Шууд Chart

Торгон цэргийн ангид албаа нэр төртэй хаасан дайчдыг бэлтгэлээр халлаа

2021-04-30 16:12:36

Энэхүү ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын даргын орлогч, хурандаа Д.Дугаррагчаа оролцож, бэлтгэлээр халагдаж байгаа дайчдад баяр хүргэж, цаашдын ажил, хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн журамт үүргээ биелүүлж, цэргийн жинхэнэ албыг нэр төртэй хаасан түрүүч, байлдагч нарт тус ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаяр хэлсэн үгэндээ “Монгол Улсын иргэн бүр эх орноо батлан хамгаалах, аюулгүй байдлыг сахин хамгаалах эрхэм үүрэгтэй билээ. Та бүхэн 97 жилийн дайчин замнал түүхтэй төрийн торгон цэргийн ангид алба хаах чин хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн ирсэн цаг хугацаа саяхан мэт санагдаж байна. Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, эр цэргийн албанд шамдан боловсорч, энх цагийн манаа, төрийн болон цэргийн ёслол хүндэтгэлийн үүргээ мадаггүй гүйцэтгэсэн та бүхнээр бид бахархаж байна. Сурлага, сахилгаараа үлгэр жишээ байж, эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн эрхэм дайчдаар аав, ээж, ахан дүүс, нутгийн зон олон нь бахархаж, хүндэтгэлтэйгээр угтан авна гэдэг эргэлзэхгүй байна. Эрхэм дайчдыг маань Төрийн ёслолын цэргийн цагаан туг өнө мөнхөд ивээж байх болтугай” гэсэн юм.

Мөн хурандаа Д.Дугаррагчаа “Эрхэм байлдагч,түрүүч нартаа юуны өмнө баяр хүргэе. Та бүхэн эх орон, тусгаар тогтнол ямар их үнэ цэнтэй, цэргийн алба гэдэг ямар сайхан орчин бэ гэдгийг бие, сэтгэлээрээ мэдэрсэн гэдэгт итгэж байна. Аав, ээж, ах дүү, гэр бүл, найз нөхөд, хамт олондоо нүүр бардам очих эрхтэй хүмүүс шүү, та нар. Амьдрал дээр нэгэндээ дэмтэй, ойр дотно яваарай гэж дүү нартаа захья. Цэргийн албанд улирах боломж та бүхний өмнө хэзээд нээлттэй” гээд хугацаат цэргийн албаа үлгэр жишээ заасан зарим дайчдад шагнал, өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулан өгсөн юм.

Халагдаж буй дайчдыг төлөөлж дэд түрүүч С.Мишээлт “Саяхан л бид төрийн торгон цэргийн нэг болж байсан бол өнөөдөр халагдах болчхож. Амьдралын ухаан, цэргийн албаны мөн чанар, сайхныг мэдрүүлсэн нэг жилийг үр бүтээлтэй өнгөрүүлж чадсанаараа бид бахархах хэрэгтэй. Бидний залгамжийг өвлөн үлдэж байгаа дүү нартаа амжилт хүсье. Дүү нараа бид хэзээ ч мартахгүй, цэргийн албаа нэр төртэй хаагаарай, Монгол Улсынхаа төлөө зүтгэе” гэв.

Энэ үеэр нэгэн хүндтэй ёслол болсон ЗХЖШ-ын даргын тушаалаар хугацаат цэргийн албанаас ахлагчийн албанд зургаан байлдагч, дэд түрүүч шилжин, цолоо бусад нөхдийнхөө өмнө гардан авсан арга хэмжээ байв. Хурандаа Д.Дугаррагчаа, хурандаа Ж.Мөнхбаяр нар байлдагч А.Чойжилсүрэн, У.Билгүүн, Л.Баасандорж, Г.Мөнхжаргал, Б.Гантогтох,  Х.Занданбал нарт дэд ахлагч цолыг нь гардуулан өгөөд, ажлын өндөр амжилт хүслээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Торгон цэргийн ангид албаа нэр төртэй хаасан дайчдыг бэлтгэлээр халлаа  
Үзсэн: 2704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй