Шууд Chart

Үр хүүхдийнхээ эдлэх хүрээлэн буй орчныг хамгаалснаар хойч үе илүү эрүүл, аюулгүй орчинд амьдарна

2021-06-11 14:51:51

Тодруулбал, Дэлхийн байгаль орчны өдрийг Монгол Улсад тэмдэглэн өнгөрүүлсэнтэй холбогдуулан “Алсын Хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан ойн бүсийг хамгаалах, нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын үйл хэрэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор “Пипл ин Нийд”, БНЧУ-ын ЭСЯ, “Каритас Чех Репаблик” хамтран өнгөрсөн долоо хоногт Богд-Хан ууланд мод тарьсан юм. 

Дээрх арга хэмжээний үеэр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский “Ойжуулалтын чиглэлд Чех Улс Монгол Улстай нягт хамтран ажилласаар ирсэн. Менделийн их сургууль, Ойн менежментийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд ойн урт хугацааны менежмент, хөгжүүлэлтийн арга зүйгээр хангаж ажилласан ба онцгой генетикийн чанар бүхий модыг тодорхойлох, бүртгэх арга зүй, мод үржүүлгийн материалыг бий болгох үр дүнтэй аргачлалыг нэвтрүүлэн, цогц арга барилууд буюу мод үрслүүлэх, хөрс бэлтгэх, үр дүнтэй тариалалт, зулзаган мод, суулгацыг хамгаалах аргуудыг санал болгож, нэвтрүүлж ажилласан. Брно дахь Менделийн их сургуулийн хувьд Монголын ойн салбарын залуу мэргэжилтнүүдийг бэлтгэсээр байгаа бөгөөд энэ жилээс Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй ойн аж ахуйн томоохон төсөлд олон улсын их дээд сургуулийн консорциумыг удирдана” гэсэн юм.

Мөн “Пипл ин Нийд” олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч, Тим Женкинс “Дэлхийн байгаль орчны энэ өдөр болон бусад үед ч манай байгууллага уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах чиглэлд Монгол Улсын Засгийн газар болон ард иргэдийг дэмжиж ажилладаг бөгөөд цаашид ч дэмжсээр байх болно. Бидний хувьд үр хүүхдүүдийнхээ эдлэх ёстой хүрээлэн буй орчны эрхийг нь хамгаалах ёстой бөгөөд ингэснээр тэдний ирээдүй хойч үеийнхэн илүү эрүүл, аюулгүй орчинд амьдарна” гэв.

Түүнчлэн Каритас Чех Репаблик ОУТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Яна Жилкова “Монгол орны нийт газар нутгийн дөнгөж 11.8 хувийг ой эзэлдэг нь харьцангуй бага ой модтой гэсэн үг. Бид бүгдээрээ мод тариад зогсохгүй, одоо байгаа ойн сангаа хамгаалах шаардлагатай байна. Монголын биологийн олон янз байдал, экосистем баялаг байдлыг бид байгалийн үнэт эрдэнэ гэж авч үзэх хэрэгтэй. “Каритас Чех Репаблик” байгууллагын хувьд энэхүү санаачилгад нэгдэж байгаадаа туйлын баяртай байгаа ба Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар болон Европын холбооны “Свич-Ази” (Switch Asia) хөтөлбөрийн харамгүй тусламж, дэмжлэгт гүнээ талархсанаа илэрхийлье. Бид бүгд хамтдаа ногоон, тогтвортой эдийн засагт шилжиж чадна” хэмээв.

1974 оноос хойш 6 дугаар сарын 5-ны өдрийг НҮБ-ын гишүүн орнууд “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэ жилийн хувьд НҮБ-ын 2021-2030 он хүртэлх экосистемийг сэргээх арван жилийн албан ёсны нээлт “Дэлхийн байгаль орчны өдөр”-өөр тохиосон. 

Монгол Улс ойн хомстол, доройтлоос улбаалсан экологийн сөрөг үр дагавартай тулгараад байгаа бөгөөд Засгийн газрын зүгээс ойг хамгаалах ажилд сүүлийн жилүүдэд анхаарлаа хандуулж ан амьтдыг хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалж авч үлдэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн үр нөлөөг сайжруулах, цөлжилтийг багасгах, хянах зорилт тавин ажиллаж байна. 

Ташрамд дуулгахад “Каритас Чех Репаблик” олон улсын төрийн бус байгууллага Монгол Улсад анхны төслөө 2006 онд эхлүүлсэн байдаг. Байгууллагын эрхэм зорилго нь боловсрол, тогтвортой хөгжлийг дэмжих, орон нутгийн иргэд, алслагдсан бүлгүүдийг чадавхжуулах замаар олон мянган хүний амьдралыг сайжруулах явдал юм. 2006 оноос хойш тус байгууллага 15 аймагт 20 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилласан бөгөөд сургуулийн өмнөх болон мэргэжлийн боловсрол, нийгмийн ажил, амьжиргааг дээшлүүлэх, хүмүүнлэгийн тусламж, байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, дахин боловсруулалтын чиглэлд онцгой анхаарч ажиллаж байна.

Харин “Пипл ин Нийд” олон улсын байгууллага Монголд 2009 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд орон нутгийн иргэдийг чадавхжуулах, хүний эрх, тэгш боломжийг сайжруулахаар зорин ажилладаг юм. Түүнчлэн онцгой байдлын тусламж үзүүлэхээс гадна хоршоо, иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн удирдлагын чадавхыг бэхжүүлж, тогтвортой амьжиргааг дэмжих, дээд боловсролыг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж байна. Тус байгууллага Бүгд Найрамдах Чех Улс болон Европын холбооноос санхүүжилттэй олон төсөл хэрэгжүүлж ирсний дийлэнх нь хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах болон тогтвортой амьжиргааг дэмжихэд чиглэжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Үр хүүхдийнхээ эдлэх хүрээлэн буй орчныг хамгаалснаар хойч үе илүү эрүүл, аюулгүй орчинд амьдарна  
Үзсэн: 731 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй