
Зөвлөлт холбоот улс “Спутник-1” анхны хиймэл дагуулыг 1957 оны 10 дугаар сарын 4-нд амжилттай хөөргөж, улмаар 1961 оны 4 дүгээр сарын 12-нд сансрын нисэгч Ю.А.Гагарин “Восток-1” хөлгөөр сансар огторгуйд 108 минут буюу 1 цаг 50 минут орчим нисэн дэлхийг бүтэн тойрсон нь дэлхийн олон улс үндэстэнд сансар огторгуй, од эрхсийг судалж ашиглах гарцыг нээжээ. Үүнээс хойш дэлхийн улс орнууд сансар огторгуйг судлах, энэ талаарх олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл явц идэвхтэй өрнөсөн юм.
Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн орон болсноор, НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар баталсан хэд хэдэн конвенцод нэгдсэн. Тухайлбал, 1967 оны “Сансрын огторгуй, түүнчлэн сар болон тэнгэрийн бусад эрхсийг шинжлэх, ашиглах талаар улс гүрний явуулах үйл ажиллагааны зарчмын тухай”, 1968 оны “Сансрын нисэгчдийг аврах, мөн нисэгчдийг эгүүлэн өгөх, Сансрын огторгуйд хөөргөсөн биет юмыг эгүүлэн өгөх тухай хэлэлцээр”, 1972 оны “Сансрын биетээс хохирол учруулсны олон улсын хариуцлагын тухай конвенц”, 1975 оны “Сансрын огторгуйд хөөргөсөн биетүүдийг бүртгэх тухай конвенц” юм.
ЗХУ 1965 оноос эхлэн найрамдалт харилцаатай улс орнуудын сансрын нисэгчдийг хамтарсан нислэгт хамруулан, судалгаа шинжилгээний ажил хийх зорилготой олон улсын "Интеркосмос" хөтөлбөр боловсруулсан. Уг хөтөлбөрийн хүрээнд ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын бүрэлдэхүүнтэй ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан баг “Союз-39” хөлгөөр Улаанбаатарын цагаар 1981 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 42 минутад хөөрч, 1981 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 19 цаг 42 минутад эх дэлхийдээ амжилттай буусан билээ.
Ийн БНМАУ сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн болсон.
Зөвлөлтийн сансрын нисэгч Ю.А.Гагарин сансарт ниссэний 60 жил, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойд зориулан зохион байгуулах “Хүн-Эх дэлхий-Сансрын уудам” сэдэвт Орос-Монголын хамтарсан үзэсгэлэнд Оросын талаас ОХУ-ын ШУА-ийн архив, Монголын талаас БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа тэргүүтэй Монгол Улсын сансрын нисэгчийн баг, Архивын ерөнхий газар, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн Зайнаас тандах судлал, орон зайн загварчлалын салбар, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, БХЯ-ны Монгол цэргийн музей, Монгол Улсын их сургуулийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лаборатори, Монголын сансрын технологийн холбоо, Сансрын салбар дахь стартап Mars-V төсөл, Дү-дү хүүхдийн сансрын музей, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Нисэх загвар” зохион бүтээх дугуйлан, Монголын залуу зохион бүтээгчдийн холбоо, Монголын аеронавтикийн холбоо зэрэг байгууллага болон “Монгол Шуудан” ХХК, Монголын филателистуудын холбооны гишүүд оролцох аж.
Мөн уг үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд, дээрх ойг зохион байгуулах комиссийн дарга Г.Сайханбаяр, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Оросын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд И.К.Азизов, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, “Русский Дом в Улан-Баторе”-ийн захирал А.Р.Базархандаев нар оролцоно.
Түүнчлэн Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, хошууч генерал, "Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, сансрын нисгэгч, Жүгдэрдэмидийн Гүррагчааг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гаргаж "ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Александр Невскийн одонгоор шагнасныг дээрх үзэсгэлэнгийн нээлтийн үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов гардуулна.
“Хүн-Эх дэлхий-Сансрын уудам” үзэсгэлэн ирэх даваа гарагт нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 1733 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.