Ингээд Ус сувгийн удирдах газрын Зөөврийн ус хангах албаны нийт ажилтан, хамт олондоо байгууллагынхаа 60 жилийн ойн мэндийг хүргээд, аз жаргал хүсэн ерөөе. Бүгдээрээ шинэ ондоо аз жаргалтай байх болтугай.

Нэвтрүүлгийг эндээс сонсоно уу.

Сэтгүүлч Д.Даваадулам, Д.Энхбаяр

Нийтэлсэн: Д.Даваадулам

Д.Цолмонбаяр: Би ажилдаа ирэх дуртай   
Үзсэн: 3569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-27 18:25
Gaixaltai buteelch ajilsag emegtei bn utamshuulaasai
Lhamsuren. D [127.0.0.xxx] 2019-12-27 01:37
Iim gegeen saihan setgelgeetei buteelch hudulmurch busguid bayar hurgie ee! Tusul hutulburt oruulah, yadaj l tavisan zeeliig ni Us suvgiinhan tegleed uguusei bilee. Zugeer neg haraad heden huurai ug heleh bish. Zaluusaa demjeech ee erhten darhtnuud aa
Зочин [127.0.0.xxx] 2019-12-26 17:39
Үнэхээр мундаг хүүхэн шүү худагруу очихдоо тамхиа хаяад очдог болсон тэр хавийн хүмүүс бүгдээрээ өөрчлөгдөж байгаа нь анзаарагддаг ажилд нь амжилт хүсье
Nanzad DORJ [127.0.0.xxx] 2019-12-24 14:18
Ajilsag gaihaltai busgui AMJILT husen eruue

Бидэнтэй нэгдээрэй