Шууд Chart

Д.Дэмбэрэлсайхан: Нэг удаа сум тавихад 30-35 кг ачаа өргөх хэмжээний бяр чадлыг гаргадаг

2021-06-04 11:34:46

Би “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цехэд тоног төхөөрөмжийн засварчнаар ажилладаг. Сүүлийн 10 жил үндэсний сурын спортоор хичээллэж эхэлсэн. Хангарьд спорт клубын тамирчин. 2016, 2020 онд хоёр удаа улсад түрүүлж "Даян мэргэн" цолны болзол хангасан.

Ер нь бүх төрлийн спорт хүнээс тэсвэр хатуужил шаарддаг. Гэхдээ сур харваа арай илүү тэсвэр хатуужил, мэдрэмж шаарддаг гэж боддог. Цаг агаарын ямар ч нөхцөлд үндэсний сур харваа эхэлсэн бол дуусна гэж байхгүй. Цас, бороо, салхи, нар гээд ямар ч нөхцөлд явж л байдаг. Энэ нөхцөл байдлыг зөвөөр тооцоолох, дээрээс нь өөрийн биеийн байдал, сэтгэлзүй, нум сумны байдал зэргийг маш нарийн тооцож байж байгаа онодог.

Нэг удаадаа дөрвөн сум харвана. Эхний удаад оносон ч хоёр дах сумаа тавихад салхины хурд, чиг өөрчлөгдөж болно. Тэгэхээр нэг хэмэндээ харваад байж болохгүй. Дээрээс нь нумыг хулс модон дээр бод малын шөрмөс нааж, байгалийн түүхий эдээр урладаг. Ингэж урласан Монгол урлаачийн нум халуунд зөөлөрч, хүйтэнд хатуурч байдаг. Хатуу нумны сум чигээрээ гардаг бол зөөлөн нумны сум хөөрөлттэй гарна. Хөөрөлттэй сум салхинд цохиулах магадлал их.

Тэгэхээр цаг агаар, нумны байдлаа зөв тооцоолж байж л байгаа ононо. Энэ бүгдийг нумаа татаж, сум тавих хүртэлх хугацаанд маш нарийн, няхуур тооцно. Харваач бүр янз бүрийн хугацаанд сумаа тавьдаг. Миний хувьд 7 орчим секундэд бүх тооцооллоо хийж сумаа тавьдаг. Мөн нум сумны жин янз бүр байдаг. Миний нум 60-65 паунд жинтэй. Нэг удаа сум тавихад 30-35кг ачаа өргөх хэмжээний бяр чадлыг гаргадаг. Тэгэхээр үндэсний сурын спорт тэсвэр хатуужил, хүч чадлаас гадна маш өндөр хэмжээний зургаа дах мэдрэхүйг шаарддаг спорт юм.

Түүнчлэн нэг зүйлийг нэмээд хэлэхэд үндэсний сур өөрөө багийн спорт биш, дээрээс нь бөх шиг хоёр хүн тулаад тэмцэлдээд байдаггүй. Өрсөлдөгч нь өөрөө л байдаг. Өөрийгөө ялан дийлж байж л амжилт гаргана гэдгийг өнгөрсөн хугацааны туршлагаасаа олж авсан.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Дэмбэрэлсайхан: Нэг удаа сум тавихад 30-35 кг ачаа өргөх хэмжээний бяр чадлыг гаргадаг  
Үзсэн: 1178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй