ДОХ, сүрьеэ, хумхаатай тэмцэх Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөл 2003 оноос Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн. Уг төслийн хүрээнд Глобаль сангаас Монгол Улсад зөвхөн сүрьеэгийн төслийн хүрээнд 19 сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн байна. Тодруулбал, сүрьеэгийн оношлогоог сайжруулах зорилгоор сүлжээ 36 лабораторид чанарын шаардлага хангасан урвалж бодисыг тасралгүй хангахын зэрэгцээ эмд тэсвэртэй сүрьеэг 2006 оноос Монгол Улсын хэмжээнд оношлож эмчилдэг болсон. Уламжлалт аргаар эмд тэсвэртэй сүрьеэгийн савханцрыг өсгөвөрлөх, эмийн мэдрэг чанар тодорхойлох шинжилгээ нь хугацаа их шаарддаг байсан бол 2010 оноос хурдавчилсан аргуудыг нэвтрүүлж хоёр цагаас хоёр өдрийн дотор оношлодог болсон. Мөн олон эмд дасалтай сүрьеэгийн эмчилгээг олон улсын стандартын эмчилгээний горимоор, халдвар хяналтын дэглэмийг чанд сахисан тасгийг ХӨСҮТ-д нээсэн.
Нийгмийн эмзэг бүлгийн сүрьеэтэй өвчтөнийг хоолтой эмчилгээнд хамруулах, сайн дурын идэвхтнээр дамжуулан Шууд Хяналттай Богино Хугацааны Эмчилгээг (DOTS) 2003 оноос нэвтрүүлсэн ба эмчилгээний амжилт 2012 оны байдлаар 96 хувь байна.
Глобаль сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй төслүүдийн хүрээнд анагаахын боловсрол олгодог төрийн болон хувийн их, дээд сургуулиудын төгсөлтийн өмнөх болон дараах сургалтын хөтөлбөрт сүрьеэгийн цөм хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, 2009-2010 оны хичээлийн жилээс мөрдөн ажиллаж байна. Энэ нь анагаахын чиглэлээр суралцдаг оюутнууд бүгд нэг хөтөлбөр стандартаар хичээллэх боломж бүрдсэн байна.
“Сорьц тээвэрлэх тогтолцоог өргөжүүлэн бэхжүүлснээр сумдын эмнэлгийн лабораторийн чадавхийг сайжруулах” дэд төслийг хэрэгжүүлж оношлогооны болон эмчилгээний хяналтын зорилгоор 16 аймгийн 210 сумаас аймгийн лаборатори руу, өсгөвөрлөх болон эмийн мэдрэг чанар тодорхойлох шинжилгээнд 21 аймгаас ХӨСҮТ-ийн сүрьеэгийн лавлах лаборатори руу сорьц зөөх үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд сүрьеэ өвчнийг оношлох орчин үеийн дэвшилтэт шинэ технологи болох “GeneXpert” аппаратаар сүрьеэгийн оношлогоог хийх боломжтой боллоо. Тус бүр нь 22.500 ам.долларын өртөг бүхий тус аппаратыг ХӨСҮТ-ийн СТСА, сүрьеэгийн өвчлөл ихтэй Дорнод, Дархан-Уул аймгуудад хүлээлгэн өглөө.
GeneXpert-ээр шинжилгээ хийх явцад агаарын халдвартай дусал илэрдэггүй, халдвар хамгаалалтыг маш сайн сахидаг тул орчин тойрондоо аюулгүй байдаг байна. Уг төхөөрөмж нь сүрьеэгийн эсрэг гол антибиотик болох Рифамицинд тэсвэртэй эсэхийг шалгадаг бөгөөд GeneXpert-р эмд мэдрэг чанарыг нэг өдрийн дотор тодорхойлдог бол хатуу тэжээлт орчинд 75 хоног зарцуулдаг байна.
Уг төхөөрөмжийг хэрэглэснээр сүрьеэг цаг алдалгүй эрт оношлох, түрхэц сөрөг тохиолдолд ДОХ, сүрьеэгийн хавсарсан халдварыг илрүүлэх, орчиндоо халдвар тархаах аюулгүй лабораторийн онцлог нөхцөл шаардахгүй, эмд тэсвэртэй сүрьеэг богино хугацаанд буюу (2 цагийн дотор) нэгэн зэрэг тогтоох зэрэг олон давуу талтай юм.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.