Шууд Chart

Богд ууланд бага насны хоёр хүүхэдтэйгээ хамт төөрсөн эмэгтэйг олжээ

2021-05-13 12:40:15

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв хаяг, байршлаа мэдэхгүй байгаа иргэнд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын “What3words” компанитай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгуулан ажиллаж байна.

Цагдаагийн байгууллага энэхүү “3 үгт хаяг”-ийг энэ сарын 8-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн ба гэмт хэрэг, зөрчлийг түргэн шуурхай илрүүлэхэд дэмжлэг болж байгаа аж. Тухайлбал, энэ сарын 9-ний өдрийн 15:10 цагт тус төвийн “105” тусгай дугаарын утсанд “Зайсангаас Богд уулын Түшээ гүн оргил руу 3, 11 настай хоёр хүүхдээ дагуулаад өглөө 9 цагийн үед гараад, төөрчихлөө. Модон дунд 6 цаг орчим явчихлаа. Хүүхдүүд маань айгаад, өлсөөд уйлаад байна, туслаарай...” гэх дуудлага бүртгэгджээ. Дээрх төөрсөн иргэний байршлыг “3 үгт хаяг”-ийн тусламжтайгаар тодорхойлж, утсаар газарчлан олж, “Нүхт”-ийн ам руу буулгасан байна.

Мөн энэ сарын 11-ний өдрийн 00:40 цагт тус төвийн “102” тусгай дугаарын утсанд бүртгэгдсэн “Шарга морьтоос хойшоо нэлээн яваад айлын зуслангийн байшинд ирсэн чинь, манай нөхөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна. Би маш их айж байна. Харанхуйд байршлаа мэдэхгүй, утсаар олон дахин ярих боломжгүй байна, туслаарай...” гэх дуудлагыг “3 үгт хаяг”-ийн тусламжтайгаар байршлыг тодорхойлж, олж очин, тусламж үзүүлж, гэмт үйлдлийг таслан зогсоожээ.

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын нийслэл Лондон хотод 2013 онд бүтээгдсэн “what3words буюу 3 үгт хаяг” нь байршлыг тогтоох хамгийн энгийн шийдэл юм.

Сонирхуулахад, “3 үгт хаяг”-ийн технологи дэлхийн гадаргууг 3х3 метр дөрвөлжнүүдэд хувааж тус бүрд нь гурван үгийн хослолыг оноож өгснөөрөө давуу талтай, шинэлэг хаягжилтын технологи юм. .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Богд ууланд бага насны хоёр хүүхэдтэйгээ хамт төөрсөн эмэгтэйг олжээ  
Үзсэн: 2579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй