Шууд Chart

Хөвсгөл аймагт 2024 он хүртэл нэг сая мод тарьж, ургуулахыг зорьж байна

2021-05-15 17:10:19

Хөвсгөл аймгийн “Авьяас” сургуулийн хамт олон сурагч, төгсөгч, эцэг эхчүүдийнхээ оролцоотой сургуулийнхаа талбайд 1000 мод тарилаа. Мод тарих, мод үржүүлгийн бичил талбай байгуулах, сурагчдын дунд “Модны үнэ цэнэ, ач тус” сэдвээр гар зургийн уралдаан зарлаж, дүгнэх зэрэг ажлыг “Амгалан дэлхий” ТББ санаачлан, “Авьяас” сургуультай хамтран хийж байгаа нь энэ юм. Тус төслийн нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан тэргүүтэй аймгийн удирдлагууд оролцож аймагтаа нэг сая мод тарьж, ногоон суварга босгоё” аянаа танилцууллаа. 

2024 он хүртэл үргэлжлүүлэх тус аянаар нэг сая модыг тарьж, арчлан тордож ургуулахаар Хөвсгөл аймаг зорьж байна. Тус аймагт сүүлийн таван жилд 120 орчим мянган ширхэг мод бут суулгасан ч иргэд модоо арчлан тордож ургуулах мэдлэг, мэдээлэлгүйн улмаас үр дүн багатай байдаг гэж мэдэгдлээ. Иймээс “Ногоон суварга” аяны хүрээнд мэргэжлийн байгууллагууд иргэд аж ахуйн нэгжид мэдээлэл, зөвлөгөөг тогтмол өгч ажиллахаар болсон байна.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Их-Уул, Жаргалант сумын газар нутгийн 70-80 хувь нь, Галт, Мөрөн, Шинэ-Идэр, Цагаан-Уул, Тосонцэнгэл, Баянзүрх, Рашаант сумынх 25-43 хувь нь цөлжилттэй, газрын доройтолд орсон судалгааны дүн гарсан учраас  “Ногоон суварга босгоё”  аяныг өрнүүлэхээр болсон гэдгээ Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан онцолж байлаа.

Энэ аяны хүрээнд Тогтвортой хөгжил түншлэлийн “Амгалан дэлхий” ТББ хүүхдийн орчинг моджуулах “Амгалан дэлхий” төслөө Хөвсгөл аймгийн төрөлжсөн сургалттай “Авьяас” сургуулиас хэрэгжүүлж эхэлснээ мэдэгдлээ.  

 “Амгалан дэлхий” ТББ-ын тэргүүн Д.Даваадулам “Ногоон суварга бүтээх хөвсгөлчүүдийнхээ үйлсэд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна. Тэгшхэн сайхан гудамтай, эмх цэгцтэй хороололтой, өөрийн гэсэн өвөрмөц байшин хаустай Хөвсгөл аймгийн сум суурин саглагар модтой, ногоон гоёлтой бол улам ч сайхан орчин бүрдэнэ. Мод тарихад ихээхэн  хөрөнгө мөнгөтэй байх, эсвэл их хөрөнгө чинээтэй, “өглөгийн эзэн” ирж хийнэ гэж хүлээвэл гэнэн хэрэг болно. Зүгээр л айл болгон хашаандаа хүүхдийнхээ тоогоор мод таръя, байгууллага болгон мод суулгая. Ургахгүй нь, болохгүй нь гэж хэлэх эрх хангай нутгийнханд үгүй юм аа гэж бид уриалж байна” гэж ярилаа.  

Төслийн хүрээнд тус ТББ Хөвсгөл аймагт 1000 мод хандивлаж, цаашид орон нутгийн иргэдийг  модоо үржүүлэхэд нь зориулж биологийн ухааны доктор, байгаль орчны гавьяат ажилтан Н.Чимид дендерлогичийн “Хажуу газар ургадаг хайлаас мод” төслийг “Авьяас” сургуульд гардууллаа.

Төслийг хамтран хэрэгжүүлэгч төрөлжсөн сургалттай “Авьяас” сургуулийн нийгмийн ажилтан Г.Батцэцэг ярихдаа “Хүүхдүүдэд мод үржүүлгийн тухай мэдлэг олгох, байгаль орчноо хамгаалах ажилд уриалахдаа хэлээд өнгөрөхөөс илүү томчууд өөрсдөө мод тарьж үлгэрлэн харуулсан нь үр өгөөжтэй. Хөвсгөл аймгийн засаг даргын санаачилсан хөтөлбөрийн хүрээнд “Амгалан дэлхий” ТББ-ын дэмжлэгээр сургуулийнхаа хашаанд 900 ширхэг хайлаас суулгалаа. Ингэж мод тарьж, үрсэлгээ суулгах нь хүүхдүүдэд байгалийн ухааны хичээлээр заалсгаснаа бодитоор мэдэрч сурах боломж олгож байна. Сургуулийн орчин ийнхүү хүүхдэд ээлтэйгээр тохижиж байгаад нийт багш, ажилчид талархан хүлээн авч идэвх санаачлагатайгаар оролцож байна” гэлээ.  

Мөн “Амгалан дэлхий” ТББ, “Авьяас” сургуулийн “Модны үнэ цэнэ, ач тус” сэдвээр хамтран зохион байгуулсан гар зургийн уралдаанд нийт 40-өөд бүтээл ирсэн байна. Тэднээс “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 3-р ангийн сурагч Б.Уянгацэцэг, “Авьяас” сургуулийн 8-р ангийн сурагч А.Энх-Ундрал нар тэргүүн байр, “Авьяас” сургуулийн 5-р ангийн сурагч Б.Аззаяа, “Рашаант” сургуулийн 8-р ангийн сурагч Б.Сугарнаран нар хоёрдугаар байр, “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 2-р ангийн сурагч Б.Ариун-Эрдэнэ, 3-р ангийн сурагч Номунгоо, Нутгийн аваргууд сургуулийн 8-р ахнгийн сурагч З.Үнэнбаяр, “Хатгал” сургуулийн 9-р ангийн сурагч Г.Дэлгэрмаа нар гуравдугаар байранд шалгарлаа.

Уралдаанд оролцсон нийт сурагчид хашаандаа сайхан төгөлтэй болоорой гэж зохион байгуулагчид нь жимсний бут, хайлаас бэлэглэсэн байна. Хүүхдийн орчныг моджуулах “Амгалан дэлхий” төсөл цаашид Хөвсгөл аймгийн гэр хорооллын сургууль, цэцэрлэг, халамжийн газарт үргэлжлэн хэрэгжих юм байна.


Хөвсгөл аймагт 2024 он хүртэл нэг сая мод тарьж, ургуулахыг зорьж байна   
Үзсэн: 458 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй