
Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтсан олон арга хэмжээг цахим хэлбэрээр зохион байгуулж байгаагийн нэг нь "Эх орны цэрэг-2021" яруу найргийн наадам юм.
Жанжны сэлэмтэй яруу найргийн наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт энэ сарын 6-нд болж, 200 гаруй найрагчаас цахимаар ирүүлсэн 590 бүтээлийг зохиолч, яруу найрагч, утга зохиолын судлаачдаас бүрдсэн шүүгчид хэлэлцэн шүүж, 25 бүтээлийг шалгарууллаа. Эхний шатанд бүтээлээрээ тунаж үлдсэн найрагчдын дунд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагчид болон Зэвсэгт хүчний алба хаагч, хугацаат цэргийн алба хаагчид багтжээ. Тухайлбал, байлдагч Б.Мөнх-Ирээдүй (110) болон Ч.Дагмидмаа, Ч.Дагвадорж, М.Амархүү, А.Сүглэгмаа, Л.Мягмарсүрэн, Н.Батжаргал, Ж.Гүнтэвсүрэн, Ж.Ганчимэг, Н.Гантулга, С.Зоригтбаатар, В.Нэргүй, У.Пүрэвсүрэн, Б.Жамбалдорж, С.Минжинсайхан, Б.Баттулга, Ш.Цогтсугар, П.Батнайрамдал, Т.Баянсан, А.Лхагва, С.Жанцанхорол, Б.Цэрэнжамц, Ц.Отгонбаатар, Х.Дугарсүрэн, Ш.Даваадамдин нарын 25 найрагч тодорсон бөгөөд тэд наадмын II шатанд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан шүүгчдийн өмнө шүлгээ уншиж өрсөлдөх юм. Энэхүү хоёрдугаар шатны шалгаруулалт нь МҮОНРТ-ээр “Монгол цэргийн өдөр” буюу гуравдугаар сарын 17, 18-нд орон даяар цацагдах юм.
Ташрамд дуулгахад, “Эх орны цэрэг-2021” яруу найргийн наадам цэрэг эх орны сэдэвт яруу найргийн өв санг баяжуулах, цэргийн алба хаагчид, ард иргэд, хүүхэд залуучуудад төрөлх нутаг, тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах сэтгэлийг төрүүлэх, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, яруу найргийн шилдэг бүтээлүүдийг сурталчлан нийтийн хүртээл болгоход оршдог бөгөөд 1989 оноос тасралтгүй зохион байгуулагдаж байгаа юм.
Жанжны сэлэмтэй яруу найргийн наадмын эхний шалгаруулалт явагдлаа | ||
Үзсэн: 1236 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.