Шууд Chart

Б.Батнамсрай: Бүтээсэн дүрээр минь төсөөлж, хууль бус зүйл хийдэг гэж бодох вий гэхээс эмээдэг

2021-04-23 16:09:45

“Бохир ертөнц”, “Хоёр амь”, “Надаар тоглосон хайр”, “Долдугаар тусгай тасаг”, “Сүүн замын сахиул”, “Муу аав” зэрэг уран сайхны кино болон “Замбуулин дуусах болоогүй”, “Бага хаадын үе”,“Улаанбаатар би чамд хайртай”, “Их хотын залуус”, “Гэрлэн дохио” олон ангит кинонд гол болон туслах дүр бүтээсэн жүжигчин Балдоржийн Батнамсрайтай ярилцлаа.

-Та уг нь сэтгүүлч мэргэжилтэй юм билээ. Мэргэжлээрээ ажилласан уу. Яагаад кино урлаг руу урвасан бэ?

-Мэргэжлээрээ ажиллаагүй ээ. Би 2013 онд төгсөх курсийн оюутан байхдаа UBS телевизийн “Tobe or not tobe” театрчилсан шоунд оролцож шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарсан. Шоу үргэлжлэх гурван сар гаруйн хугацаанд урлагийн хүмүүстэй ойртож, дотно нөхөрлөж зөвлөмж, зөвлөгөө авсан. Тэр цагаас л урлагт эргэлт буцалтгүй дурласан.

-Дөрвөн жил сурсан мэргэжлээрээ ажиллахгүй гэдгийг чинь мэдээд аав, ээж тань хэрхэн хүлээн авсан бэ?

-Эхэндээ эсэргүүцэж байсан. Одоо харьцангуй гайгүй. Миний тоглосон дүрүүд дандаа эсрэг дүр байдаг. Түүнээс болоод миний тоглосон кино гарах болгонд аав уурладаг. “Бохир ертөнц” кинонд би хүний наймаачдад зарах зорилгоор нэг жаахан охиныг авч явдаг хэсэг гардаг. Аав тэр киног үзээд юун муухай дүрд тоглосон юм бэ гээд загнаж байсан.

-Нээрээ л таны тоглосон кинонуудыг харахад ихэвчлэн хар бараан дүр байдаг. Та бодит байдал дээр ямар хүн бэ?

-Намайг том биетэй, сахал, үс хурдан ургадаг болохоор найруулагч нар ихэвчлэн эсрэг талын дүр санал болгодог. Тэр дундаа атаман, рекетчин гээд хууль бус юм хийдэг дүр. Ер нь бол би өөрөө сайн талын дүрд тоглохыг хүсдэг.

-Дундаж биетэй, нүдэнд дулаахан царайтай байсан бол найруулагчид эерэг дүрд тоглуулна даа гэсэн бодол төрж байсан уу?

-Хааяа ч тэгж бодогддог шүү (инээв). Гэхдээ миний гадаад төрх байдал хайр дурлалын ч юм уу, мелодрам киноны эерэг дүрд тохирдоггүй байх.

-Та өөрөө ямар дүрд тоглохыг хүсдэг вэ?

-Гүндүүгүй монгол адуучин, малчин эрийн дүр бүтээхийг хүсдэг.

-Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй ихэнх жүжигчин түүхэн дүрд тоглохыг хүсдэг юм билээ. Таны бие хаа, гадна төрх түүхэн дүрд тохиромжтой санагдсан. Гэтэл яагаад энгийн монгол эр гэж?

-Хэдийгээр гадна төрх тохирох ч миний мэргэжлийн ур чадвар түүхэн том дүрд тоглоход дутах байх. Би өөрөө хөдөөгийн, малчин айлын хүүхэд болохоор надад илүү ойр. Тиймээс мэддэг дүрээ сайн бүтээж чадна гэж боддог.

-Драмын жүжигт дүр бүтээе гэсэн хүсэл бий юу?

-2015 онд аз таарч соёлын тэргүүний ажилтан, найруулагч Л.Доржням ахын найруулсан “Балжин хатан” түүхэн жүжигт Дай хун тайжийн дүрд тоглосон. Тухайн үед чадах ядахаараа авсан дүрээ гаргасан. Би яг мэргэжлийн сургуулийг нь төгсөөгүй болохоор драмын жүжигт дүрээ тултал бүтээх хэмжээнд очоогүй гэж боддог.

-Жүжигчин хүний хамгийн аз жаргалтай мөч хэзээ вэ?

-Найруулагч “Мотор” гэж хэлэх мөч. Яагаад вэ гэвэл энэ мөчөөс зураг авалт эхэлж, жүжигчин тухайн орчин, цаг үе, нөхцөл байдалдаа уусаж дүрийнхээ дотор нь орж, тэр хүний амьдралаар амьдарч эхэлдэг.

-Киноны нээлт юм уу, дэлгэцээр өөрийгөө харах мөч гэсэн хариулт хэлэх байх гэж хүлээж байлаа?

-Тэр мөчүүд ч бас гоё л доо. Гэхдээ нээх сайхан дүрд тоглодоггүй болохоор өөрийгөө дэлгэцээр харах сайхан биш ээ. Нэг жишээ хэлэхэд, яаралтай ажил гараад “Бохир ертөнц” киногоо нээлтийн үеэр нь үзэж чадаагүй юм. Тэгээд дараа нь тасалбар аваад үзэгчидтэй цуг үзэж байтал миний тоглосон боссдоо зодуулдаг хэсгийн үеэр ард сууж байсан охин энэ зодуулж байгаа залуу чинь урд сууж байна гээд яриад. Би ичээд гараад явчихсан.

-Таны хайрлаж, хүндэлдэг, үлгэр жишээ авдаг жүжигчин хэн бэ?

-Олон мундаг хүмүүс бий. Тэр дундаа Цагааны Цэгмидийн Төмөрхуяг, С.Болд-Эрдэнэ ахтай ойртож танилцсандаа ч тэр үү мэргэжлийн үүднээс хүндэлж биширдэг. Нэг сонирхолтой түүх өгүүлэхэд “Замбуулин дуусах болоогүй” кинонд миний тоглосон дүр хамтрагчтайгаа хамт эзнээсээ урваад Төмөрхуяг ах руу очдог. Киноны зохиолд Төмөрхуяг ах бид хоёрт мөнгө өгнө гэдгээс өөр зүйл байгаагүй. Тэгээд зураг авалт эхэлж, бид хоёртой уулзаад “Тамхи татмаар байна” гэж хэлдэг. Бид хоёр тамхи гаргаж ирээд асааж өгтөл амандаа зууснаа сорохгүйгээр бид хоёрын зүг тамхиа нулимаад, мөнгө шидчихээд яваад өгдөг. Төмөрхуяг ахын зохиолд бичигдээгүй өөрөө гаргаж ирсэн тэр жаахан тоглолтоос л үзэгчид “Шинэ босс нь тэр хоёрыг урваж ирсэн болохоор итгэхгүй байна. Тиймээс тамхийг нь сорохгүй хаячихлаа” гэсэн бодол төрсөн болов уу. Надад л лав тэгж санагдсан.

-Кино багийнхан зураг авалтад гарахдаа сар болон түүнээс дээш хугацаагаар явдаг. Энэ үеэр хөгжилтэй явдал олон болно биз?

-Тийм шүү. Надад тохиолдсон хамгийн хөгжилтэй явдал гэвэл “Замбуулин дуусах болоогүй” кино багийнхан Төв аймгийн Батсүмбэр суманд кино зураг авч байсан юм. Тэгсэн нэг айлын малын хашаанд өндөр ургасан мод байна. Манай киноны нэг жүжигчин охин энэ юун мод юм бол гэхээр нь “Тоглоод үр хүүхэдтэй болгодог мод гэдэг юм билээ” гээд хэлчихсэн юм. Тэгсэн кино багийн зургаан охин очиж сүү, чихэр өргөөд аргал, хомоол дээр баахан хөрвөөж хэвтсэн гэсэн. Мөн “Бохир ертөнц” киноны нэг жижиг хэсгийг Шангри-Ла зочид буудлын гадаа авсан юм. Тэгсэн дотроос нэг ажилтан нь гарч ирснээ кино зураг авч байна гэдгийг мэдээгүй бололтой рекетчидийн дүрд тоглож байсан залуусыг “Муухай царайтай юмнууд минь битгий энд зогсоод бай. Хол оч” гээд хөөж билээ.

-Ихэнхдээ ширүүн, муухай авиртай хүний дүрд тоглодог болохоор киноноос өөрийгөө хараад айдаг уу?

-Үгүй ээ. Гэхдээ үзэгчид Батнамсрайг тухайн дүрээр нь төсөөлж, дандаа ийм хууль бус зүйл хийдэг хүн гэж бодох вий гэхээс эмээдэг.

-Тав, арван жилийн дараах ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг вэ?

-Ямартай ч өөрийгөө урлагаас хөндийрнө гэж боддоггүй. Харин гэж мөрөөдөж байна.

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

-Танд мөн баярлалаа. Танай сайтын уншигчдад хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Батнамсрай: Бүтээсэн дүрээр минь төсөөлж, хууль бус зүйл хийдэг гэж бодох вий гэхээс эмээдэг  
Үзсэн: 2857 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй