Шууд Chart

Бүх хөвгүүдээ цэрэгт явуулсан аав

2021-01-08 13:38:18

Энэ удаагийн “Цахим анд”-аар та бүхэнтэй цэрэгт элэгтэй жирийн нэгэн эцэг, бага хүү байлдагчийнх нь хамт “уулзуулах” гэж байна. Цэрэгт элэгтэй гэсний учир зургаан хүүгээ бүгдийг нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн цэргийн жинхэнэ албыг биеэр хаах журамт үүргийг нь гүйцэтгүүлсэн эх оронч аав буюу Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд амьдран суугаа Ч.Түвшинбаяр гуай юм. Тэрбээр өдгөө нас сүүдэр 80 шүргэж байгаа бөгөөд 1967-1970 онд нийслэл хотод Барилгын цэргийн ангийн 073 дугаар ангид гурван жилийн цэргийн алба хаасан буурал санж. Энэ тухайгаа “Намайг хугацаат цэргийн алба хааж байхад Монгол Улсын Зэвсэгт хүчний хамгийн хүчтэй үе байсан. Зэвсэглэл, цэргийн техник нь цоо шинэ, эр хүн бүр цэргийн албаа өөрийн биеэр хаадаг үе л дээ. Эх орноо батлан хамгаалах эрхэм үүргийнхээ зэрэгцээ улс орны бүтээн байгуулалтыг Зэвсэгт хүчин нуруун дээрээ үүрч явсан цаг үе. Би хүртэл Хан-Уул дүүрэгт байрладаг Механик цехийн барилгыг нөхөдтэйгөө хамт барьж л явлаа. За, тэгээд дурсамж дэлгэвэл өвгөн би их ч зүйл ярина даа” гэж байна. Цааш нь үргэлжлүүлэхдээ “Гурван жилийн цэрэгт л хүн илүү их юм сурдаг. Гурван жилийн цэрэг гэдэг нутаг усандаа ч нэлээд нэр хүндтэй, ажил албанд тохоон томилогддог сүрхий нөхөд болдог юм шүү дээ. Гэхдээ яах вэ, нэг жилийн цэрэг болгох цаг үеийн шаардлага байдаг л байх” гээд хөвгүүдээ эр цэрэг болгосон талаараа хуучиллаа. Тэрбээр 6 хүү, гурван охинтой ажээ. Хөвгүүдийнх нь дөрөв нь Зэвсэгт хүчинд, хоёр нь Хилийн цэрэгт алба хаасан юм байна. Хамгийн бага нь өдгөө Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байгаа байлдагч Т.Ховорзул ажээ.  Өнөөдөр цэрэгт явлаа гээд цаг хугацаа алдсан юм манай хүүхдүүдэд алга. Харин ч зохион байгуулалт сайтай, дэг журамтай, захирч, захирагдаж сурсан хувийн зан байдалд нь томоохон эерэг өөрчлөлт бат суудаг. Би гурван охиноо хань ижлээ дагуулаад ирэхэд нь хүртэл асуусан. Цэргийн алба хаасан эсэхийг нь. Яагаад өвгөн би асуугаад байна гэхээр нь цэргийн хуаранд номын дууг нь сонсож, ногоотой шөлийг нь уусан хүн амьдралдаа ч тэр дэг журамтай, сахилга баттай байдаг юм даа” гэж байна. Ч.Түвшинбаяр гуай гурван жилийн цэргээс халагдаад нутгийнхаа нэгдэлд малчин, нярав, тоо бүртгэгчээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарахынхаа өмнө шуудан зөөгч хийж байжээ. Түүний хань, цэрэг эрс, цэцэг шиг охидынх нь ээж Д.Нэгдэл насаараа саальчин хийсэн гэнэ. Тэд цэрэгт явсан хөвгүүдийнхээ араас огтхон ч санаа зовдоггүй гэдгээ онцгойлон дурдаж байна. Учир нь “Миний хүүхдүүд Зэвсэгт хүчин гэдэг эрийн хийморь газарт эр хүн болж төлөвшиж байгаа болохоос биш эвийлүүлэх гэж яваагүй. Би нэг л зүйл хэлдэг. Олонтой эвтэй яваарай” гэж захидаг гэсэн юм.

Түүний цэргийн албаа хаасан зургаан залуугийнх нь отгон хүү байлдагч Т.Ховорзултай ч холбогдов. Утасны цаанаас “Амрыг эрье” хэмээн цовоо, сэргэлэн дуутай байлдагч ийн ярьж байна аа. “Намайг Т.Ховорзул гэдэг. Энэ нэрийг миний өвөө хайрласан. Өвөө маань өөрөө ч содон нэртэй хүн. Эгшиг гээд. Бага залуудаа Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн багш байсан гэнэ лээ” гэв. Тэрээр 2016-2020 онд Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн, төрийн албанд ажилд орохын тулд хугацаат цэргийн албаа хаахаар ирсэн. Гэхдээ төрийн алба гэхээс илүү гол шалтгаан манай аав болон Т.Наранбаатар, Т.Нарангэрэл, Т.Энхбаатар, Т.Эрдэнэбаатар, Т.Эрдэнэбилгүүн гээд ах нарын маань төрийнхөө өмнө хүлээсэн үүргээ тасралтгүй гүйцэтгэсэн тэр сайхан залгамж халааг нь таслахгүй гэсэн нь гол зорилго минь гэж байна. Мөн Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид алба хааж байгаадаа баяртай байдаг. Манай ангийнхан эх орноо батлан хамгаалахаас гадна улс орны бүтээн байгуулалтад манлайлан оролцдог хөдөлмөрч хамт олон гэв. Цэрэгт ирснээр хамгийн омогшил, бахархал авдаг болсон зүйл нь Төрийн далбаа мандуулах ёслол болон оройн тоо гэнэ. Мэдээж сурсан эрдэм, төлөвшсөн сайхан чанарууд их бий. Тэр бүрийг ярихаар өөрийгөө магтаж байгаа юм шиг санагдаж байна гээд Цэргийн тангараг өргөх ёслолын үеэр нөхдөө төлөөлж үг хэлснээ, бөхийн барилдаанд шөвгийн наймд үлдснээ ч бахархан өгүүлсэн юм. Тэрээр цэргийн алба миний төсөөлж байснаас ч илүү сайхан орчин юм байна хэмээн ярилцлагынхаа төгсгөлд онцоллоо.

Ахлах дэслэгч Д.Болормаа






Бүх хөвгүүдээ цэрэгт явуулсан аав  
Үзсэн: 52629 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй