Шууд Chart

Боловсролын төлөөх үндэсний виртуал чуулган гурав дахь өдрөө үргэлжилж байна

2021-05-05 13:38:01

Тавдугаар сарын 5-ны буюу өнөөдрийн арга хэмжээний эхний хагас 10:00-13:30 цагийн хооронд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Байгаль орчны мэдээлэл сургалтын төв ТББ-тай хамтран зохион байгуулсан “Хүүхдийн эрх-эрүүл, аюулгүй ногоон орчин" сэдэвт хяналтын болон боловсролын байгууллагын хамтарсан хэлэлцүүлэг өрнөсөн.

“ЕБС-ийн үйл ажиллагааг шалгах 6.2 кодтой хяналтын хуудас”-ыг ашиглан сургуулиуд аюулгүй байдлаа тодорхойлох боломжтой



Энэ үеэр М.Нямсүрэн (МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга, доктор Ph.D, дэд профессор): - “Тогтвортой хөгжлийн боловсрол–II” төслийн техникийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүн байгууллагаар сонгогдон ажиллаж байгаагийн хувьд МХЕГ нь боловсролын салбар дахь хяналт шалгалтыг явуулах хуудсыг шинэчилсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг шалгах 6.2 кодтой хяналтын хуудсаар 186 сургуульд шалгалт хийж, MNS 6782:2019 стандарт  шаардлагын хангалтыг үнэлэхэд, сургалтын орчны аюулгүй байдал 49%-тай буюу эрсдэл үүсгэх магадлал хамгийн өндөр байлаа. “Сургууль ба сургалтын орчин“ айн төлөв байдал, ISO 41001 “Facility management” стандартын зарчмаар үнэлэхэд “тодорхойлогдох” буюу бойжилтын 3-р түвшинд байв. Сургуулийн сургалтын орчны хяналтын шалгуурт зориулалтын барилга, сургалтын  зориулсан газар, стандартын шаардлага хангасан анги танхимтай эсэх буюу сургуулийн байр, кабинет, лаборатори, дадлагын газар, сургалтын хэрэглэгдэхүүн, хүрэлцээ, номын сантай эсэх, анги дүүргэлтийн тоо, сургуулийн орчны аюулгүй байдал буюу явган хүний зам, орчны  үнэлгээ, зураглал, хяналт зэргийг харгалзан үздэг.
Мөн сургалтын орчны өөрийн үнэлгээнд барилга байгууламж, эдэлбэр газрын ашиглалт, хамгаалалт, эрүүл аюулгүй, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулсан эко шийдэлтэй, хүчирхийллээс хамгаалах, жендер мэдрэмжтэй гадаад орчны тохижилттой барилга байгууламжтай эсэх, хэрэгцээнд нийцсэн, соёл өв уламжлал, хүүхдийн нас биеийн онцлогт тохирсон тохижилттой эсэх, ус, эрчим хүч, цаас, материалын хэрэглээ, хог хаягдлын ухаалаг менежменттэй эсэх, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний чанар хүртээмж буюу нийгэм, соёл, сэтгэл зүйн орчны таатай байдал, хувийн мэдээллийн нууцлал, ялгаварлан гадуурхалт, цахим дарамтаас ангид, эрүүл мэндийн тусламж, хоол, хүнсний аюулгүй байдлыг бүрдүүлсэн эсэхийг оруулж үнэлдэг.
ЕБС-ийн үйл ажиллагааг шалгах 6.2 кодтой хяналтын хуудасны дэд бүлгүүдийн нэр, агуулга, сургалтын орчин бүлгийн 17 шалгуур үзүүлэлтийг ТХБ-ын зорилттой уялдуулан хүний хөгжилд чиглүүлэн сургуулийн удирдлага, багш, ажилчид, суралцагчид,  эцэг эх, асран хамгаалагчдын эрх ашигт нийцүүлэн  сайжруулсан.
“Сургалтын орчин” бүлгийн шалгуур үзүүлэлтийн өөрчлөлтийг  аймаг, нийслэлийн боловсролын  хяналтын улсын байцаагчид хэлэлцэн хууль эрх зүйн үндсийг судлан тогтоож, МХЕГ-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/27 дугаар тушаалаар  “ЕБС -ийн үйл ажиллагааг шалгах 6.2 кодтой хяналтын хуудас”-ыг шинэчиллээ. Хяналтын хуудсыг шилэн хяналтын цахим системд байршуулснаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 839  ерөнхий боловсролын сургууль өөрийн үйл ажиллагаандаа хэрэглэж, эрсдэл үүсэх магадлалаа тооцох  боломжтой болж байгаагаараа ач холбогдолтой юм.
Цаашид хяналтын хуудасны бүлэг бүрт тохирцын шинжилгээ хийж, хууль, тогтоомжид нийцүүлснээр эрүүл, аюулгүй ногоон орчин бүрдэж, хүүхдийн хөгжил төлөвшилд тогтвортой хөгжлийн боловсролын зорилт шийдлээ олох нэгэн боломж бүрдэнэ" гэв.

Мөн үдээс өмнөх салбар хуралдаанаар "Сургалтын орчин-Хүүхдийн хөгжил санаачилга, хэрэгжүүлэх арга зам" сэдвийн хүрээнд илтгэгч нар илтгэл хэлэлцүүллээ.

Харин өнөөдрийн арга хэмжээний хоёр дахь хагаст буюу 14:00-18:45 цагийн хооронд “Бүх түвшний тогтвортой хөгжлийн боловсролд тулгарч буй онол, практикийн асуудлууд" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

Хурлын үндсэн чиглүүлэгчээр Я.Шийлэгмаа (МУБИС-ийн ЭША-ны дарга Ph.D), Д.Үүрийнтуяа (МУБИС-ийн ГХА-ны дарга, Ph.D) нар ажиллаж байгаа бөгөөд үндсэн илтгэгчдийн төлөөллийг танилцуулъя.

Боловсролын төлөөх үндэсний виртуал чуулганд хүн бүр оролцох боломжтой бөгөөд  эрхэм уншигч та бүхэн www.eduexpo.mn сайтаар зочилж, тус чуулганд оролцоорой.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Боловсролын төлөөх үндэсний виртуал чуулган гурав дахь өдрөө үргэлжилж байна  
Үзсэн: 998 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй