
MNB.mn сайт эрхэм уншигч та бүхэндээ улиран одож буй 2020 онд урлаг, спортын салбарт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
-
Онлайн наадам
Өнгөрч буй 2020 онд дэлхий дахин “КОВИД-19” цар тахалтай нүүр тулсан. Үүнээс үүдэн монголчууд уламжлалт Цагаан сарын баяраа гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлснээс гадна Үндэсний их баяр наадмаа түүхэндээ анх удаа цахимаар зохион байгууллаа. Ийн Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад арга хэмжээ Улаанбаатар хотоос зүүн тийш 100 орчим км зайтай Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших “XIII зуун цогцолбор”-т болсон.
Ташрамд дуулгахад, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газраас жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүнийг төв талбайд уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдлаас үүдэн нийслэлд өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран 51 жилийн түүхтэй “Баярын мишээл” шинэ жилийн баярын нэвтрүүлгийн “Улаанбаатарын мөнгөн шөнө - Баярын мишээл 2021” тусгай дугаарыг өнөөдөр 22:00 цагт МҮОНРТ-ийн “Үндэсний телевиз”, “Монголын мэдээ”, “MNB спорт” суваг болон “Mongolian National Broadcaster” фэйсбүүк хуудсаар улс орон даяар хүргэнэ.
-
Үндэсний бөхийн Шинэ аварга
Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тэргүүн байрын төлөө хүч үзэхээр Монгол Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан П.Бүрэнтөгс нар шалгарч, шинэ аварга төрсөн. Ийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Пүрэвийн Бүрэнтөгсөд “Улсын аварга” цол олгосон.
-
“Фауст” ба Анна Каренина
Тордайн Ганболд болон найруулагч М.Батболд “Альфа” постдрамын театр байгуулж, театрынхаа хөшгийг Германы суут зохиолч, эрдэмтэн И.В.Гётегийн “Фауст” жүжгээр нээсэн. Ардын жүжигчин Мягмарнарангийн хүү, ОХУ-ын Москвагийн театр урлагийн академи (ГИТИС)-ийн төгсөгч М.Батболдын найруулсан И.В.Гётегийн хоёр бүлэг, 14 үзэгдэлт “Фауст” постдрам арваннэгдүгээр сарын 6-8-нд болон үзэгчдийн хүсэлтээр 10-нд дахин тоглосон.
Мөн Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” зохиол Монголын тайзнаа анх удаа амиллаа. Дэлхийн алдартай сонгодог зохиолыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажилласан бол Анна Каренинагийн дүрийг УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд нар бүтээсэн. “Анна Каренина” жүжгийг нэг сарын хугацаанд 16 мянган үзэгч үзжээ.
-
Монголын үндэсний олимпын хорооны шинэ ерөнхийлөгч сонгогдов
МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн наймдугаар сард явагдаж, нэр дэвшигч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, "Бээжин-2008" Олимпын аварга Н.Түвшинбаяр нийт гишүүдийн олонхийн буюу 96,4 хувийн саналаар МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
-
Холливудын монгол од Б.Ганчимэг
Холливудын алдарт жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон нарын тоглосон “Waiting for the barbarians” киноны тухай мэдээлэл өнгөрсөн оноос цацагдаж, монгол үзэгчдийн сонирхлыг ихээхэн татсан билээ. Учир нь тус бүтээлд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Гүрсэд, жүжигчин Б.Ганчимэг, Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тоглосон. Түүнчлэн “Waiting for the barbarians” кинонд гол дүр бүтээсэн жүжигчин Б.Ганчимэг анх моделиор карьераа эхлүүлж байсан бөгөөд 2014 онд “Ex Machina” кинонд хамгийн анхны дүрээ бүтээжээ. Мөн тэрбээр “Ben-Hur”, “Wonder Woman”, “Sweet Lies”, “Mad Lord”, Intelligence болон Peaky Blinders зэрэг Холлиувын кино болон цувралд тоглосон.
-
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн эргэн ирэлт
Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн 15 дахь өдрийн барилдаан өнгөрсөн наймдугаар сарын эхээр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ давснаар, хоёр дахь түрүүгээ хүртлээ.
Тэрбээр 2015 оны тавдугаар сарын башёд дээд зиндаанд анх удаа түрүүлж озэки цолыг 23 настайдаа хүртэж байв. Улмаар 2016 онд мөрөндөө бэртэл авч, 2017 онд эрүүл мэндийн шалтгаанаар хэсэг хугацаанд барилдаагүй тул дээд зиндаанд барилдаж байсан түүний цол буурч жонидан зиндаанд барилдах болсон. Гэсэн хэдий ч 2019 оноос жонидан зиндаанд нэг ч ялагдаагүй долоо давж, санданмэ, макзшита, жүрёо зэргээр зиндаа дэвшин барилдаж, энэ жил дээд зиндаанд эргэн ирсэн анхны башёдаа түрүүлсэн.
-
"The HU" хамтлаг
“Чингис хаан” одонт “The Hu” хамтлагийн шинэ дууг “iTunes store”-оос хамгийн их татан авснаар шилдэг 100 рок дууны чартыг тэргүүллээ. Мөн шилдэг хүнд металл дууны чартыг цацагдсан өдрөөсөө тэргүүлэв.
Тодруулбал, Алдарт “Металлика” хамтлагийн 1992 онд анх гаргасан “Sad but True” буюу “Гунигтай ч үнэн” дууг өөрсдийн өвөрмөц хувилбараар, монгол хэлээр дуулсан нь рок хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж байна. Тэдний шинэ уран бүтээлийг домогт “Металлика” хамтлаг фэйсбүүк, твиттерт хуудаснаа онцолсон.
Түүнчлэн дэлхий дахинаа цар тахал гараагүй байсан бол “The Hu” хамтлаг 2020 онд Латин Америкийн болон бусад оронд нийтдээ 98 удаагийн аялан тоглолт хийх байжээ.
-
Монголын сагсан бөмбөгийн 3х3 багийн бахархам амжилт
Монголчууд багийн спортоор дэлхийд “ноёлох” боломжтой гэдгийг Монгол Улсын сагсан бөмбөгийн “Улаанбаатар ММС Энержи” баг нотлон харуулж байгаа гэхэд хилсдэхгүй. Түүнчлэн Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн шилдэг 12 мэргэжлийн багийг өнгөрсөн есдүгээр сард зарласан. Дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн ФИБА "Их дуулга"-д оролцсон амжилтаар нь энэ чансааг гаргадаг бөгөөд Монгол Улсын "Улаанбаатар ММС Энержи" дэлхийн шилдгүүдийн тоонд ийнхүү анх удаа оров.
-
Ах дүү найруулагчийн бүтээл шилдгээр шалгарав
“Улаанбаатар” 12 дахь удаагийн олон улсын кино наадмын “Хангарьд” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн аравдугаар сард болсон. Тус кино наадмын Монгол киноны уралдаант хэсэгт найруулагч Ж.Сэнгэдоржийн “Гэргий”, Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө”, Б.Отгонзоригийн “Эмэгтэй”, Г.Даваазулын “Хэлгүй жим”, О.Бат-Өлзийгийн “Буруу өрөг”, Б.Эрдэнэцэцэгийн “Ээж хадны домог”, Т.Анарын “Сүүн замын сахиул” бүтээл өрсөлдсөнөөс найруулагч Ж.Сэнгэдоржийн “Гэргий”, найруулагч Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө”, найруулагч Б.Отгонзоригийн “Эмэгтэй” уран сайхны кино шалгарч, шилдэг уран сайхны кино, шилдэг найруулагч, шилдэг зохиол, шилдэг продюсерын төрөлд “Хангарьд” шагнал хүртсэн юм.
Тодруулбал, МҮОНРТ-ээс санаачлан бүтээсэн “Гэргий” бүрэн хэмжээний уран сайхны кино шилдэг зохиол төрөлд “Хангарьд” шагналын эзэн болсон. Түүнчлэн “Улаанбаатар” 12 дахь удаагийн олон улсын кино наадмаас “Хангарьд” шагнал хүртсэн “Хөхөө” киноны найруулагч Ж.Жамьянсүрэн, “Гэргий” киноны найруулагч Ж.Сэнгэдорж нар Монгол Улсын гавьяат жүжигчин, алдарт Л.Жанчивдорж агсны хүү, ах дүү уран бүтээлч юм.
-
“Хаан туг” Н.Төгсцогтын ээлжит ялалт
Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, гавьяат тамирчин “King Tug” хочит Нямбаярын Төгсцогт дэлхийн ринг дээрх замналын 13 дахь тулаанаа өнгөрсөн есдүгээр сард 2014 онд мэргэжлийн бокс руу шилжиж, нийт 15 тулаан хийснээс бүх тулаандаа ялалт байгуулсан, тэр дундаа таван өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан Барбадос улсын тамирчин “Soldier” хочит Кобиа Брийдитэй хийсэн. Ийн шүүгчдийн шийдвэрээр Н.Төгсцогт ялж, мэргэжлийн боксын 13 тулаан хийн 12 ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй болсон юм. Мөн Н.Төгсцогт мэргэжлийн боксын WBC холбооны хөнгөн жингийн аваргын бүсний төлөө Гарри Рассель Жуниортой дахин тулалдахаар болов.
Урлаг, спортын салбарын 2020 оны онцлох үйл явдлууд | ||
Үзсэн: 1324 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.