Шууд Chart

Хог хаягдлаа багасгаж, өдөр бүр хэмнэх 10 туршлага

2021-06-14 14:32:55

.

“Өдөр бүр хэмнэе”

Манай улсын нийт хог хаягдлын 90.9 хувь нь ахуйн гаралтай хог хаягдал байдаг гэсэн судалгаа бий. Ахуйн болон өргөн хэрэглээний ихэнх бүтээгдэхүүн байгальд шингэдэггүй сав, баглаа, боодолтой байдаг билээ. Та бид харин ухаалаг худалдан авалт хийснээр мөнгөө хэмнэхийн сацуу хог хаягдлаа багасгах боломжтой юм.

Б.Эрдэнэсувд: Өдөр тутмын ахуйн хог хаягдлаа багасгадаг

Гэрийн нөхцөлд эко саван, даавуун уут, мөн кофены шаараар гуужуулагч, самраар үнэртүүлэгч хийх, хаягдал цаасыг дахин ашиглах боломжтой. Мөн хуванцар дахин ашиглах төхөөрөмж бүтээж, хаягдал хуванцраар таваг үйлдвэрлэсэн байна. Түүнчлэн олон дахин ашигладаг цэвэрлэгч хөвөн,  хулсан сойз, сарын тэмдгийн аяга, даавуун ариун цэврийн хэрэглэл зэрэг эко бүтээгдэхүүн ашиглаж хэвшжээ.

Хашаандаа сайхан амьдарч буй бүтээлч гэр бүл

Ажилсаг хичээнгүй Д.Мөнхнастын гэр бүл ундааны сав, шил, хаягдал тоосго, яс, цаас зэрэг зүйлсийг дахин ашиглаж, гэр хашаагаа тохижуулснаар 8 сая гаруй төгрөг хэмнэж, төдий хэмжээний хог хаягдлыг бууруулж чаджээ.

М.Маргад: “Айл бүр өдөр бүр хэмнэе” урианд нэгдсэн

Тэрбээр хүнсээ цуглуулахдаа ч хариуцлагатай хандаж даавуун тор, хүнсний ногооны зориулалтын уут хэрэглэдэг. Хог бага гардаг бүтээгдэхүүн сонгохоос гадна, зайлшгүй гардаг хог хаягдлыг ангилж, дахивар авдаг газарт нь сар бүр тушааж хэвшжээ.

“Эрүүл, эко амьдралын хэв маягтай Хэжи” комикийг бүтээгч Ц.Хэрлэн

Эмх цэгцтэй, эко амьдралын хэв маягтай Хэжи болон хэтэрхий үрэлгэн Золбоо хоёрын тухай комик нэг удаагийн хэрэглээнээс татгалзаж, байгальд ээлтэй амьдрах нь санхүүгийн зардлаа багасгахад нэмэртэйг харуулжээ.

Хогоо ангилах туршлагаа хуваалцсан С.Энхмандах

Энхмандах 2 жилийн өмнөөс хогоо ангилан ялгадаг бүлэгт нэгдсэнээр энэ талын мэдлэгтэй болж, амьдралдаа хэвшүүлжээ. Хэрвээ бид хот даяараа эх үүсвэр дээр нь хогоо ангилж чадвал айл өрхөөс гарч буй хог хаягдлын 60-аас дээш хувийг дахин боловсруулах боломжтой. Үүнийг бодит ажил болгоход иргэд сайн дураараа оролцох нь маш чухал юм. Айл өрхүүд “Царцаа ногоон” дуудлагын дахивар тээвэрлэлтийн үйлчилгээг авч, үйлдвэрт хүргүүлэх боломжтой аж.

Ковидын үед хэрэглээгээ танаж, хог хаягдлаа багасгасан Б.Намар

Тэрбээр саван, ванны бөмбөлөг, аяга угаагчийг гэрийн нөхцөлд үйлдвэрлэснээр жилд 800,000 төгрөг хэмнэдэг аж. Мөн хаягдал сониноор сагс сүлжих, модон багс, модон сам, олон удаагийн төмөр соруул, хатуу шампунь сонгох, өөрийн аягаа авч явж үйлчилгээний газраар үйлчлүүлснээр хог хаягдлыг бодитойгоор бууруулахаас гадна мөнгөө ч хэмнэх боломжтой ажээ.

Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар сургуулийн бүтээлч багш нар

Ховд аймгийн Жаргалант 2 дугаар сургуулийн багш нар өндөгний сагсаар суухад эвтэйхэн сандал хийжээ.

Зөв хэрэглээг хэвшүүлсэн сурагч Б.Алтангэрэл

Баянхонгор аймгийн сурагч Б.Алтангэрэл 6-8 дугаар ангид сурах үедээ ундаа, амттанд зарцуулсан мөнгөө тооцож үзэхэд 4.8 сая төгрөг болсон аж. Харин ахлах ангид орсноосоо хойш нэг удаагийн савтай ус ундаа авахаа больж, гэрээсээ эрүүл хоол хийж авч явдаг болсноор мөнгөө ч хэмнэж, эрүүл мэндээ ч хамгаалдаг болжээ. Ийнхүү хэмнэсэн мөнгөөрөө өөрийгөө хөгжүүлэх, давтлага дугуйланд хамрагдах боломжтойг ойлгосон аж. 

Д.Уянга: Худалдан авахаасаа өмнө ахин нэг асуугаарай

Уянга аяга угаагч шингэн, арьс арчилгааны бүтээгдэхүүн, шүдний оогоо өөрийн гараар хийж хэрэглэдэг. Тэрбээр аливаа худалдан авалт хийхийн өмнө “Энэ бүтээгдэхүүн байгальд хэр удаан задардаг вэ?”, “Үүнийг худалдан авалгүйгээр өөр юугаар орлуулж болох вэ?” гэдгийг гол шалгуур болгодог байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хог хаягдлаа багасгаж, өдөр бүр хэмнэх 10 туршлага  
Үзсэн: 1475 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй