Шууд Chart

БНСУ дотооддоо үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцны туршилтын загварыг танилцуулжээ

2021-04-11 12:01:10

Өмнөд Солонгос улс дотооддоо үйлдвэрлэсэн дуунаас хурдан, тийрэлтэт, сөнөөгч онгоцны туршилтын загварыг өчигдөр танилцуулжээ. KF-21 загварын сөнөөгч онгоц нь дуунаас 1.8 дахин хурдан, радарын хамгийн сүүлийн үеийн системтэй юм байна. Ингэснээр Өмнөд Солонгос нь дотооддоо сөнөөгч онгоц үйлдвэрлэсэн дэлхийн 13 дахь улс болж байгаа юм байна.

Тус улс Индонез улстай хамтран, 7.9 тэрбум долларын өртгөөр  KF-21 загварын сөнөөгч онгоц үйлдвэрлэжээ. Уг сөнөөгч онгоцонд Өмнөд Солонгосын технологийг голлон ашигласан байна. Уг сөнөөгч нь агаарын бай болон гадаргын байг устгах пуужингаар зэвсэглэх зориулалттай, байлдааны даалгавраас хамаараад нэг эсвэл хоёр хүний суудалтай байх хувилбартай аж. Тус улс уг сөнөөгч онгоцны нислэгийн туршилтыг бүрэн хийж дуусаагүй байгаа ч энэ оны эцэс гэхэд KF-21 загварын сөнөөгч онгоц гурвыг, 2022 оны эхний хагаст нэмж гурвыг үйлдвэрлэн гаргахаар төлөвлөж байгаа юм байна.

2028 он гэхэд ийм төрлийн сөнөөгч онгоц 40-ийг, 2032 он гэхэд 120-ийг үйлдвэрлэн гаргах зорилт тавьжээ. Сөнөөгч онгоцны үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр дагаад 100 мянган ажлын байр шинээр бий болно гэж төсөл хэрэгжүүлэгчид тооцоолж байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин дотооддоо сөнөөгч онгоц үйлдвэрлэсэн нь Өмнөд Солонгос улсын хувьд бие даасан батлан хамгаалах тогтолцооны шинэ эрин үе эхэллээ гэж дүгнэсэн. Өмнөд Солонгос нь нийт зэвсгийнхээ 65 хувийг дотооддоо үйлдвэрлэх зорилт тавьж байна. Олон улсын хувьд Өмнөд Солонгос дотооддоо сөнөөгч онгоц үйлдвэрлэснээр тус улсын агаарын хүчний хүчин чадал нэмэгдэж, холбоотон АНУ-аас цэрэг зэвсгийн хамаарлаа бууруулахад том алхам болно гэж үзэж байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ дотооддоо үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцны туршилтын загварыг танилцуулжээ   
Үзсэн: 1765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй