Шууд Chart

Э.Баттөр: Дотоод хэргийн их сургууль 620 орчим хичээлийг цахимаар зохион байгуулаад байна

2021-02-04 14:43:19

Дотоод  хэргийн их сургууль “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг сахиж, бүх төрлийн сургалтыг цахим хэлбэрт шилжүүлжээ. Мөн улирлын болон явцын шалгалтуудыг цахим хэлбэрээр зохион байгуулаад байгаа юм. Энэ  талаар Дотоод хэргийн их сургуулийн Сургалтын албаны цахим сургалт  хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Э.Баттөрөөс тодрууллаа.

-2020-2021 оны энэ хичээлийн жилийн сургалт, шалгалт, шүүлгүүдийг сургалтын ямар программ ашиглаж, хэрхэн зохион байгуулсан бэ?

-Манай  Дотоод хэргийн их сургууль 2019-2020 оны хичээлийн жилд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн  “Х Cloud”  сургалтын  программыг хэрэглэж байсан бол 2020 оны хичээлийн жилээс “E-mind” программыг ашиглаж байна.  “E-mind” программыг ашигласнаар  багш нарын байршуулсан бүх хичээл, дата мэдээлэл бааз нь сургуулийн сервэр дээр байршиж, сонсогч суралцагч нар цаг хугацаа, орон зайд баригдахгүйгээр хичээлээ үзэж судлах, суралцах боломжоор хангагдсан. Мөн бусад сургуулиудад нийтлэг ашиглаж байгаа “Zoom” аппликейшн, “google class”  зэрэг программтай ажиллагааны хувьд төстэй цахим сургалтын хэлбэрийг  ашиглах  боломж бүрдүүлж 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс програмын тус хэсгийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү программаа Дотоод хэргийн их сургуулийнхаа сургалтын онцлогт тааруулан цаашид сайжруулж хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

-Нийтдээ хэдэн хөтөлбөрийн хүрээнд сургалт явуулж байна вэ?

-Үндсэн 13 хөтөлбөрийн  давхардсан тоогоор нийтдээ 600  гаруй  хичээлийг цахимаар явуулж байна. Үүн дээр 1 дүгээр улирлын явцын болон улирлын шалгалт, шүүлгүүдийг “E-mind” программаа ашиглаад авлаа. Үүн дээр тeстийн хэлбэрээс гадна хэд хэдэн төрлөөр шалгалтыг  зохион байгуулсан. Одоогийн байдлаар нийтдээ 241 удаагийн шалгалтыг зохион байгуулсан байгаа юм.  Үүнд сэдвийн шүүлэг, улирлын  шалгалтууд, түр сургалтын болон төгсөлтийн шалгалтууд багтсан байгаа.

-Нийтдээ хэдэн суралцагч энэ программыг ашиглав?

-Дотоод хэргийн их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын 2100 гаруй сонсогч суралцагч нар хамрагдаж байна. 2021  оны 2 дугаар сарын 1-нээс бусад курс, дамжааныхан үргэлжлүүлж хамрагдана. Цахим сургалтын давуу тал нь  суралцагч цар тахлын халдвар нэмэгдэж байгаа энэ цаг үед заавал танхимд ирж, бөөгнөрөл үүсгэхгүйгээр суралцах боломжтой.

Мөн манай сургуулийн суралцагч нарын багагүй хувийг практик дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нар эзэлдэг. Иймээс ажиллангаа хичээлээ судлах бүрэн боломжтой. Бичгээр өгөх боломжгүй заавал  биеэр  хийж гүйцэтгэх хичээл, шалгалтуудын хувьд “E-mind” програм ашиглаад,  багштайгаа шууд дүрсээ харж шалгуулах  боломжтой болж байгаа гэдгээрээ онцлогтой.

2020-2021 оны хичээлийн жилийн хоёрдугаар улиралд өдрийн ангийн 56, эчнээ 10, нийт 66 дамжаанд 1282 багц цагийн хичээл сургалтыг “E-mind” программаар явуулахаар төлөвлөөд байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Э.Баттөр: Дотоод хэргийн их сургууль 620 орчим хичээлийг цахимаар зохион байгуулаад байна  
Үзсэн: 698 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй