Шууд Chart

Агаарын бохирдлын нэгдсэн мэдээллийн “Агаар нэг” платформ нээлтээ хийлээ

2021-03-03 10:42:20

Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Улаанбаатар хотын захиргаа, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран

Энэхүү платформыг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж буй Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшил зэрэг бүхий л байгууллагууд хоорондоо судалгаа, мэдээлэл хуваалцах, туршлага солилцох, хамтран ажиллах орчныг бүрдүүлэх зорилготойгоор хөгжүүлсэн бөгөөд хөгжүүлэлтийг “БрийтМонголиа” ТББ (Breathe Mongolia) гүйцэтгэн ажилласан. Уг платформд байгууллагууд өөрийн танилцуулгыг оруулах боломжтой бөгөөд мэдээллийн сангаас нарийвчилсан хайлт хийх, сүүлд оруулсан мэдээллийг автоматаар шинэчлэх нүүр хуудас зэрэг олон сонголтуудтай бөгөөд монгол, англи хэлээр мэдээлэл оруулах боломжтой юм.

Нээлтийн үеэр “Энэ платформыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс хөгжлийн байгууллага хоорондын болон Засгийн газартай хэрэгжүүлэх агаарын бохирдолтой холбоотой үйл ажиллагааг зохицуулах, сайн туршлагыг улс орон даяар түгээх, улс, орон нутгийн төсөвтэй уялдуулж хэрэгжүүлэх, шинэ төсөл боловсруулах, хөрөнгө босгоход ашиглаж, цаашид хөгжүүлж том хэмжээний мэдлэг, мэдээллийн сан болно гэж итгэж байна” хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Т.Уртнасан онцлов. 

Мөн “Ковид-19 цар тахлын улмаас үүсэж буй цахим шилжилтийн энэ үед агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг нэгтгэн, мэдээллийн сан үүсгэж байгаа нь том дэвшил. Гэхдээ энэхүү мэдээллийн сангийн цаашдын тогтвортой байдал, үр дүн нь оролцогч талуудын сонирхол, оролцооноос хамаарна” гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлэв.

Түүнчлэн "Бид агаарын бохирдлын асуудлыг цахим технологийн талаас нь шийдвэрлэх дээр илүү анхаарч ирсэн ба цаашдаа ч мөн “Агаар нэг” санаачилгын хүрээнд энэхүү үүргийг гүйцэтгэн,дэмжин ажиллах болно" хэмээн БрийтМонголиа ТББ-ын үүсгэн байгуулагч Ц.Азжаргал хэллээ.

Өнөөдрийн байдлаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, People In Need Mongolia (PIN), ГЕРЕСОУТББ, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, Дэлхийн банкны Монгол дахь төлөөлөгчийн газар зэрэг 20 гаруй байгууллага уг платформд гишүүнээр элсээд байна.

Энэхүү санаачилгын дараагийн шатанд БОАЖЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, БрийтМонголиа болон People In Need байгууллагын хамтарсан баг тус платформд гишүүнээр элсэн орсон болон энэ салбарт ажилладаг бүхий л байгууллагын мэдээллийг цуглуулах, нэгтгэх ажлыг хийх юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Агаарын бохирдлын нэгдсэн мэдээллийн “Агаар нэг” платформ нээлтээ хийлээ  
Үзсэн: 753 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй