Шууд Chart

“Цэргийн албанаас сурсан бүх эрдэм мэдлэгээ амьдралынхаа хэвшил болгож яваарай”

2021-04-21 16:38:57

Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг өнөөдөр хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалаа. Тус ангийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ 2020 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдаж, удахгүй халагдах гэж байгаа дайчидтай уулзаж ярилцахаар зочилсон юм.

Хошууч генерал Д.Ганзориг эхлээд тус ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаярын танилцуулснаар бэлэн байдал, бэлтгэлжилтийг дээшлүүлэх хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цэргийн сургалт бэлтгэл, цэргийн сэтгэл зүйн бэлтгэл, энхийг дэмжих болон бүтээн байгуулалт дахь оролцооны талаар мэдээлэл сонсож, шийдвэрлэх шаардлагатай асуудлыг нь ч тодрууллаа. Дараа нь тэрбээр Хүндэт харуулын тусгай рот, Харуул үйлчилгээний тусгай ротын цэргийн байр, Эрүүл мэндийн төвөөр орж, хугацаат цэргийн алба хаагчдын ар тал, хангалт, үйлчилгээний талаар асууж, тав тух, засвар үйлчилгээний байдалтай танилцлаа.

Хурандаа Ж.Мөнхбаяр 2020 онд ангийн түүхт 96 жилийн ойг тохиолдуулан Хүндэт харуулын тусгай ротын цэргийн байрыг бүрэн шинэчилж засварласан. Үүнд ЗХЖШ-ын удирдлагын дэмжлэг, үе үеийн хүндэт харуулуудын идэвх санаачилга байсан хэмээн онцлон дурдаж, талархал илэрхийлэв. Тэрбээр Харуул үйлчилгээний тусгай ротын цэргийн байрыг энэ жишгээр засварлахаар төлөвлөсөн, хугацаат цэргийн алба хаагчдын аятай тухтай орчныг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулж буйгаа ч нэмж өгүүлж байсан юм.

Хошууч генерал Д.Ганзориг үргэлжлүүлэн 2020 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан, удахгүй халагдах дайчидтай уулзаж, ярилцлаа.

Уулзалтаар “Юуны өмнө эрхэм дайчдадаа Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ нэр төртэй биелүүлсэн явдалд ЗХЖШ-ын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Монгол Улсын Зэвсэгт хүчинд 2020 оны нэгдүгээр ээлжээр татагдсан хугацаат албаны дайчид нь зөвхөн та бүхэн юм. Өнөөдөр эрхэм түрүүч, байлдагч нар "Цэргийн албанаас би юу суралцсан бэ" гээд тунгаан бодож байгаа байх. Цэргийн хэргийн эрдэм мэдлэгээс гадна амьдралдаа хэрэгтэй зан төлөв, тэсвэр хатуужил, цаг төлөвлөлт, итгэл үнэмшил, бахархал омогшил гээд олон ч зүйлийг нэрлэж болно. Миний зүгээс та нарт захих зүйл бол цэргийн албанаас сурсан энэ бүх эрдэм мэдлэгээ амьдралынхаа хэвшил болгож яваарай. Хоёрдугаарт, эрүүл мэнд, бие бялдраа чийрэгжүүлэхэд залуу хүний хувьд санаачилгатай бай. Эрүүл хүн бүхнийг хийж чадна. Хэт техник технологижсон зүйлд дурлаж, сошиал орчинд амьдралынхаа үнэтэй цагуудыг өнгөрөөд байвал ирээдүйд сайн зүйлд хүргэхгүй байх шүү.  Зөв амьдралын хэвшлийг өөртөө бий болгоорой. Гуравдугаарт, залуу эрчүүдийн хувьд нэг их удахгүй гэр бүл төлөвлөж, гэрийн эзэн бөгөөд эцэг хүн болно. Гэрийн эзэн хүн ямар хариуцлагатай байх ёстой вэ тэр бүрийг эр цэргийн албаа хаасан дайчны хувьд түүртэлгүй, нэр төртэй биелүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Та бүхэн амьдралынхаа төлөвлөгөөг наад зах нь 5-10 жилээр харж, түүнийхээ төлөө зоригтой алхам хийж, хичээгээрэй” хэмээгээд хугацаат цэргийн алба хаагчдаас хэтийн болон ойрын төлөвлөгөөнийх нь талаар тодруулж, харилцан ярилцсан юм. Тэд “Халагдаад аавдаа тусалж, малчин болно, урлагийн том зүтгэлтэн болно, албан ёсны зөвшөөрөлтэй PC тоглоомын газар ажиллуулна, хуульч болно, онцгой байдлын алба хаагч болно” гээд өөрийн өөрийн хүсэл мөрөөдлөө илэрхийлж, зарим нь Зэвсэгт хүчний 032 дугаар ангидаа улирч, ахлагчийн албанд шилжихээр хүсэлтээ өгснөө ч дуулгаж, ЗХЖШ-ын даргаас сонирхсон асуултдаа хариулт авч байв. Тухайлбал, “Биднийг халагдахаас өмнө вакцины хоёрдугаар тунг хийх үү, цэргийн дүрэмт хувцастай маань халж болох уу” гэсэн асуултад хошууч генерал Д.Ганзориг “Хоёрдугаар тун хийх хугацаа нь та бүхнийг халагдсаны дараа тохиож байгаа. Гэхдээ бид аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабт хүлээлгэж өгөхдөө хугацаат албаны дайчдаа ямар вакцин хийлгэсэн, хоёрдугаар тун нь хэзээ хийлгэх шаардлагатай вэ гэдгийг албан бичигтэй нь өгнө. Эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж, энэ асуудлыг бүрэн шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг бид илэрхийлнэ. Мөн байлдагчийн асуусанчлан цэргийн дүрэмт хувцастай нь хална, та бүхнийг. Гэхдээ  төрийн хувцсыг дүрмийн бусаар өөрчилж, загварыг нь гажуудуулахыг хатуу хориглоно” гэсэн юм.

Үүний дараа

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Цэргийн албанаас сурсан бүх эрдэм мэдлэгээ амьдралынхаа хэвшил болгож яваарай”  
Үзсэн: 1463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй